Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлжээ

2015 оны 11 сарын 18

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан иргэдээс ирсэн газрын маргааны асуудлыг хэлэлцсэн юм. Маргааныг иргэн Д.Янжинхоролоо, Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүсээс ирүүлжээ.

Маргаан гаргасан асуудал нь:

“Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож болохоор зааж, ийнхүү тохиролцсон бол гагцхүү нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарснаар газрыг албадан дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан байна” гэжээ.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж шийдвэрээ гаргажээ. Ингэхдээ дээрх зохицуулалт нь иргэний газраа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шүүхийн хяналтаас гадуур байх боломж бий болгож улмаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг, мөн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргажээ.

Тиймээс өнөөдрөөс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн холбогдох заалт, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсгийн үйлчлэлийг түдгэлзүүлэхээр болсон байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна