Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлжээ

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан иргэдээс ирсэн газрын маргааны асуудлыг хэлэлцсэн юм. Маргааныг иргэн Д.Янжинхоролоо, Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүсээс ирүүлжээ.

Маргаан гаргасан асуудал нь:

“Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож болохоор зааж, ийнхүү тохиролцсон бол гагцхүү нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарснаар газрыг албадан дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан байна” гэжээ.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж шийдвэрээ гаргажээ. Ингэхдээ дээрх зохицуулалт нь иргэний газраа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шүүхийн хяналтаас гадуур байх боломж бий болгож улмаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг, мөн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргажээ.

Тиймээс өнөөдрөөс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн холбогдох заалт, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсгийн үйлчлэлийг түдгэлзүүлэхээр болсон байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж