Нийслэлийн 4180 айл өрхийн цахилгаан хангамж сайжрав

2015 оны 11 сарын 18

Сэтгүүлч:
Улаанбаатар

Нийслэлийн 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон холбогдох албаны хүмүүс “Улаанбаатар цахилгаан түгээх төв” ХК-ийн Зүүн түгээх төв, “Амгалан” дулааны станц, Улаанбаатар дэд станцын ажилтай танилцлаа. Энэ үеэр инженер хангамжийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа танилцуулж, нүүрсний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаснаа үзүүлэв.

“Амгалан” дулааны станцын удирдлагууд “Станц ашиглалтанд орсноор 6, 12, 13 дугаар хорооллын дулаан хангамж эрс сайжирч, хотын агаарын бохирдол буурч байгаа юм. Хамгийн холын хэрэглэгч хүртэл 25 км шугамаар дулаан эрчим хүчийг дамжуулж халаалтаа бүрэн авч чадахгүй байгаа хүндрэлтэй цэгүүдийг дулаанаар хангасан. Мөн хотын баруунаас зүүн тийш хүртэлх хэрэглэгчдэд дулааныг жигд хүргэж горим тохируулга хийхэд хүндрэл учирдаг байсан. Энэ бэрхшээлийг шийдэж байгаад таатай байна” гэлээ.  

Харин “Улаанбаатар цахилгаан түгээх төв” ХК-ийн Зүүн түгээх төв 2015 онд Хужирбуланд Хороо, Хадат фидерүүдийг залгаж айл өрхийн ачааллыг хөнгөлснөөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 1150 айл өрхийн цахилгаан хангамж эрс сайжирсан. Мөн хөрөнгө оруулалтын ажлаар Дамбадаржаа, Шарга морьт, Билгүүний энгэр буюу Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2230 айл өрхийг цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэртэй болгов. Майхан толгой, Санзай, Тасганы усан сан орчмын 800 гаруй айл өрхийн хүчдэлийн уналтыг сайжруулах ажил хийж нийт 4180 айл өрхийг гэрэл гэгээтэй дулаан өвөлжих боломжоор хангасан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна