Дүрэм, конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

2015 оны 11 сарын 18

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.11.18/ хуралдаан 14 цаг 53 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 06-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт хийсэн юм.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ОУЦХБ/ нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт болон мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд анх 1865 онд “Олон улсын телеграфын хороо” нэртэйгээр байгуулагджээ. Тус холбооны төв нь Женев хотноо, Ази, Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Бангкок хотод байрладаг аж. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад дэлхийн 192 орон гишүүнээр элсээд байгаа агаад манай улс 1964 онд гишүүн орноор элсчээ.

ОУЦХБ-ын эрх барих дээд удирдах байгууллага нь 4 жилд нэг удаа хуралддаг Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурал юм. “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дүрэм, Конвенци”-ийг Монгол Улсын Их Хурал 1994 онд соёрхон баталсан бөгөөд 1998 онд АНУ-ын Минеаполис хотноо хуралдсан Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурлаас тус байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Их Хурал 2003 оны 4 дүгээр сард соёрхон баталжээ.

Харин 2010 оны 10 дугаар сард Мексикийн Нэгдсэн Улсын Гуадалахара хотноо хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бага хурлаас тус байгууллагын Үндсэн дүрэм болон конвенцид нэмэлт өөрчлөлт оруулсан тул Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу уг нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагыг үндэслэн энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд манай улс энэ нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар ямар нэг үүрэг хариуцлага хүлээх эсэхийг ажлын хэсгээс тодруулахад Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээллийн технологи, цахилгаан, шуудан холбооны газрын дарга Ц.Жадамбаа “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль батлагдсанаар манай улс ямар нэг үүрэг хүлээхгүй, улсын төсөвт ч дарамт, нэмэлт санхүүжилт шаардагдахгүй. Харин Монгол Улс нь ОУЦХБ-ын гишүүн орны хувьд олон улсын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцох замаар мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, хүний нөөцийг чадавхижуулах, бодлого, зохицуулалтын чиглэлээр туршлага судлах, харилцаа холбооны технологийн туршилтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх ач холбогдолтой” гэсэн хариулт өгсөн юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тус байгууллагын Үндсэн дүрэм болон конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлахыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна