Б.Наранхүүг “эрэн сурвалжилъя”

2015 оны 11 сарын 18

УИХ-ын гишүүн Б.Наранхүү гэгчийг “эрэн сурвалжилбал” яасан юм бэ, цагдаагийнхан.

Дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд тангараг өргөсөн өдрөөсөө хойш гарын таван хуруу ч ихдэхээр тун цөөхөн удаа чуулганы танхимд харагдсан хэмээн хайж байгаа хүмүүс олон байна. Ялангуяа, Дундговийнхон.

Н.Алтанхуягийг огцруулах үед гэнэт гараад ирсэн түүнийг хараад ангийнхан нь “шоконд” орсон гэнэ лээ. Тэр бүр үзэгддэггүй “өдрийн од” харснаа зарим нь билэгшээсэн гэх бол түүнийг “далайсан газар нь далд оруулж, далласан газраа гаргаад ирсэн” шидтэй хүмүүс ч бас УИХ-д байдаг бололтой. Харин зарим нь Н.Алтанхуягийг огцруулахад ажилдаа огт ирдэггүй долоовор хуруу гарч ирээд, сөрөг кноп дарчихаад, экс намын даргынхаа мууг үзсэндээ ичээд тэр чигтээ”бантаад” яваад байгаа гэж өрөвдөж суугаа гэнэ. Харин ганц нэг гишүүн, “Хүний мууд дуртай болохоороо дахин нэг сайдын асуудал хөндөгдвөл гүйгээд ирнэ, харж байгаарай” хэмээн ангийнхантайгаа мөрий тавьсан гэх.

Ямар ч байсан Ардчилсан намаас Дундговийг төлөөлж УИХ-д сонгогдсон түүнийг сонгогчид нь бараг гурван жил “хайжээ”. Тэгээд аргаа барсандаа ангийнхан нь арай “зодоод”, “дарамтлаад”, ажлын байрны хүчирхийлэлд өртсөндөө ажлаа хийдэггүй болов уу гэж дундговийнхон таамаглаж байгаа гэх.

Мөнгөтэй хүн болохоороо үзэгдэж харагддаггүй өнөөх үлгэрийн малгайг олж аваад бусдад харагдахгүйгээр чуулгандаа сууж байдаг ч юм бил үү хэн мэдлээ. Чуулганы танхимд том хар малгай харагдвал түүний дор Б.Наранхүү сууж байж ч магадгүй шүү.

УИХ-д сонгосон нутгийнхаа залууг чуулганы хуралдаанаас тун цөөхөн харсан сонгогчид нь "ангийнх нь нэг гишүүн “алга” болчхоод байхад тоох ч үгүй сууж л байдаг ямар хүйтэн сэтгэлтэй хүмүүс вэ" хэмээн бусад 75 гишүүнийг нь буруутгаж байгаа гэсэн.  Тэгэхээр гишүүд минь халаас, малгай дотор чинь нуугдчихсан ч юм билүү, хайгаад гаргаад өгөөч. Сэтгэл зовсон Дундговийнхон ядаж бүтэн нойртой хоног л дээ.Хи хи хи.

Б.ХОНГОР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна