Г.Баярсайхан сайд Польшийн тусгаар тогтнолын өдөрт баяр хүргэв

2015 оны 11 сарын 18

Бүгд найрамдах Польш улсын тусгаар тогтнолын өдөр энэ сарын 17-нд тохиов. Энэ өдрийг тохиолдуулан БНПУ-ын Элчин сайдын яамнаас “Шангрила” зочид буудлын Ёслолын танхимд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Хүлээн авалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэргүүтэй Монголын төр, засгийн төлөөлөл оролцож , БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Михал Лабенда болон  зочдод хүндэтгэл үзүүллээ.

Ёслолын ажиллагааг Элчин сайд Михал Лабенда болон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар нээж үг хэлсэн юм. Г.Баярсайхан сайд баяр хүргэж хэлсэн үгэндээ манай гуравдагч хөрш болох Европын Холбооны гишүүн Польш улстай уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэх хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглээд хоёр улсын төрйин харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр мөн  “Манай хоёр орын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буй  билээ. Манай УИХ-ын даргын Польшид, Польшийн Сеймийн дэд маршалын Монгол Улсад хийсэн айлчлалууд үр дүнтэй, өндөр ач холбогдолтой болсон нь хоёр талын хооронд өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, улс төрийн яриа хэлэлцээний давтамж хадгалагдаж байгаагийн илрэл гэж үзэж байна. Тогтвортой, эрчимтэй хөгжиж байгаа өнөөгийн Польш орон, Польшийн ард түмний зүгээс Европ болон дэлхий дахинаа ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө гаргаж буй хүчин чармайлтыг монголчууд бид ямагт дэмжиж байдаг бөгөөд манай хоёр орны хооронд хөгжин бэхжиж байгаа найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч хамтын үнэт зүйлстээ тулгуурлан өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байдгийг илэрхийлье” хэмээсэн юм.

БНПУ-ын тусгаар тогтнолын өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л.Болдыг Польшийн төрийн дээд шагнал “Командорын загалмай одон”-гоор шагнасныг Элчин сайд Михал Лабенда гардуулж өглөө.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MOL.GOV.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна