Парист дахин буун дуу гарлаа

2015 оны 11 сарын 18

 

Францын цагдаа нар Парис хотын хойд захад орших Сэнт-Денис дүүрэгт сэжигтнүүдийг хоргодсон нэгэн барилгыг үдээс хойш бүсэлсэн талаар бид мэдээлсэн. Сэжигтнүүд цагдаа нартай буудалцаж, нэг эмэгтэй барилгад тэсрэх бөмбөг дэлбэлж, амиа золиосолжээ. Тусгай ажиллагаанд цэрэг, цагдаагийн 100 гаруй алба хаагч оролцсон байна. Ажиллагаа эхэлснээс хойш нийт долоон удаа дэлбэрэлт болсон талаар Францын телевиз мэдээлжээ.

 

Бүслэлтэд байсан барилгаас цагаан цамцтай эрэгтэй гарч ирэн бууж өгснөөр ажиллагаа дуусжээ. Өмнө нь цагдаа нар гурван сэжигтнийг устгаж, таван хүнийг баривчилсан байна. Ажиллагааны үеэр таван цагдаа хөнгөн шархтаж, нэг энгийн иргэн гэмтжээ. Мөн цагдаагийн нэг нохой үхсэн аж. Баривчлагдсан хүмүүсээс ДНК-ийн шинжилгээ авсан тухай “France 2” телевиз мэдээлэв.

 

 

Буун дуу сонсогдсоноос хойш бүтэн таван цагийн турш Сэнт-Денис дүүргийн оршин суугчид айдас түгшүүрт автаад байв. Францын цагдаа, цэргийнхэн Сэнт-Денис дүүргийн автозамуудыг хааж, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

 

Францын цагдаа нар Парисын халдлагыг зохион байгуулсан сэжигтэн Абделхамид Абааоудыг баривчлахаар тусгай ажиллагаа явуулсан аж. Өнөөдрийг хүртэл Абделхамид Абааоудыг Сирид байгаа хэмээн Францын албаныхан мэдээлж байсан юм. Бельгийн Брюссельд өссөн Абделхамид Абааоуд 2014 онд Сирид очиж, “Исламын улс” бүлэглэлд нэгдсэн аж. Цагдаа нар /XI.13/ 89 хүн амь үрэгдсэн “Батаклан” клубийн ойролцоогоос газрын зураг болон “явцгаая” гэсэн мессежтэй гар утас олсноор энэ тусгай ажиллагааг эхлүүлжээ.

 

Сэнт-Денис нь янз бүрийн шашинтай, зүсэн зүйлийн үндэстнүүд оршин суудаг дүүрэг аж. Энд Африк, Алжир, Энэтхэг, Хятад, Турк зэрэг олон орны хууль бус цагаачид оршин суудаг байна.

 

 

 

 

 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС, REUTERS, AGENCE FRANCE-PRESSE, CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна