“Олон улсын терроризм ба аюулгүй байдал” сэдэвт хурал боллоо

2015 оны 11 сарын 18

“Олон улсын терроризм ба аюулгүй байдал” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд боллоо. Хуралд оролцогчид дэлхий дахины анхаарлын төвд байгаа халдлагууд болоод түүнээс хамгаалах аюулгүй байдлын талаар ярилцав. Хурлыг Монгол Улсын Батлан хамгаалахын их сургууль, Терроризмын эсрэг монголын холбоо, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж, Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар нарын эрдэмтэн судлаачид оролцсон юм. Үндсэн илтгэлийг БХЭШХ-гийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж  “Олон улсын терроризм ба үндэсний аюулгүй байдал” сэдвээр тавьсан юм.

Тэрээр илтгэлийнхээ эхэнд “Хүчирхийлэл, хүчирхийллийги төрүүлдэг” хэмээн онцлоод "Олон улсын терроризм түүнээс ангид орших, аюулгүй байдлаа баталгаатай хангах нь бараг бүх улс орны өмнө тулгарч буй хойшлуулшгүй асуудлын нэг болоод байна. Монгол Улс олон улсын терроризмын аюул нүүрлээгүй дэлхийн цөөн улсын нэг мөн хэдий ч, түүнээс сэргийлэх, болгоомжлох, терроризмын хувьд аюулгүй байдлаа хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж, дэлхийн болон бүс нутгийн энэ чиглэл дэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн төлөө байна. Өнөөдөр терроризмын гэнэтийн аюул, эрсдэлээс дархлагдан хамгаалагдсан улс орон бараг байхгүй байна. Монгол Улсын аюулгүй байдал нь хүчирхэг хоёр хөршөөр хүрээлэгдсэн төдийгөөр хангагдахгүй" хэмээн онцолсон юм. Харин дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа  Исламын Улс бүлэглэлийн үйл ажиллагаа, олон улсын аюулгүй байдалд үзүүлж буй сөрөг нөлөө, хандлагын талаар БХЭШХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхбаяр итгэлээрээ дурьдлаа. “Исламын улсын үүсэлд 2003 он: Аль-Тавид вал-Жихад бүлэглэл, 2004 он: Ирак дахь аль-Кайда бүлэглэл, 2013 он: Ирак болон Сири дэх Исламын улс (товчоор Исламын Улс) байна. Исламын улс өнөөгийн байдлаар баруун Ирак, зүүн болон хойд Сирид 5-7 сая хүнтэй нутгийг эрхэндээ оруулан дэд бүтцийг нь мэдэлдээ аван лалын шашны шариа дэглэмийг эзэлсэн газартаа хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Исламын улс Аль-Кайдагаас огт хамааралгүй болж биеэ даасан. Исламын улсын Сири дэх салбар Аль-Нусра фронт Исламын улсаас салан дайсагнах болсон. Ингэснээр Талибан, Аль-Кайда хоёр Исламын улсын эсрэг байна” хэмээн илтгэлдээ онцолсон юм.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MOD.GOV.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна