“АПУ” бүтээгдэхүүний аюулгүйн баталгааг дахин шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

“АПУ” бүтээгдэхүүний аюулгүйн баталгааг дахин шинэчлэв

 

Бүтээгдэхүүний баталгаажилтыг хангасан гайхамшгийг санал болгож байна

Шингэн хүнсний манлай үйлдвэр АПУ компанийн 2015 оныхоо шинэ инноваци, шинэ бөглөөг хэрэглэгч, харилцагчдад танилцууллаа. АПУ компани нь шингэн хүнсний бусад үйлдвэрүүдээсээ анхдагч нь болж бүтээгдэхүүнээ сүүлийн үеийн шинэлэг, найдвартай бөглөөгөөр бөглөж, худалдаанд гаргаж эхэллээ. Италийн “Guala Glosures Group”-ийн үйлдвэрлэдэг олон улсын стандартын шаардлагыг хангасан нууцлал бүхий сайн чанарын бөглөөг оруулж ирж үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байгаа бөгөөд түүнийгээ хэрэглэгч, харилцагч нартаа албан ёсоор танилцууллаа. Тодруулбал, шингэн хүнсний манлай үйлдвэр болох “АПУ” компанийн удирдлагууд энэ оныхоо шинэ инноваци, шинэ бөглөөг хэрэглэгч түмэндээ танилцуулах зорилгоор “Гайхамшгийг нээ” ёслолын үйл ажиллагааг өчигдөр зохион байгуулсан юм. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд тус компанийн Үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхбилэг, “АПУ Трейдинг” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Michael Cockcroft, “Guala Glosures Group”-ийн Маркетинг хариуцсан захирал Anne Seznec, Ерөнхий менежер Giorgio Vinciguerra нарын албаныхан оролцож, үг хэллээ. Мөн АПУ компанийн шилдэг харилцагч нарын төлөөлөл, Монголын ТОП бартендерүүд арга хэмжээнд хүрэлцэн ирж шинэ нууцлал бүхий чанарын баталгаатай бүтээгэдхүүн гарч байгаад баяртай байлаа.

 

Италийн талаас онцгой эрхийн батламжийг гардуулж өгөв

АПУ компанийн хамт олон 2005 оноос эхлэн Италийн “Guala Glosures Group”-тэй хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон шинэ санаа, шинэлэг технологийг нэвтрүүлсэн байна. Харин энэ удаад 2015 оны шинэ технологи болох “TE” системийн дагуу нэвтрүүлж буй “Илэрхий нууцлал” бүхий шинэ бөглөө нь баталгаажилт, нууцлалыг хэрэглэгчдэд илүү мэдрүүлэх тийм технологи, инновацийг шингээсэн өвөрмөц хөгжүүлэлттэй гэдгээрээ онцлогтой аж. “АПУ” компанийн энэхүү шинэ бөглөө нь дэлхийд тэргүүлэгч “Guala Glosures Group”-ийн энэ оны шинэ инноваци төдийгүй тус бөглөөг гурван жилийн турш зөвхөн “АПУ” компани онцгой эрхтэйгээр нийлүүлэхээр болжээ. Ёслолын үйл ажиллагааны үеэр шинэ бөглөөг нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Италийн “Guala Glosures Group”-ийн зүгээс Чанарын баталгаа болон онцгой эрхийн батламжийг гардуулж өглөө. Дашрамд дуулгахад, Италийн “Guala Glosures Group” нь дэлхийн 25 улсад үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд 100 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг томоохон компани юм. Тус компанийн хамт олон жилд ойролцоогоор 14 тэрбум бөглөө борлуулдаг байна.

 

Г.Энхбилэг: Шинэ бөглөөг хаана ч, хэн ч дуурайж хийх боломжгүй

Энэ үеэр “АПУ” компанийн Үйлдвэрлэл үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхбилэгээс зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

-АПУ ХК бөглөөний шинэ инноваци, шинэ технологийг нэвтрүүлж байгаа юм байна. Үүнийг жаахан тодруулаач?

-АПУ ХК шингэн хүнсний салбарт шинэ инноваци, шинэ технологийг үргэлж нэвтрүүлсээр ирсэн. Бид өнөөдөр АПУ компани бүтээгдэхүүний аюулгүйн баталгаа болсон Бөглөөний шинэчлэлийг Дэлхийн №1 бөглөө үйлдвэрлэгч Италийн Guala Closure Group-тэй хамтран ажиллаж зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсондоо баяртай байна.

-Бөглөөний энэхүү инновацийг нэвтрүүлэх ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-Бид бүтээгдэхүүнийхээ бөглөөг шинэчлэх ажлыг жил гаруйн өмнөөс эхэлсэн. Нууцлалын өндөр шаардлага бүхий хэн ч дахин дуурайлгаж хийх боломжгүй тэрхүү бөглөөг хөгжүүлэх саналыг нийлүүлэгч компаниудадбид тавьсан. Харин манай нийлүүлэгч компани болох дэлхийн стандартын шаардлага хангасан Guala Closures Group уг саналыг хүлээн авч хамтран ажиллаж байна.

-Нууцлалын баталгаажилт бүхий бөглөөтэй бүтээгдэхүүн хэзээнээс зах зээлд гарах вэ?

-Бид 2 талаас нууцлалын өндөр түвшин бүхий бөглөөтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. Бүтээгдэхүүн өнөөдрөөс /өчигдөр/ зах зээлд нийлүүлэгдэж байгаа.

-Энэхүү бөглөө Guala Closures Group-ын шинэ бүтээгдэхүүн гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Бидний нэвтрүүлж буй бөглөө нь Guala Closures Group-ийн 2015 оны шинэ бүтээгдэхүүн юм. Олон улсын стандарт бүхий “илэрхий нууцлал”-тай бөглөө нь 6 давхар хамгаалалттай, хэрэглэгч өөрийн гараар лацыг задлан хэрэглэнэ. Энэ нь бүтээгдэхүүний чанарын баталгаа, аюулгүй байдлыг улам нэмэгдүүлж байгаа.

-Та бүхэн онцгой эрхтэйгээр ашиглаж байгаа юм байна. Хэдэн жилийн хугацаатай ашиглах эрхтэй гэрээ хийгдсэн бэ?

-Энэхүү бөглөөг зөвхөн АПУ компани 3 жилийн онцгой эрхтэйгээр ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа. Бид хэрэглэгч, харилцагч нартаа өндөр баталгаажилт бүхий бөглөөтэй бүтээгдэхүүн хүргэх гэж байгаадаа туйлын баяртай байна.

 

Michael Cockcroft: Шинэ бөглөөтэй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг найман мянга гаруй борлуулалтын цэгээрээ түгээхэд бэлэн боллоо.

/“АПУ Трейдинг” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, ноён Michael Cockcroft/

-Юуны түрүүнд “АПУ” компанидаа ”Guala Closure Group” компанитай хамтран энэ их хөрөнгө оруулалт, инновацийг нэвтрүүлж байгаад баяр хүргэе. “АПУ Трейдинг” компанийн хамт олны зүгээс шинэ бөглөөтэй үйлдвэрлэсэн өөрсдийн портфоль дахь бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот даяар болон орон нутгийн 21 аймагт байрлах нийт найман мянга гаруй борлуулалтын цэгээр дамжуулан борлуулалтын цогц шийдэл бүхий системээр түгээхэд бэлэн болсон. Тиймээс энэхүү баярт мөчийг та бүхэнтэй хуваалцаж буйдаа туйлын баяртай байна. Төгс хамгаалалтын шийдэл бүхий чанарын баталгааг давхар бататгасан илэрхий нууцлал бүхий цоо шинэ бөглөөтэй бүтээгдэхүүнүүдийг харилцагч, хэрэглэгч нартаа хүргэхэд бэлэн болсноо дуулгахад таатай байна.

 

Anne Seznec: Манай компани дэлхийд хамгийн томд орох бөглөөний судалгаа, шинжилгээний төвтэй

/“Guala closures group”-ийн Маркетинг хариуцсан захирал, хатагтай Anne Seznec/

-“Guala Closures Group” нь таван тивийн 25 улсад үйлдвэрлэлээ явуулдаг. Түүнчлэн 100 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж, жил тутам 14 тэрбум бөглөө борлуулдаг дэлхийд тэргүүлэгч металь ба хуванцар бөглөө үйлдвэрлэгч компани юм. Бид дэлхийд хамгийн томд тооцогдох бөглөөний судалгаа шинжилгээний төвтэй. Танай компанитай хамтын ажиллагаагаа 2005 онд эхлүүлж даруй 10 гаруй жил тогтвортой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаадаа талархаж байна. “АПУ” компани нь бидний хувьд стратегийн ач холбогдолтой харилцагч бөгөөд тэдэнтэй хамтран ажилладгаараа бид бахархдаг.

Giorgio Vinciguerra:

/“Guala closures group”-ийн Ерөнхий менежер, ноён Giorgio Vinciguerra/

-Энд хүрэлцэн ирсэн ноёд хадагтай та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын шингэн хүнсний салбарын тэргүүлэгч “АПУ” компанитай амжилттай хамтран ажиллаж буйг илтгэх энэхүү үйл ажиллагаанд ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлье. Тус компани нь бидний хувьд стратегийн ач холбогдолтой харилцагч бөгөөд уг харилцагчийнхаа хүсэлтээр “Guala Closures Group” нь 2015 онд илэрхий нууцлал бүхий шинэ бөглөөний “TE” системийг хөгжүүллээ. Энэхүү бөглөө нь бүтээгдэхүүний найдвартай байдал болон өндөр нууцлалыг дахин баталгаажуулж, хэрэглэгчдийг сэтгэл амар чанартай бүтээгдэхүүнээ хэрэглэх боломжийг олгоно. Энэхүү шинэ төрлийн бөглөөг энэ жилээс эхлэн “АПУ” компанитай нийлүүлэх болсондоо баяртай байна. Бидний 2015 оны инновацийн үр дүнд энэхүү цоо шинэ бөглөөг Азиас Монгол улсад, тэр дундаа тус компанитай гурван жилийн турш онцгой эрхтэйгээр нийлүүлэх болсноо мэдэгдэхэд таатай байна. Энэхүү онцгой явдлыг баталгаажуулах үүднээс “Guala Closures Group” нь өөрийн чанарын баталгаа болон онцгой эрхийн батламжийг гардуулан өгч байна.

 

О.Дэлгэрмаа: Манайх “АПУ” компанитай 20 гаруй жил хамтарч ажиллаж байна

/“Номин тавт” трейд компанийн борлуулалт үйлчилээгний салбарын нийлүүлэлтийн менежер О.Дэлгэрмаа/

-Манай компани АПУ компанитай 20 гаруй жил хамтарч ажиллаж байна. Хэрэглэгчдээ зориулан чанарын хувьсал шинэчлэлт хийж байдаг нь үргэлж талархаж байдаг. Цаашдын үйлдвэрлэл хамтын ажиллагаа борлуулалт нь амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж