"Нууц харилцаа" гаргавал хариуцлага тооцох заалт ороогүй гэв

2015 оны 11 сарын 19

"Нууц харилцаа" үүсгэсэн хүнд хариуцлага тооцох нэг ч заалт ороогүй гэв

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг боловсруулахдаа хоёр жил судалгаа хийж, Канад, БНСУ, АНУ, Германы Гэр бүлийн тухай хуулиас санаа авч зарим зүйл заалтыг нэмсэн байна.

Өргөн барьсан хуулийн төсөлд эр эмийн харилцааг хуулиар зохицуулах гурван шинэ заалт орсон. Тодруулбал гэр бүлийн боловсрол эзэмшсэн, мэдлэг мэдээлэлтэй байх. Хосууд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх үүднээс харилцан тохиролцож гэрээ байгуулж болно. Мөн хамтран амьдрагч гэдэг статусыг тодотгож өгчээ.

Энэхүү шинэчилсэн найруулгын төсөлд орсон зарим заалтыг мушгих маягаар сошиал ертөнцөд шуугиан дэгдээд байна. Тиймээс ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгайгаас  тодруулаа.

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдахаас өмнө олон нийт буруу зөрүүтэй мэдээлэл аваад эхэллээ. Тухайлбал гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон иргэнд хариуцлага ногдуулна гэдэг заалт орсон юм уу. Хэрэв ийм заалт орсон бол ямар хариуцлага, хаанаас ногдуулах юм бэ?

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлээс гадуурх амьдралд хариуцлага тооцох тухай нэг ч өгүүлбэр байхгүй. Харин ёс зүйн хариуцлагын тухай заалт байгаа. Яагаад гэвэл гэр бүл итгэлцэл дээр тогтож байдаг. Энэ итгэлцэл дээр тогтож байгаа хариуцлагаа ёс зүйгээр зохицуулж болдог. Энэ талаар буруу мэдээлэл цацагдаж сайн муу хоёр талын шуугиан дэгдээлээ. Хүмүүс ингэж маргаж, цэцэрхэж байхын оронд шинэчилсэн найруулын эх хувилбарыг уншиж болно шүү дээ. Манай ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл www.parliament.mn эсвэл ХАХНХ-ын www.khun.gov.mn сайтад бүрэн эхээрээ тавигдсан. Иймд үнэн, худал мэдээллээ ялгаж байж маргаж, мэтгэлцэх хэрэгтэй.

-Хариуцлага алдсан, гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон иргэнд ямар субект ёс зүйн хариуцлага ногдуулах юм бэ. Энэ талаар нарийвчилсан хуулийн заалт орсон уу?

-Гэр бүлийн тухай хуулийн заалтад гэр бүл, хамтран амьдрагчид гэрээ байгуулж үүрэг, хариуцлага нэмэгдүүлэх тухай хуулийн заалт орсон. Энэ заалт батлагдвал алдаа гаргасан нэгэндээ буюу хосууд бие биедээ ёс зүйн хариуцлага ноогдуулдаг болох юм. Үүнээс гадна хуулийн төслийн 13.11-т Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэсэн утгатай заалт оруулсан. Энэ заалтыг дахин боловсруулж найруулах төлөвлөгөөтэй байна.

-Дээрх асуудлаас гадна гэр бүл болохдоо эмэгтэй хүн цэвэр ариун биеэрээ нөхөртөө ирэх ёстой гэсэн хуулийн заалт оруулсан юм уу. Хүмүүс тийм заалт байсан. Лалын шашинтай улсын хуулийг оруулж хэрэглэх гэлээ гэх мэтээр шүүмжилж байна?

-Юу гэж дээ. Ийм заалт байхгүй. Төрийн баримт бичгийг доромжилж болохгүй гэдгийг би хатуухан хэлмээр байна. Төрийн баримт бичигт ийм заалт ч оруулдаггүй. Энэ яриаг гаргасан Хасын гэгддэг Ч.Ганхуяг, Уул уурхайн Наранбаатар нар гаргасан байна лээ. Ер нь энэ шуугианаас гадна худал цуурхал тараадаг, түүнийгээ сошиал ертөнцөөр цацдаг хүмүүсийг бичиг үсэг мэддэгүй буюу харилцааны соёлгүй хүн гэж үздэг. Би хувьдаа энэ хоёр залууг дэмжиж Монгол Улсад хувь нэмэр оруулах улс төрчид болно гэж үздэг байсан. Гэтэл ийм юмаар нийгмийг өдөөн хатгаж байгаа хүмүүс яаж улс төрч болох юм. Харамсалтай байна.

Т.ДАВААНЯМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна