Эдийн засгийн үзүүлэлтүүд үргэлжлэн унасаар байна

2015 оны 11 сарын 19

Дэлхийн эдийн засаг байгууллага (World Economics) нь сар болгон дэлхийн улс орнуудын болон бүсчилсэн эдийн засаг болоод бизнесийн орчинг үнэлэн, дүгнэлт гаргадаг, ямарваа нэгэн улсын Засгийн газраас огт хамааралгүй байгууллага юм. Тус байгууллагын тооцоолон гаргасан Монгол Улсын 11-дүгээр сарын “Борлуулалтын менежерийн индекс” (Sales Managers’ Index) үзүүлэлтийг орчуулан хүргэж байна.


АРВАН НЭГДҮГЭЭР САР: Эдийн засгийн үзүүлэлтүүд үргэлжлэн унасаар байна.

Борлуулалтын менежерийн индекс (БМИ) Монгол улсын сар болгоны эдийн засгийн үйл ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн үнэлгээг гаргажээ. БМИ нь Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confidence Index), Зах зээлийн өсөлтийн индекс (MGI), бүтээгдэхүүний борлуулалтын индекс (Product Sales Index), Нэрлэсэн үнийн индекс (Prices Charged Index) болон Ажиллагсдын түвшний индекс (Staffing Levels Index) гэсэн таван суурь үзүүлэлтийн дундаж утгууд дээр үндэслэн гаргадаг индекс юм.

Энэ сарын онцлох үзүүлэлтүүд:

  • Бизнесийн Итгэлтэй Байдлын Индекс сөрөг талбарт байрласан хэвээр байна.
  • Зах Зээлийн Өсөлтийн Индекс болон Бүтээгдэхүүн Борлуулалтын Индекс огцом уналт үзүүллээ.
  • Дефляцийндарамт эрчимжиж байна.

Борлуулалтын менежерийн индекс (Sales Managers’ Index)

2015 оны аравдугаар сард 36,1 хувь үзүүлэлтийг харуулж байсан БМИ өнгөрсөн гуравдугаар сараас хойш хамгийн огцом уналтаа үзүүлж, энэ 11-дүгээр сард 34,1 хувь болж, 2 хувиар огцом буурчээ. БМИ нь 50 хувиас дээш үзүүлэлтийг үзүүлэх буюу графикийн эерэг утгын талбайд байрлаж байвал эдийн засгийн өсөлтийг, доош байвал (графикийн сөрөг талбарт байрлавал) бууралтыг илтгэдэг. БМИ-ийн энэ мэт уналт нь ийнхүү нийт 21 сарын туршид тасралтгүй ажиглагдаж байгаа юм. Манай агентлаг энэхүү индексийг анх удаа орчуулан хүргэж эхэлсэн 2015 оны наймдугаар сард энэхүү үзүүлэлт 40.8 хувь байсан бөгөөд энэ сард тэмдэглэгдсэн энэхүү 2 хувийн уналтад бусад таван суурь үзүүлэлтүүдийн бууралт нөлөөлжээ.


Тэгвэл дээрхи суурь үзүүлэлтүүд энэ сард хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэе.

1. Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confident Index)

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурсан болон зээлийн асуудалтай байгаагаас шалтгаалж судалгаанд оролцогч компаниуд ирж буй саруудыг өөдрөг төсөөлөхгүй байна. Өнгрөсөн аравдугаар сард 34.8 хувь байсан Бизнесийн Итгэлтэй Байдлын Индекс нь энэ арван нэгдүгээр сард 31 хувь болж огцом буурчээ. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сараас хойшхи хамгийн доод үзүүлэлт бөгөөд, хэлэлцүүлэгт оролцогчид ирж буй хүйтний улирлын адилаар, бизнес эрхлэхэд хэцүүхэн цаг үе ирж буйг онцолж байв. 2015 оны наймдугаар сард энэ үзүүлэлт 47.1 хувь байжээ.


2. Зах зээлийн өсөлтийн индекс (Market Growth Index)

Судалгаанд оролцогч компаниудын зах зээл дэх байр суурийг илэрхийлдэг Зах Зээлийн Өсөлтийн Индекс нь мөн л өнгөрөгч гуравдугаар сараас хойшхи хамгийн доод үзүүлэлтээ энэ 11-дүгээр сард үзүүлжээ.


3. Бүтээгдэхүүн борлуулалтын индекс (Product Sales Index)

Бүтээгдэхүүн Борлуулалтын Индекс сүүлийн найман сарууд дахь хамгийн доод түвшнээ үзүүлэв. Судалгаанд оролцогчид ийнхүү борлуулалтын хэмжээ муудсаныг зах зээл дэх эрэлт багассантай холбон тайлбарлав.


4. Нэрлэсэн үнийн индекс (Prices Charged Index)

Нэрлэсэн Үнийн Индекс өнгөрсөн аравдугаар сард 39.4 хувь үзүүлж байсан нь мөн адил бууж, 38.2 хувь болжээ. Энэхүү үзүүлэлт нь 2015 оны есдүгээр сараас хойш өсөлт үзүүлээгүй бөгөөд, тухайн үед 40 хувь тэмдэглэгдэж байжээ. Судалгаанд оролцогч менежерүүдийн үзэж буйгаар, Нэрлэсэн Үнийн Индексийн энэхүү бууралт нь зах зээл дэх эрэлтийг тогтворжуулах магадлалтай боловч, газрын тос болон метал бүтээгдэхүүний салбар дахь үнэ нэмэгдсэнээр, компаниудад үнийн дарамт үүсгэх тал бийг онцлов.


5. Ажиллагсдын түвшний индекс (Staffing Level Index)

Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харуулдаг Ажиллагсдын Түвшний Индекс нь сүүлийн арван есөн сарын туршид дараалан бууж байсан бол мөн л бууралт үзүүллээ. Энэ сард тэмдэглэгдсэн бууралтын хувьд 2015 оны гуравдугаар сараас хойшхи хамгийн их эрчимтэй сар байжээ. Ийнхүү ажил олголт буурахад Зах Зээлийн Өсөлтийн Индекс болон Бүтээгдэхүүн Борлуулалтын Индекс буурсан нь нөлөөлсөн байна.


Дэлхийн Эдийн засгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Эд Жонс дээрх үзүүлэлтээс үндэслэн дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд:

“Монгол Улсын Борлуулалтын Менецерийн Индекс нь 2015 оны 11-дүгээр сард сүүлийн есөн саруудын хамгийн доод буюу эдийн засгийн доройтол гэж хэлж болохоор үзүүлэлтээ үзүүлжээ. Ийнхүү буурах болсонд суурь таван үзүүлэлтийн бууралт нөлөөлсөн байна. Эдгээрээс Бизнесийн Итгэлтэй Байдлын Индекс, Зах Зээлийн өсөлтийн Индекс болон Бүтээгдэхүүн Борлуулалтын Индекс огцом уналтыг үзүүлсэн бол, Ажиллагсдын Түвшний Индекс удаан хугацаанд үргэлжилж буй уналтаа дахин үзүүлжээ. Үүнээс гадна дефляцийн дарамт эрчимжиж буй нь харагдаж байна. Дүгнэж хэлэхэд, энэ жилийн эдийн засаг энэ мэт бүрхэг байдлаар өнгөрөх бөгөөд, энэхүү хүндрэлтэй цаг үе ойрын ирээдүйд сайжрах төлөвгүй байна”.

Бэлтгэсэн: Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна