Онцгой байдлын хэлтсээс аврах гарцуудыг шалгалаа

2015 оны 11 сарын 19

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 28 хорооны нутагт байрлах зам, гарц хаасан, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй газруудын судалгааг хороодтой хамтран гаргасан байна.

Судалгаагаар объектын хооронд тусгай зориулалтын автомашин орох боломжгүй 16, объект орчмын зам гарц чөлөөтэй бус  9, нийтийн эзэмшлийн зам талбай хааж хашаа хаалт барьсан 14, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж гарааш, чингэлэг байрлуулсан 6, мухар гудамж гаргасан 214, автомашин очих боломжгүй өндөрлөг газар буусан 54, үерийн аюултай бүст буусан 155, гудамж нарийсгасан 70, өндөр хүчдлийн шугаман дор буусан 26 зэрэг зөрчлийг илрүүлжээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөрчилтэй 25 байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд зам гарц хааж хашаа хаалт барьсан 14 гарцыг чөлөөлсөн байна.

Уг арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Замын цагдаагийн тасаг болон хороодын Засаг дарга нар хамтран ажилласан нь ихээхэн үр дүнтэй ажил боллоо хэмээн дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна