До.Цэнджав: Ишийн Батсүхийн хүүхдүүд аавыгаа амьд байлгаж чадаж байна

2015 оны 11 сарын 19

МЗЭ-ийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Ишийн Батсүх агсны дурсгалд зориулж, түүний гэр бүл, хүүхдүүдийн байгуулсан  “Номын ертөнц” сангаас Дарьгангын соёл, түүхийг түүчээлсэн “Өвгөдийн оршсон нутаг” баримтат кино, “Дарьганга аялгуу” шинэ боть,  нутгийн найрагчдын бүтээлийн “Дарьганга ай-1”, “Дарьганга ай-2” цомог, сэтгүүлзүй, яруу найраг, дурсамжийн “Хүн уул” ном бүтээж, нээлтийг нь хийлээ. Энэ бүх ажлыг санаачилж, уншигч түмнийхээ оюун сэтгэлийг шинэ бүтээлээр байнга сэлбэж яваа хүн бол найрагчийн охин, МЗЭ-ийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Б.Төгсжаргал юм. 

 Тэгвэл шинэ бүтээлүүдийн нээлтийн ёслол, найрагчийн охин Б.Төгсжаргалын төрсөн өдөртэй давхцаж,  утга зохиолын хүрээнийхэн, хэвлэл, мэдээллийнхэн энэ сарын 18-нд “Интерном” дэлгүүрт  хөл ихтэй тэмдэглэв. Энэ үеэр хэл бичгийн ухааны доктор, утга зохиол шүүмжлэгч, судлаач Б.Магсаржав “Миний анд И.Батсүх тал нутгийн уужим сэтгэлт жинхэнэ эр хүн, чин сайхан  нөхөрлөлийн дуулал байлаа. Аавынхаа авьяасыг, ааш занг өвлөсөн охинд нь талархаж байна” гэсэн бол Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол “Б.Төгсжаргалыг нэг талаас харвал аав, нөгөө талаас харвал түүний ээж, найрагчийн гэргийн сайхан сэтгэл нэвт харагддаг” гэв. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, утга зохиол шүүмжлэгч, судлаач До.Цэнджав И.Батсүх агсантай ойрхон нөхөрлөж явснаа дурсч, олон сайхан дурсамж хэлэв.  Найрагчийн дурсгалд зориулсан шинэ бүтээлүүдийг “Интерном” дэлгүүрийн бүх салбараар худалдаалж эхэлжээ.

ИШИЙН БАТСҮХ ГЭЖ ХЭН БЭ?

Түүний тухай ИШИЙН БАТСҮХ /1945-1994/ гэсэн товч намтар Интерном.мн цахим хуудаст байна. Түүнд  “1945 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Ганга нуурын хөвөөнд төрсөн. 1969 онд МУИС-ийг утга зохиолын багш, сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Үнэн", "Тоншуул", "Сүхбаатарын зам" сонин, Монголын радио, МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сурвалжлагч, "Дөл" сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан. Сэтгүүлч, яруу найрагч. 
Монголын Зохиолчдын Эвлэл болон Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн, Ардын хувьсгалын 60,70 жилийн ойн медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, "Ган үзэгтэн" шагналт. Яруу найргийн "Шүүдрийн дусал", "Өглөө", "Зүрхний бичлэг", "Сэтгэлийн суврага", мөн сурвалжлага, нийтлэлийн "Үнэн санаа хүчтэй" ном бичиж, нутаг орныхоо байгалийн гайхамшиг, хүмүүсийн амьдрал, тэдний туулсан зам, зан заншил, өв соёлыг харуулсан "Дарьганга" баримтат киног Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, найруулагч Д.Лхагважав нарын хамт бүтээжээ” хэмээн тэмдэглэжээ. Харин хүмүүсийн зүрх сэтгэлд түүний тухай, жинхэнэ монгол эр хүн, хүн чанарын дуулал, ясны яруу найрагч, чадалтай сэтгүүлч байсан гэх арвин бөгөөд дандаа халуун, дулаан дурсамж үлдсэн байдаг юм. Тиймээс  гэр бүл, үр хүүхдүүдийнх нь зүгээс аавынхаа дурсгалд зориулж бүтээсэн Дарьгангын соёл, түүхийг түүчээлсэн “Өвгөдийн оршсон нутаг” баримтат кино,   “Дарьганга аялгуу” шинэ боть,  нутгийн найрагчдын бүтээлийн “Дарьганга ай-1”, “Дарьганга ай-2” цомог, сэтгүүлзүй, яруу найраг, дурсамжийн “Хүн уул” номын нээлтийн үеэр  зарим хүний сэтгэгдлийг хуваалцсанаа  хүргэж байна.

И.Батсүх агсны  гэргий  Ж.Наранчимэг:

ХҮНИЙ ХАНЬ, ХАДМУУД САЙН БАЙХ НЬ БҮХ АМЬДРАЛЫН ТҮШИГ

-Өнөөдөр бидний хувьд дурсгалтай сайхан өдрийн нэг болж байна. Миний хань  сэтгүүлч, яруу найрагч хүн байлаа. Анх багшийн ажлаас ажил, амьдралын гараагаа эхэлж, Дорнод, Сүхбаатар аймагт сурвалжлагчаар ажиллаж  байсан. Олон түмний  дунд, мэдээлллийн төв цэгт  орж, даацтайхан нийтлэл, сурвалжлага бичсэн нь цөөнгүй. Түүний зэрэгцээ эх орон, ард түмэн,нутаг усаа магтан дуулсан яруу найргийн бүтээлүүдийг туурвиж явсан. Энэ мэт ханийнхаа тухай ярихад олон зүйлийг  дурсах болно. Өнөөдөр болж  байгаа арга хэмжээний тухайд хэлэхэд, энэ ажлыг санаачлан зохион байгуулж байгаа хүн бол аавынхаа мэргэжлийг өвлөн ажиллаж, амьдарч яваа  миний охин, сэтгүүлч, яруу найрагч Б.Төгсжаргал юм. Аавдаа зориулсан дурсамж номын хоёр дахь боть “Хүн уул”, Дарьганга нутгийнхаа тухай “Өвгөдийн оршсон нутаг” баримтат кино, мөн Сүхбаатар аймгийн Дарьгангын тухай олон уран бүтээлчдийн хийсэн шүлэг, яруу найргийн хос цомог гаргасан. Түүнийхээ нээлтийг өнөөдөр хийж байна. Охин минь олон бүтээл туувисан. Өөрийнх нь яруу найргийн хэд хэдэн түүвэр хэвлэгдэж гарсан.  Мөн хятад хэлний орчуулга, толь бичиг, гадаад хэлний редактороор ажиллаж байхдаа хийсэн зүйлүүд, олон сэтгүүлд бичсэн сурвалжлагууд нь бүтээл болж гарсан. Өнөөдөр нээлтийг нь хийж буй шинэ бүтээлийг уншигчдад хамтдаа хүргэхээр хүрэлцэн ирсэн номын садан уран бүтээлчид, уншигч олон, хэвлэл мэдээллийнхэн, найз нөхөд, ах дүү садан, охиныхоо хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.

-И.Батсүх агсны найзууд, зохиолч, сэтгүүлч  нөхөд нь сайхан андаа дурсч байна,  найзынхаа хүүхдүүдийг сайн явааг хараад бахархаж байна гэж ярьж байна. Та хүүхдүүдийнхээ тухай яриач?

-Манайх гурван охин, дөрвөн хүүтэй. Хүүхдүүд маань төрөхөөсөө л ном, соёлын дунд байсан болохоор бүгд номд элэгтэй. Өөр, өөрсдийн сонирхсон чиглэлд мэргэжил эзэмшсэн. Том хүү Б.Барсболд хүүхэд байхын шүлэг зохиол бичдэг, ном зохиол их уншдаг байсан. Тэгэхдээ түүх, уран зохиолын номыг зэрэгцүүлж уншдаг байлаа. Одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Охин Б.Энхтуул маань багш мэргэжилтэй, Герман-Монголын хамтарсан 38 дугаар сургуульд ажилладаг. Түүний дараагийн охин БНСУ-д сургууль төгссөн, соёл судлаач мэргэжилтэй. Солонгост мэргэжлээрээ ажиллаж байна. Хүү Б.Хасархүү маань МУИС-ийг дүүтэйгээ хамт жил дараалан төгссөн. Ном соёлд их ойрхон, түүх судлаач мэргэжилтэй. Хүү Б.Зуунбилэг маань малын эмч мэргэжил эзэмшсэн. Яагаад энэ мэргэжлийг эзэмшсэн бэ гэхээр манай хадам аав тухайн үед Сүхбаатар аймгийн Дарьганга сумандаа  нэртэй  малын эмч байлаа. Одоо ч сум, нутгийнхан нь байнга дурсч ярьдаг юм. Малыг хүнчилж эмчилдэг, эргүү өвчнийг улсад анх удаа эмчилж нээлт хийсэн  хүн байгаа юм. Хадам ээж минь бас малч удмын сайхан хүн байлаа. Охин  Б.Төгсжаргалын маань хувьд багаасаа урлагийн чиглэлээр явсан. Гуравдугаар ангид байхад нь Дорнод аймгийн хүүхдийн бүжгийн “Солонго” чуулгад оруулсан юм.  Дараа нь хөтлөгч болж, сүүлдээ шүлэг бичиж, түүнийгээ уншдаг болсон. Урлагийн хүн болох байх гэж бодож байтал аав нь охиноо миний мэргэжлийг эзэмшээрэй  гэж гэрээслэж үлдээсэн. Ингээд сэтгүүлчийн мэргэжил эзэмшиж, аавынхаа үйл хэргийг үргэлжүүлж, авьяасаас нь өвлөснөө зохиол бүтээлээрээ мөнхжүүлж явна.

-Таныг хань сайтай, хадам сайтай азтай бүсгүй гэж нутгийнхан хэлдэг байсныг санаж байна. Тэр тухай дурсвал?

-Би хань сайтай, хадам сайтай хүн байгаа юм. Хүний хань сайн, хадам сайн байх нь хүний насан туршийн ажил, амьдралын түшиг, хөтөч байдаг юм байна. Амьдралдаа сэтгэл хангалуун явж ирсэн. Одоо ч би өөрийгөө ядарч байна, зовж байна гэж боддоггүй. Надад  амьдралын тийм сайхан хэвшлийг олгож өгсөн сайхан хань, сайхан буурлууд  байлаа.

 

До.Цэнджав:

СҮХБААТАРЫН НАЙРАГЧИД НУТГАА БИШИРЧ ЧАДДАГ, БИЧИЖ ЧАДДАГ

-Хүн мөнхөрнө гэдэг нэгдүгээрт, хүн гэдгээрээ мөнхөрдөг юм байна. Хоёрдугаарт, бүтээл туурвилаараа мөнхөрдөг юм байна. Тэгвэл манай Батсүх агуу их монгол эр хүн гэдгээрээ мөнхөрсөн.  Цэцэн цэлмэг үг яриатай, ханилгаатай, жинхэнэ монгол жудаг гэдэг  тэр хүнд  байсан. Уран бүтээлчийнхээ хувьд сайхан яруу найрагч, сайн зохиол бүтээлтэй. Мөн сэтгүүлзүйн чамбай  бүтээлүүдтэй. Бид хоёр их ойр байж сайхан нөхөрлөж явсан. Хурал зөвлөгөөн болж хотод цуглахад хамт нэг байранд орно, хууч хөөрнө. Тэрийг яривал олон сайхан дурсамж бий. Хамгийн гол нь найзын маань үр хүүхдүүд сайн явж байгаад баяртай байна. Хүүхдүүд нь бүгд уран бүтээлд их ойрхон, бүтээлч сэтгэхүйтэй, тийм сэтгэлтэй. Охин Б.Төгсжаргал нь ааваа гэсэн сайхан сэтгэлтэй. Аавыгаа үргэлж амьд байлгаж чадаж байна. Номын нөхөр маань энэ бүхнийг  тэнгэрээс харж үнэхээр их баярладаг байх. Маш олон ном бүтээлийг нь гаргалаа шүү дээ. Манай зохиолчд нөхдийн хүүхдүүдэд байдаг нэг дутагдал бий. Ерөөс зохиолч аавыгаа дурсч, нэг олигтой ном гаргах байтугай олигтойхон үг хэлчихдэг хүн байхгүй. Манай бүх зохиолчдын хүүхдүүд бүгд л байж байгаа. Гэтэл таг чиг. Харин Б.Төгсжаргал аавыгаа байнга дурсч, дурсуулж, зохиол бүтээлийг нь хэвлүүлж, сурталчилж байна. Өөрөө ч шаггүй авьяастай, сайхан шүлгүүдтэй. Тэр их уянгын, нутаг усаа хайрласан сэдэвтэй. Ер нь их нутаг амьтай, нутагтаа уягдсан, байсхийгээд нутаг руугаа явчихсан байдаг. Дээр нь сэтгүүлзүйн олон бүтээлтэй.

-Дорнын яруу найраг дахь Дарьганга урсгал, тэндээс  ундарсан яруу найргийн талаар та юу боддог вэ. О.Дашбалбараас өгсүүлээд та  Сүхбаатарын яруу найрагчидтай их ойр явсан хүний нэг шүү дээ? 

-Нутаг ус нь гайхамшигтай. Дээр нь хүн ардынх нь юмс үзэгдэл, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлийн гоо сайхан байна. Нутаг усны шид гэж бас нэг юм байна. Ер нь манай Дарьганганы яруу найрагчдын бүх  бүтээлд тэр бүхэн нь шингэсэн байдаг. Би тэднийг бурхан нутагтай улс гэж боддог. Бурхан нутагтай учраас  Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, И.Батсүх байгаа. Нутгаа биширч чаддаг, бичиж чаддаг. Ийм л сайхан найрагчид даа. Тэдний алхсан мөрөөр явж чадах найрагч гэж Б.Төгсжаргалыг хардаг, итгэл хүлээлгэдэг.

 

Хэл бичгийн ухааны доктор, утга зохиол шүүмжлэгч, судлаач Б.Магсаржав:

ААВЫНХАА АВЬЯАС, ХҮН ЧАНАРЫГ ӨВЛӨСӨН ОХИНЫГ НЬ ХАРААД БАЯРЛАЖ БАЙНА

-Би Ишийн Батсүхтэй хар залуу хорин хэдхэн настайдаа танилцаж, сайхан нөхөрлж явсан. Найз минь нөхөддөө их ээлтэй, тус дэмтэй, үргэлж бодож, сануулж, мэдсэн юмаа хэлж, сурсан зүйлээ хуваалцаж явдаг байлаа. Хүн чанар сайтай. Тийм учраас би түүнийг Монгол эр хүний эталон гэж нэрлэдэг. Тэр тухайгаа дурсамждаа бичсэн. Тэнгэрт халихад нь ч  харууслын шүлэг бичиж байлаа. Нутгийнхаа найрагчдын тухай “Саруул талын найрагчид” илтгэл тавьж байсан юм, 2011 онд. Түүндээ би найзынхаа охин, яруу найрагч Б.Төгсжаргалын  тухай бичсэн. Их найдвар тавьж байгаа. Залуу хүнийг магтах арай болоогүй. Гэхдээ бас ч гэж эрт магтаалын үг хэлчихсэн гэж боддог. Найдварыг биелүүлэх байх гэж итгэж байна. Ер нь бол их санаачилгатай, сэргэлэн, нутгаа боддог, уран бүтээл, найз нөхөд, ах дүүгээ боддог сүрхий охин. Аавынхаа авьяасыг, ааш занг нь өвлөж авсан хүн гэж боддог. Үйл хэргийг нь үргэлжүүлж байгаад баярлаж байна.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна