“АПЕК”-ын чуулганы үеэр мөргөлдөөн гарлаа

2015 оны 11 сарын 19

 

Филиппиний нийслэл Манила хотод хоёр дахь өдрөө үргэлжилж буй Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтын үеэр өнөөдөр /XI.19/ жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Чуулга уулзалтад оролцохоор АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон “АПЕК”-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд Манилад хүрэлцэн ирээд буй юм.

 

Цагдаа нар жагсагчдыг олон улсын хурал болж буй газраас км хүрэхгүй зайд тогтоон барьж, даралттай усаар шүршин номхотгохыг хичээж байгаа аж. Жагсагчид “Бид худалдагдахгүй” хэмээн хашхирч байгааг сурвалжлагчид мэдээлжээ. Одоогоор жагсаалын шалтгаан тодорхойгүй байгаа ч Өмнөд Хятадын тэнгисийн маргаанаас үүдэлтэй Бээжингийн даргыг эсэргүүцсэн байх магадлалтай. Филиппиний олон улсын хурлын төвд болж буй өглөөний уулзалтад Хятадын дарга Си Жинпин, Японы ерөнхий сайд Шинзо Абе нар хүрэлцэн иржээ.

 

 

Парисын халдлагын дараа Филиппин улсын зүгээс олон орны төр, засгийн тэргүүнүүдийн чуулга уулзалтын аюулгүй байдалд онцгой анхаарал тавьж, хамгаалалтаа чангатгасан аж. Филиппиний засгийн газраас “АПЕК”–ын чуулга уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангуулахаар Манила хотноо 20 мянга гаруй цэрэг, цагдааг эргүүл, хамгаалалтад гаргасан байна.

 

Ээлжит чуулга уулзалтаар худалдаа наймааны асуудлаас гадна бүс нутгийн зөрчил маргаан, терроризмын асуудлыг авч хэлэлцэхээр яригдаж байна. Мөн “АПЕК”-ын гишүүн Вьетнам, Филиппин, Малайз, Бруней, Тайван зэрэг орнууд Бээжинтэй зөрчил үүсгээд буй Өмнөд Хятадын тэнгисийн газрын маргааныг чуулга уулзалтаар авч хэлэлцэх нь дамжиггүй.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна