УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа

2015 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар хүлээн авч, тогтоол баталлаа. Тогтоолыг гишүүдийн 64 хувь нь дэмжиж батлагдсан юм.

Үндсэн хуулийн цэц нь Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн хэмээн үзсэн байсан юм.

Мөн Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан Үндсэн хуулийн зөрчил арилаагүй байгааг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан байсан. Эл дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасныг УИХ өнөөдөр үгүйсгэж бүгдийг хүлээн авлаа.

Цэцийн дүгнэлтийг хүлээн авахын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Аймгаасаа 200-300 км давхиж очоод шүүхээр асуудлаа шийдүүлнэ гэдэгт итгэл үнэмшил төрөхгүй байгаа. Эрхийн ухамсраа төлөвшүүлсэн зөв шүүгч томилогддоггүй. Ар өврийн хаалгаар томилогдсон шүүгч нар цалингаа нэмүүлэх л юм ярьдаг. Шүүхүүдийн хооронд ачаaлал нь дийлддэггүй. Дагнасан нь зөв юм мэргэшүүлье,  холилдохгүйгээр юм гаргая гэсэн ч шүүгч нар өөрсдийгөө хаан болчихсон гээд ойлгочихсон. Шүүгч өөрийнхөө дотоод сэтгэлээр шийднэ биз. Ийм л шүүгчээр дүүрсэн юм билээ.

Шүүхээр асуудал шийдэгдэж байгаа гэдэг худлаа шүү. Туршлагаасаа хуваалцаж байна шүүх салангид бие даасан байх тусам том толгойтой иргэдийг хохироодог юм байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сүүлийн үед Үндсэн хуулийн цэц дээр УИХ-аас баталсан хуулийн зүйл заалт бүхэн дараалан унаж байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой заалт өчигдөр Цэц дээр уналаа. Үндсэн хуулийн цэцийг мангар тэнэгээр нь дуудахаас илүү уялдаа холбоо байна уу. Хувь хүмүүс хоорондын амбиц, институт хоорондын амбицаас болоод байна. Энд сууж байгаа 76-г ухна гэж бодохгүй байгаа, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг туйлын ухаантнууд гэж ойлгохгүй байгаа. Тэгэхээр төр болохгүй болчихлоо. УИХ-аас гаргасан шийдвэр бүр унадаг. Цэц ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг боллоо.

Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол Цэц хууль тогтоогч боллоо. Хууль тайлбарлах нэрийн дор хууль тогтоодог боллоо. Аль нь хууль тогтоогч бэ гэдэг нь ялгагдахаа байлаа. Хоёр жилийн өмнө тойргийн шүүх гэдэг юм байгуулсан, хэл ам таталж баталсан. Үндсэн хууль зөрчинө шүү гэдгийг хэлсээр байсан, зөрүүдэлсээр баталсан. Одоо унаж, үнэнд гүйцэгдлээ. Төр хий эргэдэг боллоо. Монгол төрөө аврахын тулд онцгой арга хэмжээнүүдийг авах цаг нь болсон.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Ц.Нямдорж гишүүнээ ээ, таны 2003 онд батлуулсан Захиргааны хэргийн шүүхээр давж заалдах шатны шүүх ганцхан байгаа. Давж заалдахын тулд Хэнтий, Баян-Өлгий аймгийнхан Улаанбаатар хотод ирдэг юм. Үндсэн хуулийн цэц 2003 онд баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргахгүй хэр нь 2012 онд батлуулсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан.  Энэ чинь захиалгатай яваад байна. Анх энэ захиалгыг өгсөн Дорлигжав ч андуурсан юм билээ. Энэ хуулийг Ерөнхийлөгч санаачилсан юм шүү. Үндсэн хуулийн заалтыг дураараа тайлбарлаж болохгүй. Шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан шүүх байгуулж болно гээд байгаа. Улс төрийн завхрал хэрээс хэтэрлээ. Захиалга гүйцэтгэдэг Үндсэн хуулийн шүүх хэрээс хэтэрлээ. Маргаанаа адилхан шийдээч... Энэ дүгнэлтээс болоод цаашид Гэр бүлийн шүүх, Хөдөлмөрийн шүүх, Татварын шүүх гэх мэтчилэн дагнасан шүүх байгуулах боломжгүй болж байгаа. Татварын дагнасан шүүх байгуулахыг уул уурхайн хөгжил шаардана. Энэ шийдвэрийг гаргаж байгаа хүмүүс Үндсэн хуулийн үгүй хийсэн гэдэг түүх бичиж байгаа шүү гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна