1591 нэгж талбарт газар өмчлөх иргэдийг дахин тодрууллаа

2015 оны 11 сарын 19

Цахим хэлбэрээр дөрөвдүгээр ээлжид газар өмчлүүлэх байршлуудаас дахин сонголт хийх нэгж, талбаруудыг өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газраас зарлаж, өмчлөх иргэдийг шинээр тодрууллаа.  Өнгөрсөн наймдугаар сард явагдсан тус ээлжийн бүртгэлээр Сонгино хайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нийт 16 байршлын 13 мянга 155 нэгж талбарт иргэдэд газар өмчлүүлсэн. Гэвч дээрх иргэдээс 11 мянга 564 нь газар өмчлөлөө баталгаажуулж, эзэмшжээ. Харин 1591 иргэн цахимаар газар өмчлөх эрхтэй болсон ч, хуулийнхаа хугацаанд багтаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна. Иймээс дээрх тооны иргэдийн газар өмчлөлийг цуцалж, өмнө нь цахимаар газар өмчлөхөөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягт бүртгүүлээд байсан иргэдийн дунд 1591 нэгж талбарт газар өмчлүүлэх цахим шалгаруулалтыг дахин явуулсан юм.

Иргэн та цахим хэлбэрээр газар өмчлүүлэх шалгаруулалтад оролцож, газар өмчлөх эрхтэй болсон бол ажлын 10 хоног дотор багтан, харьяа дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд хандан газар өмчлөх эрхээ баталгаажуулах үүрэгтэй. Хэрэв дээрх хуулийн хугацаанд газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй бол нийслэлийн Өмчийн харилцааны газраас таны эрхийг хүчингүй болгож, тухайн газрыг тань өөр нэгэнд өмчлөх боломжийг олгох юм. Цахим газар өмчлөлд оролцохоор бүртгүүлээд орхисон таны холбогдох утасны дугаар, и мэйл хаягт газар өмчлөх эрхтэй болсныг нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэнэ. Улмаар иргэд газар өмчлөх эрхээ баталгаажуулахдаа иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж, холбогдох байгууллагууддаа очих шаардлагатай.

Ирэх онд нийслэлийн 68 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр болж, ерөнхий төлөвлөгөөг албаныхан баталсан байна. Гэхдээ яг хэзээнээс дээрх байршлуудад газар өмчлөх иргэдийг цахимаар тодруулж эхлэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Учир нь 68 байршил тус бүрт суурь, кадастрын судалгаанууд хийгдэнэ. Дараа нь судалгаан дээр үндэслэж, дэд бүтцийн төлөвлөлтийг хийнэ гэж нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдлээ.


2015 онд Цахим хэлбэрээр 4-р ээлжинд газар өмчилсөн байршлуудаас дахин сонголт хийх нэгж, талбарууд /хүснэгт дээр дарж томруулан үзнэ үү/

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна