Чуулганыг завсарлууллаа

2015 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хуулийг дэмжиж байгаа, яаж хэрэгжих вэ гэдэг дээр эргэлзээ байгаа. Дарга нарын ширээн дээр тоос дарсан хууль болчих вий. Хэрэгжүүлэх хөшүүрэг нь юу байх вэ. Тэр хөшүүрэг нь яаж туссан бэ. Өнөөдөр хэрэгжиж байгаа дунд болон урт хугацааны 290 гаруй хөгжлийн хөтөлбөрийг эргэж харах ямар тогтолцоо байх вэ. Дахин үнэлгээ хийх үү, шинжилгээ хийх үү. Хөрөнгө оруулалтын тухай үндэсний хөтөлбөрийг хэн батлах вэ гэдэг тодорхойгүй байна. Түүндээ мөрөөдлийн жагсаалт багтаачихдаг, яаж санхүүжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй болчихвол яах вэ. Цаашдаа уялдаа холбоо нь яаж зохицуулагдах юм. Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалтай нийцээгүй гээд хөгжлийн бодлогоо зогсоодог юм бий. Жишээ нь төмөр замаа зогсоодог, нарийн уу, өргөн үү гээд. Ийм эрсдэлүүд бий. Нэг хүний хүсэлт гүйцээсэн бодлого гаргачихаад 7-8 жил хэрүүл хийгээд суудаг.  

УИХ-аас Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого баталсан хэрнээ гишүүд нь хууль санаачлаад хөгжил авчирах төслөө зогсоодог. Үүнийг яаж зохицуулав?  

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Хуулийн төслийн 18 дугаар бүлэгт санхүүжилтийн эх үүсвэр, олон нийтийн оролцоо, ил тод байдлыг яаж хангах вэ гэдэг нь тусгагдсан. Хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэгч нь хөндлөнгийн үнэлгээ хийгээд улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгийг тусгаад баталгаажуулж явна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бүтэн хариулт авч чадсангүй. Хөгжлийн бодлого төлөвлөлтөө хариуцаад явах бүтэц байх ёстой биз дээ. Жил гаруйн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Тавьсан зорилтоо 90 хувь биелүүлсэн учраас татан буулгах ёстой гээд Эдийн засгийн хөгжлийн яамыг буулгасан. Эдийн засгийн хөгжлийн яам байж, эдийн засгийн бодлого төлөвлөлтийн хууль нь тогтвортой хэрэгжих боломжтой.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Хөгжлийн бодлого төлөвлөлтийг хариуцах төрийн захиргааны байгууллага байх нь зайлшгүй чухал байгаа. Ажлын хэсэг тийм санаа оруулж ирсэн, гэтэл байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үеэр санал олонхийн дэмжлэг авч чадалгүй хасагдсан. Ямар ч тохиолдолд хариуцаад ажиллах нэгж байх ёстой.

Эл асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, улмаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж дууссанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гадна УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо давхар хийнэ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна, хуралдаан үдээс хойш 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна