С.Эрдэнэ: Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж болно

2015 оны 11 сарын 19

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцож Хамтын тэтгэврийн тухай хууль болон бусад хуулийн талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Хамтын тэтгэврийн тухай хууль өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ хууль батлагдсанаар өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэдэд нийгмийн том баталгаа болох юм. Ахмад настнуудад тулгамдаад байгаа аливаа эрсдэлээс хамгаалах нь хуулийн гол зорилго. Гэр бүлийн хоёрын хэн нэг нь түрүүлж хороогийн мөнх бусыг үзсэн тохиолдолд сэтгэл зүйн болон эдийн засгийн эрсдэлд ордог. Ялангуяа сүүлийн үед ахмадууд бие даасан байдлаар амьдрах нь ихэссэн учраас ахмадуудын нийгмийн хамгааллын тал дээр анхаарч эрсдэлд оруулахгүй байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Мөн өчигдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийж дэмжигдлээ. Энэ хууль батлагдсанаар 110 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх хуульчлагдах юм. Мөн Малчдын ажиллaсан жилийг нэмэгдүүлэн тооцох, Нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ хууль батлагдсанаар халуунд халж, хүйтэнд хөрж 24 цаг ажилладаг малчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх боломж бүрдэх юм. Бусад улс оронд малчидтай ижил төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ нийгмийн даатгал, хамгаалал, тэтгэвэр тогтоолт дээр хууль эрх зүйн зохицуулалт хийж хамгаалдаг туршлага бий” гэв.


Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Гэр бүлийн тухай хуульд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд хариуцлага тооцно гэсэн заалт орсон мэтээр яригдаж байна. Ийм заалт тус хуульд орсон эсэх тухайд?

-Гэр бүлийн тухай өмнөх хууль нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байдалд хүрээд байна. Гэр бүлийн харилцаанд байгаагүй цоо шинэ харилцаа бий болсон. Үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага байгаа. Хоёрдугаарт, гэр бүлийн хуулиар гэр бүлийн үнэ цэнэ, бат бөх байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтыг тусгах үүднээс хуулийг боловсруулсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдээд байгаа шиг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд эрүү үүсгэнэ, хариуцлага тооцно гэсэн асуудал тусгагдаагүй. Тухайн хүний ёс суртахуунтай холбоотой асуудлыг хуулиар шийдэх боломжгүй.

Хэвлэл мэдээллийг хэрэгслээр бичигдээд байгаа шиг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд эрүү үүсгэнэ, хариуцлага тооцно гэсэн асуудал тусгагдаагүй. Тухайн хүний ёс суртахуунтай холбоотой асуудлыг хуулиар шийдэх боломжгүй.

-Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлнэ гэж байна. Хэдэн төгрөгийн орлоготой гэр бүлд хүүхдийн мөнгө очно гэсэн үг вэ. Уг нь АН мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно гэж амласан. Энэ амлалтаасаа ухарч байгаа хэрэг биш үү?

-Нийт өрхийн амьжиргааг 20 бүлэгт хуваасан байдаг. Үүний 1-17 дахь бүлэгт хамаарах бүлэгт хүүхдийн мөнгийг олгоно. Ер нь хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлье гэдэг бол үндсэн зорилго. Улстөржсөн нийгмийн халамжаас татгалзах хэрэгтэй. Хэн нэгэн иргэний хүүхдийг ямар нэгэн байдлаар алагчилсан зүйл байхгүй. Хэрэв тухайн иргэн хүүхдийн мөнгөө авъя гэвэл хүсэлт гаргах эрх нь нээлттэй.

-Та нийтлэлч Баабарыг хууль бусаар тэтгэврээ тогтоолгосон гэсэн асуудлыг нийгэмд гаргаж тавьсан. Ер нь тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого олон гардаг уу?

-Ер нь тэтгэврээ хуурамчаар тогтоолгох гэсэн оролдлого цаг ямагт гардаг. Ийм зөрчлийг тухай бүрт нь тогтоож, шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг. Хуурамчаар тэтгэвэр тогтоолгох гэсэн оролдлого бол явцгүй. Манайх Улсын бүртгэлийн ерөнхий газар болон бусад байгууллагатай цахим сүлжээгээр холбогдсон. Тэгэхээр иргэний мэдээлэл бүрэн ил тод байж байдаг.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн зээлийн хүүг бууруулахад үүрэг хүлээх мэтээр зарим хүмүүс яриад байдаг. Тэтгэврийн зээл гэдэг бол нэг талаас тэтгэвэр авагч, нөгөө талаас арилжааны банк хоёрын хоорондын харилцаа юм. Хөндлөнгийн буюу нийгмийн даатгалын байгууллагын оролцоо энд байхгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын эрхийг хамгаалах үүднээс Монголбанктай энэ асуудлаар хамтарч ажиллаж байна. Он гараад тэтгэврийн зээлийн хүүг сарын 1.5 хувиас 1.1-1.2 хувь болгож бууруулахаар ажиллаж байгаа.

-10 мянган нас барсан хүний нэрээр салбарын мэргэжилтнүүд ихээхэн хэмжээний мөнгө завшсан гэх дуулианд салбарын сайдын хувьд ямар тайлбар хийх вэ?

-Олдож байгаа боломжийг ашиглаад хариуцлагатай мэдэгдэхэд, энэ асуудал шалгагдаад дууссан гэдгийг хэлье. Нийтдээ анх цагдаагийн байгууллагаас 14 мянга хүний нэр бүхий файлыг шалгуулахаар ирүүлсэн. Түүнийг нь шалгаад үзэхэд нас барсан иргэдийн мэдээлэлтэй таарахгүй байсан. Түүн дотор ганц нэг мэдээлэл таарсан. Энэ дагуу бүх шалгалтыг хийгээд цагдаад буцааж өгсөн. Дахин цагдаагийн байгууллагаас холбогдох хүсэлт ирсэн. Энэ дагуу шалгаад хариуг нь өгсөн. Үүний дараа цагдаагаас 10 мянган хүнтэй холбоотой их хэмжээний мөнгө завшсан гэх мэдээлэл цацагдсан. Иймээс шуурхай арга хэмжээ авч, сайдын зөвлөлийг хуралдуулсан. Нийгмийн даатгалын хяналтын 100 гаруй байцаагчийг 14 хоног ажиллуулж, 14 мянга орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр, мөн 10 жилийн хугацаанд нас барсан 123 мянган хүний баримт бичгийг шалгалаа. Шалгалт 21 аймаг, 9 дүүргийг хамарсан. Уржигдар эцсийн дүн мэдээ гарлаа. Өнгөрсөн 10 жилд нийт 123 мянган хүн нас барж, нийгмийн даатгалаас 37,8 тэрбум төгрөгийг оршуулгын зардалд олгосон байна. Энэ дотроос зөрчилтэй гэх 14 мянган хүний материалыг шалгахад 170 орчим зөрчил илэрсэн. Энэ зөрчил нь жилд 10 орчим ноогдож байгаа юм. Гэхдээ эдгээр зөрчил нь тухайн жилдээ арилгагдаад явсан байдаг. Нас барсан хүний тэтгэврийг зориудаар авсан гэхээсээ иргэний хасалтыг ар гэрийнхэн нь хийгээгүй зэрэг тохиолдол байдаг юм билээ. Одоо 40 орчим хүнтэй холбоотой 46 сая төгрөгийн асуудал шалгагдаж байна. Энэ асуудал хуулийн байгууллагад шилжсэн.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна