Oёдолчин бүсгүй ондоо захиалга авдаг болжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Oёдолчин бүсгүй ондоо захиалга авдаг болжээ

“Баяраа чинь өөрөө л унасан юм билээ” гэж "Би чамд хайртай" кинонд Дэлгэрийн аав хэлдэг дээ. Үнэн л дээ, Баяраа өөрөө л дөвчигнөж байгаад ширээн дээрээс унаж, толгойгоо хагалчихсан болохоос Дэлгэрт буруу байгаагүй юм.

Өөрийгөө шатаадаг С.Эрдэнэ ч, өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан Мааяа ч ажилтай байхын төлөө тэмцэл хийхээс өөр аргагүйд хүрснээ хэлэх болов. Гэвч, ажилтай байхын төлөө хэн нэг хүн тэмцэл хийхдээ олон нийтийг хүчирхийлэлд уриалах ч юм уу, эсвэл бусдыг буруу зүйлд уруу татсан үйлдэл гаргаж болохгүй. Тэдний гаргасан, гаргаж байгаа үйлдлийг харахад дээрх “Баяраа чинь өөрөө л унасан юм билээ” гэх үг санаанд орох.

Тийм ч учраас оёдолчин хүүхэн, уурхайчин залуучууд ондоо захиалга авдаг болжээ гэж хардах ч үндэслэл байна. Үйлдвэрлэсэн хувцсаа үнэгүй тараана хэмээн сенсааци тарьж, эцэст нь иргэдээ ядуу, зүдүү, харанхуй балраар нь егөөдөж суусан энэ бүсгүйн тэнэглэлийг, өчигдөрхөн л хэвлэлийн бага хурал зарлаж, өөрийгөө олны өмнө шатаасан С.Эрдэнэ гэгчийн утгаа алдсан үйлдлийг өнөөдөр бид өөгшүүлж, зөвтгөж болохгүй билээ.

Учир нь, тэд гаргасан үйлдэлдээ, хийсэн хэрэгтээ өөрсдөө хариуцлага хүлээх хувь хүмүүс. Нийгмийн харилцаанд орж яваа хувь хүний хувьд тэдний эрх бусдын эрхээр хязгаарлагдах ёстой. Тэр тусмаа Засгийн газрын тэргүүн энэ асуудалд онцгой ач холбогдол өгөөд байх том сэдэв ч биш. Нэг тэнэг нь өөрөө өөрийгөө шатаагаа л биз. Харин олон нийтийн өмнө хүчирхийлэлд уриалсан түүнд хуулийн дагуу хариуцлага ярих ёстой бус уу. Түүнээс татвар төлөгчдийн мөнгөөр түүнийг гадаадад эмчлүүлэх шалтгаан болоод шалтаг ч олж харагдахгүй байна. Осол, аваар, байгалийн гамшиг, гал түймэртэй тэмцэн амь нас эрүүл мэндээрээ хохирсон онцгой байдлын салбарынхаа ажилтнуудад “онцгой” анхаарал тавьж чадахгүй байж, хүсэл сонирхлоороо өөрийгөө шатаахыг завдсан болгоны эмчилгээний зардал, эмнэлгийн мөнгийг төр даагаад байх нь зөв үү. Энэ тохиолдолд Мааяагийн татвараа төлөхгүй гэсэн утгагүй улстөржилтийг нь ойлгож болох. Гэвч нөгөө талдаа Мааяа татвараа төлөхгүй бол С.Эрдэнийг өдөр, шөнөгүй эмчилж байгаа эмч, сувилагчийн цалинг хэн өгөх вэ?

Тиймээс  татвараа шударгаар төлж яваа мянга мянган компанийн төлөөлөлтэй уулзах завгүй яваа Засгийн газрын тэргүүн улсад өч төчнөөн төгрөгийн өртэй компанийн захирал бүсгүйг өрөөндөө дуудаж авчраад өөгшүүлж суух нь хэр зохистой бол. Татвар төлөөгүй компани болгоны толгойг нь  ингээд илээд байвал эмнэлэг, цэцэрлэг, сургуулиа юугаар барих юм бэ. Иргэдийнхээ цалин тэтгэврийг яаж тавих юм билээ.

Г.Майцэцэг бол манай мянга мянган үйлдвэрлэгчийн нэг. Гэхдээ “Эксклюзив" компани нь улсад 174 сая төгрөгийн татварын өртэй. Хуулийн дагуу хугацаандаа татвараа төлж байгаагүй тэрбээр компанийнхаа дансыг хаалгахад хүргэсэн. Энэ нь түүний буруу болохоос төрийн буруу биш. Төр буй цагт татвараа авах нь зүйн хэрэг.  “Чингис бонд”-оос санхүүжүүлсэн 888 төслийн нэгд багтаж, 700 сая төгрөгийн хаана ч байхгүй хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрлэл явуулж буйн хувьд Мааяа харин ч хариуцлагатай хандах ёстой байсан юм. Учир нь түүний авсан Чингис бондын зээлийг 2017 оноос Монголын ард түмэн төлөх болохоор тэр.

Бусдыг буруу зүйлд уриалан дуудаж, хүчирхийллийг өдөөгчидтэй Монголын төр яасан ч эвлэрмээргүй байна. Хэрэв энэ удаад С.Эрдэнэ, Мааяа хоёрын толгойг илбэл, маргааш татвараа төлөөгүй мянган Мааяа даврах болно.

"Эксклюзив" ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Хоёр сарын өмнө манай компани татварын буруу бодлогыг эсэргүүцэн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ үнэгүй тараах гэж байсан ч бүтэлгүйтсэн. Түүнээс хойш 60 хоног өнгөрсөн ч бүх зүйл бахь байдгаараа байна. Манай компанийн дансыг нээгээгүй. Битүүмжлэгдсэн бараа бүтээгдэхүүн хөрөнгөө одоог хүртэл авч чадаагүй байна. Ерөнхий сайдын татварын байгууллагынханд өгсөн үүрэг огт биелээгүй. Тиймээс үйлдвэрлэсэн хувцсаа шатаана” гэжээ. Татвараа огт төлөөгүй байж дансыг нь нээсэнгүй хэмээн омогдож, үйлдвэрлэсэн хувцсаа шатаанаа гэж төрөө дарамталж суудаг яасан эрхэлчихсэн захирал вэ.Ямар "мундаг" бизнесмен бэ? Тэнгэрийн дор төрсөн нь үнэн юм бол хуулийн дор тэр амьдрах ёстой. Хуулиас гадуур амьдарсан нь, татвар төлөхгүйгээр бизнес эрхэлсэн нь түүний л буруу. Бизнес эрхэлж байгаа бол ямар ч нийгэмд тэр татвараа төлөх нь хууль.

Хуулийг гууль болгож аливаа асуудлыг хүчирхийллийн замаар шийдэх гэж улайрдаг С.Эрдэнэ, Г.Майцэцэг гэх мэт иймэрхүү хүмүүсийг эрхлүүлж суудаг ямар ч завтай төр вэ.

Бусдыг буруу зүйлд уриалан дуудаж, хүчирхийллийг илт өдөөгчидтэй Монголын төр хэзээ ч яасан ч, ямар ч тохиолдолд эвлэрмээргүй байна. Хэрэв энэ удаад С.Эрдэнэ, Мааяа нарын толгойг илбэл, маргааш татвараа төлөөгүй мянган Мааяа, өөрийгөө хорлох гэсэн зуун Эрдэнэ даврах болно.

 

 Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж