Дахин барилга дээрээс төмөр уналаа

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Дахин барилга дээрээс төмөр уналаа

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангийн урд өдрийн 12.00 цагийн орчимд "Мастер инженеринг" компанийн барилгаас төмөр унажээ. Унасан төмөр замын хөдөлгөөнд оролцож явсан суудлын автомашин дээр унаж, тоёота "chaser" маркийн автомашины хамрыг хатгаж тогтсон байна. Дээрээс нь төмөр унасан машинд жолооч, 10 орчим насны охины хамтаар явж байсан бөгөөд азаар бэртэж гэмтээгүй. 

Онцгой байдлын газрын байцаагч дуудлагын дагуу ослын газарт ирж, барилга баригдаж буй талбай руу нэвтэрч, үзлэг хийх гэсэн боловч хамгаалалтын албаныхан барилга руу нэвтрүүлээгүй байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ. Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүйгээс барилга дээрх гарах ослын тоо сар улирлаар тоологдож нэмэгдсээр байгаа юм. Сүүлийн хоёр жилд гарсан ослын баримтыг дурдвал 2014 онд Төв шуудангийн өмнөх замаар зорчиж явсан нийтийн тээвэр дээр төмөр унаж байв. Тухайн автобусанд зорчиж явсан зорчигч хөнгөн гэмтэж байсан юм. Мөн барилга дээр ажиллаж байсан дөрвөн ч хүн амь насаа алдсан баримт байдаг. Харин хамгийн сүүлд энэ сарын 17-ны өдөр Төв цэнгэлдэх орчим баригдаж буй нэгэн барилга дээрх кранд гэмтэл гарч, 50 гаруй настай хүн нас барсан харамсалтай осол гарсан юм.  

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж