Хамтын тэтгэвэрт жилд 21 тэрбум шаардлагатай

2015 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Энэ хуулиар 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр, нөхрийн аль нэг нас барсан бол үлдсэнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгохоор заасан юм. Хамтын тэтгэврийн хэмжээг тухайн үеийн Засгийн газар тогтооно.

Хууль хэрэгжих хугацааг төсөлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэхээр заасан юм. Мөн хуулийг таван жил хойш ухраан хэрэглэхээр заасан. Таван жил хойш ухраан хэрэглэсэн нөхцөлд 15 орчим тэрбум төгрөг шаардлагатай бол гурван жил хойш ухраан мөрдсөн нөхцөлд 9.8 тэрбум төгрөг шаардаж байгаа юм. Дээр нь энэ хууль хэрэгжиж эхэлснээр жилд 21 тэрбум төгрөг шаардах аж. Хамтын тэтгэврийг эрэгтэй 60 насанд хүрсэн, эмэгтэй 55 насанд хүрсэн тохиолдолд авна. Өөрөөр хэлбэл, дээр заасан насанд хүрсэн тохиолдолд хамтын тэтгэвэр авна. Энэ эрх таван жилийн хугацаанд хадгалагдана. Тэтгэврийг бусдад өвлүүлэхгүй.

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах үед нэр бүхий гишүүн “Тусгай үүрэг гүйцэтгээд хилийн цаана 10 жил амьдарсан байвал яах вэ. Энэ тохиолдолд хороон даргын тодорхойлолт шаардлагатай болох юм уу. Ямар баталгаа шаардах вэ. Асуудлыг нарийн харахгүй бол асуудал үүснэ” гэж байлаа. Тиймээс энэ асуудлыг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд нарийвчилхаар болов.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Тэтгэвэр авагчдыг их л олон удаа цонхны цаанаас чихэр долоолголоо. Анх 2004 онд ийм юм хөдөөгүүр яригдаж эхэлсэн, өнөөдөр 2015 он. Хууль батлагдах юм байна, хэдэн оноос хэрэгжих юм бэ. Яг хэдэн төгрөг байгаа юм. Боломж нь ийм байгаа гэдгээ тодорхой хэлэх ёстой. Баян болохоороо өгөх юм гэж яриад хэрэг байна уу. Өгөх гэж байгаа бол шууд өгөх хэрэгтэй.

2016 оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэр ахмадуудын тэтгэврийг нэмчихээч гэж их ярьсан. Мөнгө байхгүй, боломжгүй гэсэн. Гурван жилийн хугацаанд Засгийн газар ахмад настнуудын тэтгэврийг дунджаар 20 мянган төгрөгөөр л нэмсэн. Энэнээс цааш яагаад нэмдэггүй юм бэ гэхээр “Мөнгө байхгүй, хямрал болчихсон” гэдэг. Хууль гаргуулчихсан шүү, ирээдүйд өгнө гэж хэлэхээр л хууль батлах юм биз дээ. Боломж байсан юм бол 2016 оны төсөвт хөрөнгийг нь суулгахгүй яасан юм. Хямрал болно, бүр хэцүүднэ гэж байгаад цалинг 10 хувь хасахаар болсон. Амьд сэрүүн байгаа хөгшчүүлийнхээ тэтгэврийг нэмчих л хэрэгтэй байгаа юм. Гоё нэртэй хууль, бодлого батлаад байдаг. Нэрийн данс гацсан, өөрөө сонголт хийхээр болсон. Тэтгэврийн сан хоосрох гээд байна, сан улам бүр мөнгөгүй болсон гээд яриад зарим зүйлийн шалгуурыг өндөрсгөсөн. Тэтгэврийн зөрүү арилсан гээд 2 удаа зарласан, зөрүү нь холдоод л явсан. Ийм бодлогын юмнуудаа эхэлж шийдэхгүйгээр гоё нэртэй хууль батлаад явах нь буруу. Баян болохыг хүлээсээр байгаад бурхан болох юм биз дээ. Бидний байгаа байдал, хурд, бүхнийг хямрал руу түлхэж байгаа байдал ийм болж таарч байна. Жигд тэтгэврээ нэмээд л өгчихмөөр байгаа юм.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Бакей: Сонгууль дөхөөд ирэхээр хөндөж байгаа асуудал биш. Энэ хууль өргөн баригдаад 2 жил болж байна. Ажлын хэсэг хуралдах гэж зөндөө оролдсон, янз бүрийн шалтаг заагаад ажлын хэсэг хуралдах боломж олгоогүй. Түүнээс биш сонгууль дөхөөд ирэхээр ярьж байгаа асуудал огтхон ч биш. Энэ хуулийг бусад хуультай барьцаалаад явуулахгүй байсан. Хэдэн оноос хэрэгжүүлэх вэ гэвэл 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлье гээд орж ирж байна. Жилдээ 21 тэрбум төгрөг шаардлагатай. 50 хувь нь улсын төсвөөс 50 хувь нь Нийгмийн даатгалын сангаас гарна. 2016 оноос эхэлж өгье гэвэл төсөвт тодотгол хийгээд оруулж болно.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төсөв батлаад хэдхэн хонож байна, тэтгэвэр нэмье, цалинг бууруулахгүй байя гэдэг асуудал олон яригдаж байсан. Мөнгө байхгүй гэсээр боловсрол, эрүүл мэнд, цагдаа, онцгой гэсэн салбараас бусад салбарынхны цалинг 10 хувиар бууруулна гээд баталсан. 2016 оны сонгуулийн дараа галав юүлсэн ч яах вэ гэдэг сэтгэхүйгээр хандаж байна. Төсөв хэлэлцэхээр мөнгө байхгүй, ямар ч боломжгүй гэж хүүхдэд өгөх мөнгийг хүртэл хасуулчихаад одоо болохоор хамаагүй гэж байгаа нь улсын хөгжлийг хойш нь чангааж байна. Ийм байдлаар хандаж явамгүй байна.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Бакей: Хуульгүй юман дээр төсөв суулгаж болохгүй.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: Жил ирэх тусам тэтгэвэр авагчдын тоо өсч байна. 2014 онд 344832 тэтгэвэр авагчид 1 их наяд 11 тэрбум 882 сая төгрөгийг олгосон. 2015 оны эхний хоёр улирлын байдлаар 354.435 тэтгэвэр авагчид 588 тэрбум 190 сая төгрөгийг олгосон. Хуулийг буцаан хэрэглэх хугацааг 5 жилээр тооцсон. Боломжтой гэж үзсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Мөнгө байгаа юм бол эхлээд тэтгэврийн зээлийн хүүг бууруулаач ээ. Энэ чухал гэж байлаа.

Эл асуудлыг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг цаг сунган хуралдууллаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна