Сургууль, цэцэрлэгийн 12 цогцолбор ашиглалтад орно

2015 оны 11 сарын 20

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд сургууль, цэцэрлэгийн 14 цогцолборыг ашиглалтад оруулах талаар нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн. Тэгвэл энэ ажил ямар шатандаа явж байна, энэ онд хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тодруулсан юм.

Энэ онд 14 цогцолбороос 12 нь ашиглалтад орохоор байна. Баянзүрх дүүрэгт барьж буй хоёр цогцолборын ажил 30 хувьтай байгаа аж. Энэ хоёр цогцолборын ажлыг он дамжин гүйцэтгэхээр болжээ. Бусад 12 цогцолборын ажил 80-100 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

Энэ онд:

Хан Уул дүүрэг – 3

Баянгол дүүрэг – 1

Баянзүрх дүүрэг – 2 /Үлдсэн хоёр нь он дамжина/

Сонгинохайрхан дүүрэг – 3

Чингэлтэй дүүрэг – 3 сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орох юм байна.

Энэ 14 цогцолборын ажилд нийслэлийн төсвөөс нийтдээ 31 тэрбум төгрөгийг гаргаж байгаа юм. Нэг цогцолборт дунджаар 2.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Одоогоор Хан Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй цогцолборын ажил 100 хувь дуусчээ. Харин Хан Уул дүүргийн 10, Баянгол дүүргийн долоо, Баянзүрх дүүргийн 19, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд баригдаж буй цогцолборын ажил 95 хувьтай үргэлжилж байна.

Баянзүрх дүүргийн 23, 27 дугаар хороонд баригдаж буй цогцолборын ажил 30 хувьтай байгаа юм. Энэ хоёр цогцолборын ажлыг 2015 онд ашиглалтад оруулж амжихааргүй болжээ. Үлдсэн цогцолборын ажил 60-90 хувьтай үргэлжилж, 2015 онд ашиглалтад оруулахаар байна.

Энэ жилийн хувьд л гэхэд цэцэрлэгийн насны 116 мянга гаруй хүүхэд байсан. Тэдний 90 мянга нь цэцэрлэгт хамрагдсан. Үлдсэн 20 мянга гаруй хүүхэд нь цэцэрлэггүй хоцорсон билээ. Тэгвэл энэ 14 цогцолбор ашиглалтад орсноор 2000 гаруй хүүхэд цэцэрлэгт, 3000 гаруй хүүхэд сургуульд нэмж хамрагдах боломж бүрдэнэ. Гол нь тухайн хүүхэд зургаан нас хүртэл цэцэрлэгтээ яваад, үргэлжлүүлээд тэндээ сургуульдаа явах боломжтой юм байна.

Цогцолборын явцын мэдээг дэлгэрэнгүй хүргэе:

  • Хан Уул дүүргийн 15 дугаар хороо – 100 хувь /2015.11.11-нд улсын комисс хүлээж авсан/

  • Хан Уул дүүргийн 10 дугаар хороо – 95 хувь /2015.12.20-нд ашиглалтад орно/

  • Баянгол дүүргийн 7 дугаар хороо – 95 хувь /2015.11.20-нд комисс ажиллуулна/

  • Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо – 95 хувь /2015.11.26-нд ашиглалтад орно/

  • Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо – 95 хувь /2015.12.01-нд ашиглалтад орно/

  • Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо – 90 хувь /2015.12.25-нд ашиглалтад орно/

  • Хан Уул дүүргийн 14 дүгээр хороо – 88 хувь /2015.10.31-нд ашиглалтад орох байсан/

  • Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо – 85 хувь /2015.12.30-нд ашиглалтад орно/

  • Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо – 85 хувь /2015.12.20-нд ашиглалтад орно/

  • Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо – 80 хувь /2015.11.15-нд ашиглалтад орох байсан. Нэмэлт хөрөнгө шийдэгдээгүйгээс зогссон/

  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо – 75 хувь /2015.12.26-нд ашиглалтад орно/

  • Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо – 60 хувь /2015.12.20-нд ашиглалтад орно/

  • Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо – 30 хувь /2016 онд ашиглалтад орно/

  • Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо – 30 хувь /2016 онд ашиглалтад орно/

News.mn сайт өнөөдөр нийслэлийн төсвөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын явцыг газар дээрээс нь сурвалжлан хүргэнэ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна