Терроризмтой тэмцэхэд хамтарна

2015 оны 11 сарын 20

Ц.Элбэгдорж, Ф.Олланд 2 мэдэгдэл гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нарын хамтарсан мэдэгдэл


Парис хот, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.

1. Энэхүү айлчлал нь Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа чухал ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар харилцан тэмдэглэв.

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай” 1996 онд байгуулсан Хэлэлцээрийн үзэл санаанд тулгуурлан хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа Талууд харилцан илэрхийлэв.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Францын харилцааг дараах нийтлэг зорилтод нийцүүлэн хөгжүүлэхээ дахин нотлов. Үүнд: Хүний эрх, ардчиллыг дээдэлсэн тогтвортой хөгжлийг дэмжих, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, олон талт яриа хэлэлцээг дэмжих, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх, байгаль орчин, соёлын олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах зэрэг болно.

Зүүн Хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх Монгол Улсын хүчин чармайлт, дэлхийн хариуцлагатай дипломат болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тус улстай мөр зэрэгцэн идэвхтэй оролцоход бэлэн байгааг Франц Улс сайшаав. Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн төвийг сахих тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг Франц Улс сонирхон хүлээн авснаа илэрхийлэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын 21 дүгээр бага хурал хоёр долоо хоногийн дараа хуралдах гэж байгаатай холбогдуулан хоёр улсын Төрийн тэргүүн нар улс орнууд энэхүү бага хурлаар дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад хоёр хэмээс дээшлүүлэхгүйгээр барих тухай урт хугацаанд мөрдөгдөх түгээмэл эрх зүйн тохиролцоонд хүрэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Франц Улс нь Ази дахь онцгой түнш болох Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгдгийг Франц Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. 1990 оны хувьсгалаас хойш Монгол Улсын сонгосон ардчиллын замналыг Франц Улс идэвхтэй дэмжиж, Монгол Улстай хамтран ажиллах тэргүүлэх салбарууд нь сайн засаглал, эрх зүйт төр болохыг францын тал онцлов. Цаазаар авах ялыг цуцлах тухай шийдвэр монголын тал гаргасныг Франц Улсын Ерөнхийлөгч Ф.Олланд сайшааж буйгаа илэрхийлээд, энэ чиглэлд дотооддоо эрх зүйн шинэчлэл хийхийг дэмжиж буйгаа мэдэгдэв. Зүүн Хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх Монгол Улсын хүчин чармайлт, дэлхийн хариуцлагатай дипломат болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тус улстай мөр зэрэгцэн идэвхтэй оролцоход бэлэн байгааг Франц Улс сайшаав. Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн төвийг сахих тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг Франц Улс сонирхон хүлээн авснаа илэрхийлэв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг болох Франц Улсыг өөрийн “гуравдагч хөрш”-өө хэмээн үзэж, харилцаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч дахин нотлов. Өндөр технологи, төрөлжсөн эдийн засагтай Франц Улс нь эрчим хүч, хот байгуулалт, газар тариалан, мал аж ахуй, сансар судлал, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, харилцаа, холбоо, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг салбарт Монгол Улсад шаардлагатай мэдлэг, чадамжийг нэвтрүүлэн нутагшуулах чадвартай түнш болохыг монголын тал нотлов. Францын аж ахуйн нэгжүүдийн олон чиглэлийн байр суурь, оролцоог нэмэгдүүлж, хөгжлийн ирээдүйтэй салбаруудад хамтын ажиллагааг дэмжих нь хоёр талын худалдаа, эдийн засаг, техникийн солилцоог улам бүр идэвхжүүлэх боломжийг олгоно. Францын эрх зүйн систем, хэм хэмжээг жишиг болгон өөрийн гэсэн газар зүйн заалт бүхий загвартай болох, хуульчдыг бэлтгэх зэрэг Монголын хүсэл эрмэлзлэл нь хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх нь дамжиггүй.

2.Энэ хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцаа, хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт түлхүү хөгжүүлэхээр тохиров. Хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх боломжийг нээх шинэ баримт бичгүүдийг айлчлалын үеэр байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа Төрийн тэргүүн нар илэрхийлэв. Монгол, Францын Улс төрийн зөвлөлдөх уулзалт, Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн механизмаар дамжуулан улс төр, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр Ерөнхийлөгч нар тохиров. Франц Улсын Ерөнхий сайдын 2016 онд Монгол Улсад хийх айлчлал нь энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх, улмаар хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах боломж олгоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл мэнд, харилцаа холбоо, ус цэвэрлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хөгжлийн зарим төслийг хэрэгжүүлэхэд Франц Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлж ирснийг Монгол Улс талархав. Хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр Төрийн тэргүүн нар харилцан тохиров.

Монгол Улсад хэрэгжих эрчим хүчний томоохон төслүүдэд Францын аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байгааг Төрийн тэргүүн нар тэмдэглээд Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэлийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихээр тогтов.

Франц дахь Монгол судлалыг дэмжих зорилгоор тус улсад Монголын соёлын төв байгуулахыг францын тал сайшааж буйгаа илэрхийлэв. Монгол дахь “Альянс франсэз”-ийн үйл ажиллагаа, шинэ байршилтай болоход бүрэн дэмжлэг үзүүлэхээ монголын тал илэрхийлэв. Хоёр улсын Төрийн тэргүүн нар Францын их, дээд сургуулиудад суралцах Монгол залуу оюутнуудад олгодог тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлахаар тохиролцов. Мөн Монгол, Францын археологийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтов.

Талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа монголын талын энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар НҮБ-ын шинэчлэл, Аюулгүйн Зөвлөлийн өргөтгөлийн асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлэв. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн хүрээнд үй олноор харгислах явдал гарсан тохиолдолд вето эрхийг хязгаарлах тухай Франц Улсын санаачилгыг Монгол Улс дэмжиж буйгаа нотлов.

Түүнчлэн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг хоёр улсын Ерөнхийлөгч нар дахин нотлов. Монгол Улс, Европын Холбооны харилцааг цаашид түлхүү бэхжүүлэх боломжийг олгосон “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-т 2013 онд гарын үсэг зурсныг Талууд сайшаан тэмдэглэв.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг 2016 онд өөрийн эх оронд зохион байгуулах шийдвэр Монгол Улс гаргасанд Франц Улсын Ерөнхийлөгч баяр хүргээд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа нотлов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                   БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ                                                            ЕРӨНХИЙЛӨГЧ ФРАНСУА ОЛЛАНД


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар албан ёсны хэлэлцээ хийв

Бүгд Найрамдах Франц улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр (11 дүгээр сарын 19) тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийн, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ноён Франсуа Олланд БНФУ-ын Ерөнхийлөгчийн өргөө болох Элизейн ордонд угтан хүлээн авав. Энэ үеэр Элизейн ордонд хүндэт харуул жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлсэн юм.

Угтах ёслол өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Хүнд үед хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Монгол Улс бол Францын Ази дахь давуу эрхтэй түнш юм. Биднийг ардчиллын үнэт зүйлс холбодог. Манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, сансрын чиглэлээр хамтран ажиллах бололцоо бий” хэмээн тодотгоод, энэ сарын 30-нд Парис хотноо эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 21 дүгээр чуулганы зорилтын талаар тайлбарлан, Монгол Улс түүнийг дэмжихийг хүслээ.

Парис хотод болсон террорист халдлагад олон арван эрдэнэт хүний амь эрсэдсэнд гүнээ эмгэнэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд дахин илэрхийлээд, учирсан уй гашууг Монголын ард түмэн хуваалцаж байна гэдгийг хэлэв. Мөн Ерөнхийлөгч Монгол, Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тэмдэглэлт жил БНФУ-д албан ёсны айлчлал хийж байгаад таатай байгаагаа тэмдэглэж, “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тодорхой салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэлээ. Тэрчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Батлан хамгаалах салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ялангуяа олон улсад энхийг сахиулах чиглэлээр хамтран ажиллах бололцоотой байна. Мөн соёлын хамтын ажиллагаа чухал. Археологийн чиглэлээр Монгол, Франц улс хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Монгол Улсын соёлыг харуулсан томоохон үзэсгэлэнг Францад гаргах чиглэлээр хамтарч ажиллая” гэлээ.

Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг (ASEM) Монгол Улс ирэх онд зохион байгуулна. Дээд түвшний энэхүү арга хэмжээнд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд оролцохоо уг уулзалтын үеэр мэдэгдсэн. Түүнчлэн ASEM-ийг зохион байгуулахад францын тал зохих түвшинд дэмжиж ажиллана гэдгээ тодотгов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Төвийг сахих бодлогын санаачилгынхаа талаар танилцуулсан бөгөөд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Ардчиллыг бэхжүүлэхэд төвийг сахих бодлого чухал гэж ойлгож байгаа” гэлээ. Түүнчлэн мал аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа нь энэхүү айлчлалын чухал үр дүн болно гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэв.


Монгол, Францын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улсын Ерөнхийлөгч, БНФУ-ын Ерөнхийлөгч нарын  Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан. Уг Хамтарсан мэдэгдэл нь Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ ирээдүйн зорилтыг тодорхойлж, улмаар хамтын ажиллагааг тодорхой чиглэл бүрээр гаргасан юм. Мөн энэ үеэр хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;

-Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;

-Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хооронд сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээр;

-Кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Франц Улсын Кино дүрсний үндэсний төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

-Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хоорондын хэлэлцээр;

-Үхрийн үүлдэр угсаа сайжруулах чиглэлээр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хоорондын хамтын ажиллагааны эрмэлзэх бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Бернар Валла бараалхлаа. Дэлхийн 180 улсыг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагын чухал түншийн тоонд Монгол Улс багтдагийг ноён Бернар Валла уулзалтын эхэнд онцлоод, хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014, 2015 онд Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарахад Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага тусалсанд талархаж буйгаа хэллээ.

 Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа. Уг хуультай холбоотойгоор ноён Бернар Валла ойрын хугацаанд Монголд айлчлахаар зэхэж буйгаа Ерөнхийлөгчид ярив. Түүнчлэн уг уулзалтын үеэр шүлхий, бруцеллёз зэрэг мал, амьтны гоц халдварт өвчин, тэдгээрийн тархалт, таслан сэргийлэх арга хэмжээний талаар талууд санал солилцсон юм.

Мөн Бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуйн асуудлаарх олон улсын хурлыг Монголд зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагынхан уламжлав. Ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны есдүгээр сарын эхний долоо хоногт багтаан тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулах, холбогдох бэлтгэлийг хангахаар тохиролцов.


Францын зарим иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнав

БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНФУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Франц Улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж, зохих хувь нэмрээ оруулсан Францын зарим иргэнийг төрийн одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор Рубрук хот дахь Франц, Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүн Эрик Массе, Орлеан хотын Аршетийн эмнэлгийн клиникийн эрхлэгч Негр Жак нарыг шагнав. Мөн “Рубрук хот дахь Франц, Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүн Шантал Гобиут, Жозе Дэбрукер, Монгол Улсад Дурангийн мэс заслыг хөгжүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагааны ТББ-ын тэргүүн Николас Бурдел, Франц-Монголын соёл, хүмүүнлэгийн АПАУ нийгэмлэгийн тэргүүн Даниэл Дэвин нарыг Найрамдал” медалиар шагнаж, батламжийг гардуулан өгөв.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна