Мэдээллийн санд нэрс нь байсан 1591 иргэнд газар өмчлүүллээ

2015 оны 11 сарын 20

Цахим хэлбэрээр дөрөвдүгээр ээлжинд газар өмчлүүлэх байршлуудаас дахин сонголт хийх нэгж, талбаруудыг өчигдөр нийслэлийн Өмчийн харилцааны газраас зарлаж, өмчлөх иргэдийг шинээр тодрууллаа. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга Т.Соёлхүүгээс тодрууллаа.

-Дөрөвдүгээр ээлжинд цахимаар газар өмчилсөн хэчнээн хүн байгаа вэ. Дахин сонголтоор хэдэн хүнд газар өмчлүүлж байна?

-Дөрөвдүгээр ээлжинд цахимаар газар өмчилсөн 11564 иргэн байгаа ч дүрэмд заасны дагуу хугацаандаа өргөдлөө баталгаажуулаагүй 1591 иргэн байна. Уг нь иргэд цахим хэлбэрээр газар өмчлөх шалгаруулалтад оролцож газар өмчлөх эрхтэй болсон бол ажлын 10 хоногт багтаж, харьяа дүүргийнхээ Өмч газрын харилцааны албанд хандан газар өмчлөх эрхээ баталгаажуулах үүрэгтэй. Хэрэв дээрх хуулийн хугацаанд газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй бол нийслэлийн Өмчийн харилцааны газраас тухайн эрхийг хүчингүй болгодог. Тухайн газрыг өөр хүнд өмчлөх эрхийг олгодог. Тиймээс дөрөвдүгээр ээлжийн цахим газар өмчлөлөөр газартай болсон ч газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй 1591 иргэ­ний эрхийг цуцалсан. Улмаар өнөөдөр /өчигдөр/ дахин сонгон шалгаруулалт явуулж байна. Шинээр газар өмчилсөн 1591 иргэний хувьд өмнө нь газар өмчлөхөөр бүртгүүлсэн буюу манай мэдээллийн санд нэрс нь байгаа иргэд юм. Түүнээс дахин бүртгэл явуулж байгаа гэж ойлгож болохгүй.

-Дахин сонгон шалга­руу­лал­таар өмчлүүлж бай­гаа газрын байршлыг тодруулаач?

-Нийслэлийн Баянзүрх дүүр­гийн Майхантын аманд 32, Овоотын аманд 26,  Цагаан даваанд 46, Улиастайн Бага аманд таван га газар. Хан-Уул дүүргийн Уушын ард 165, Дарцагт есөн газар өмчлүүлнэ. Мөн Сонгинохайрхан дүүрэг түрүү­ний хөндийд 128, Тахил­­тын хөндийд 111, Эхэн усны хөн­дийд 528, Хүй долоон худгийн хөндийд арав, Хужирын хярд 44, Хуст ууланд 99, Хүйн хөндийд 176 га газар нийт 1591 га газарт дахин сонгон шалгаруулалтын ажил явагдаж байна. Мэдээж эдгээр газрыг цахимаар газар өмчлөх үйл ажиллагаанд оролцох иргэдэд тавигддаг үндсэн гурван шаардлага хангасан иргэд өмчилж байгаа. Тодруулбал, нийслэлд байнга оршин суух бүртгэлтэй нийслэлийн иргэн. Гэхдээ 2013 оны тавдугаар 30-наас өмнө нийслэлд оршин суух бүртгэл нь албан ёсоор баталгаажсан. Энэ хугацаанаас хойш төрсөн бага насны хүүхдүүд газар өмчлөх боломжтой. Ингэхдээ эдгээр хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч буюу эцэг эх нь 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө нийслэлд бүртгүүлсэн, нийслэлийн иргэн. Урьд нь газар өмчлөөгүй зэрэг шаардлага хангасан иргэд байгаа.

-Эдгээр сонгогдсон иргэд цахимаар газар өмчилж байгаагаа яаж мэдэх вэ?

-Иргэд цахим газар өмчлөлд бүртгүүлэхдээ бичсэн утасны дугаар болон цахим хаягаар нь газар өмчлөх эрхтэй болсон талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдэгдэх болно. Харин газар өмчлөх эрхтэй болсон бол ажлын 10 хоногт багтан харьяа дүүрэгтээ очиж өргөдлөө баталгаажуулна. Иргэд газар өмчлөх эрхээ батал­гаажуулахдаа иргэ­ний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний хуул­барыг нотариатаар баталгаа­жуулж өгөх шаардлагатай.

-Ирэх жил хэчнээн иргэн газар өмчлөлд хамрагдах боломжтой байна вэ?

-Энэ жил цахимаар нийт  60 мянган иргэн газар өмчилсөн. Ирэх онд хэдэн иргэн ямар хэлбэрээр газар өмчлөхийг одоохондоо хэлэх боломжгүй. Гэхдээ НИТХ-аас 68 байршилд цахим хэлбэрээр газар өмчлүүлэхээр урьдчилсан байдлаар баталж өгсөн. Гэхдээ газар өмчлүүлэх ажил хэзээ эхлэх нь тодорхой байна. Учир нь 68 байршил тус бүр суурь кадастрын судалгаанууд хийгдэх юм. Түүний дараа судалгаан дээр үндэслэн дэд бүтцийн төлөвлөлтийг хийнэ.

Ж.ОТГОН

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна