"Уртын дуу дуулдаг Монголын анхны эрэгтэй хамтлагийг байгуулсан"

2015 оны 11 сарын 20

Монголын анхны эрэгтэй уртын дууны “Язгуур” хамтлагийн ахлагч Т.Баянжаргалтай ярилцлаа.

-“Язгуур” хамтлаг өөрийн гэсэн нэлээд уран бүтээлтэй болсон. Хамтлагаа хэрхэн байгуулж байсан түүхээс ярилцлагаа эхэлье?

-Бид хоорондоо ярилцаж байгаад бодлоготойгоор морь жилд хамтлагаа байгуулсан юм. Манай хамтлагийн гишүүд Соёл урлагийн их сургуулийг 2013 онд төгссөн. Нэг ангийн гурван залуу байдаг. Орчин үеийн хамтлагтай болох хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж хамтлагаа байгуулсан. Хамтлаг маань байгуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

-Ер нь хамтлаг дуучид ихэнх нь рок поп урсгалаар дуулдаг. Яагаад уртын болон ардын дууны хамтлаг болохоор шийдсэн юм бэ. Ялангуяа уртын дуу дуулдаг эрэгтэй хамтлаг гэхээр сонин байна?

-Манай хамтлаг уртын дуу дуулдаг Монголын анхны эрэгтэй хамтлаг болж байгаа. Өөр уртын дууг орчин үеийн өнгө аяст оруулж, хоолой салгаж дуулдаг хамтлаг байхгүй. Анхдагч нь учраас хүмүүст ойлгуулахын тулд маш их хөдөлмөрлөж байна. “Шуранхай” хамтлагийнхнаас санаа авсан. Мөн тус хамтлагийнхантай ойрхон ажиллаж, зөвлөгөө авдаг.

-Хамтлагаа “уртын дууг орчин үеийн” болгож дуулдаг гэж тодотгож байна. Яагаад ингэж тодотгох болсон бэ. Уртын дууг хэрхэн орчин үеийн болгосон юм?

-Монголд уртын дууг олуулаа дуулж байсан тохиолдол олон байдаг. Манай монголчууд найр, наадам дээр уртын дуугаа дуулдаг ард түмэн. Харин манай хамтлагийн хувьд уртын дууг дуулахдаа хоолой салгаж дуулж байгаа юм. Хоолой салгаж дуулж байна гэдгээрээ л онцлогтой. Нэг хүн уртын дууг дуулахад хэцүү байдаг. Манай уртын дуу чинь хоолойны чадал, цар хүрээ шаардсан байдаг л даа. Залуучуудад уртын дуугаа сурталчлах, таниулах үүднээс орчин үеийн хэмнэлд оруулан хоолой салгаж дуулж байна. Тийм учраас сүүлийн үеийн электро дайнс хөгжмийн хэмнэлд оруулан дуулахаар шийдсэн юм. Тэгвэл илүү хүнд хүрэх болов уу гэж бодсон. Өмнө нь япончууд Норовбанзад гуайн хөгжим дээр энигма гэдэг урсгал оруулан найруулгыг нь өөрчилж байсан юм билээ. Сонгодог дууг орчин үеийн урлагтай холбосон урсгал өөр байхгүй.

-Уртын дуу хоолойны цар хүрээ их шаарддаг. Нэг нотондоо удаан барьж дуулдаг шүү дээ. Ийм дууг хоолой салгаж дуулах хэцүү байх?

-Уртын дуу сонгодог төвшинд хүртлээ хөгжсөн. Мөн цар хүрээний хувьд их өргөн байдаг. Ийм өргөн цар хүрээтэй дууг яаж хоолой салгаж дуулж байгаа юм бэ гэж хүн бүр асуудаг юм. Энэ бол зүгээр л нотоор нь салгаж дуулж байгаа явдал л даа. Бид гурав Соёл урлагийн их сургууль төгссөн болохоор тодорхой хэмжээний хөгжмийн мэдлэгтэй. Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Э.Түвшинсайхан бид гурвын хөгжмийн зохиолыг хийж өгдөг. Өөрөөр хэлбэл, бид гурвын хоолойд тааруулж гурван өөр өнгөөр зохиол бичдэг гэсэн үг.

-“Эрдэнэ засгийн унага” дууг л дуулсан уу. Өөр дуу байгаа юу?

-Одоогийн байдлаар уртын дууны хоёр уран бүтээлийг хийсэн. Мөн ардын дууны хоёр уран бүтээл хийсэн. Одоо нэг уран бүтээл дээр ажиллаж байна. Удахгүй сонсогчиддоо хүргэнэ.

-Уртын дуу дотроо “Эрдэнэ засгийн унага” дуу нугалаа багатай, амархан дуу шиг санагддаг. Нугалаа ихтэй уртын дууг дуулахад хэцүү байдаг. Дуугаа хэрхэн сонгож байна вэ?

-“Эрдэнэ засгийн унага” дууг хүн болгон мэддэг, сонсдог учраас сонгосон. Мөн энэ дуу манай Эрдэнэ вангийн хошуу буюу одоогийн Баянхонгор, Завхан аймгийн нутгийн дуу. Бид гурав Баянхонгор аймгийн хүүхдүүд учраас энэ дууг сонгож дуулсан. Дууныхаа тухай хүмүүсээс асууж, судалгаа хийсэн. Ерөнхийдөө аялгуу нь хөнгөн, хүмүүсийн чихэнд сонсголонтой дууг сонгоё гэж боддог. Нугалаа ихтэй, шуранхай ихтэй дууг ганцаараа дуулахад илүү сонсголонтой байна. Хэрвээ гурван хүн дуулах юм бол чихэнд төвөгтэй, наалдац муутай  сонсогдоно.

-Ардын дууг хүн болгон дуулдаг. Ардын дууны сонголтоо хэрхэн хийж байна вэ?

-Манай хамтлаг “Бөмбөгөр цагаан” гэдэг ардын дууг дуулсан. Энэ дууг бараг дуулдаггүй. Бид “Бөмбөгөр цагаан” гэдэг дууг Монголын үндэсний телевизийн алтан фондоос авч дуулсан. Ер нь цаашид залуу үедээ ийм дуу байдаг шүү гэдгийг мэдүүлэх үүднээс дуугаа сонгосон. Ая данг нь МУГЖ Л.Чулуунчимэгээр дуулуулсан. Ер нь ойрд дуулагдаагүй сайхан аялгуутай дууг хайж байна. Гэхдээ бид гуравт зохих дуу гэж байна, зохихгүй дуу гэж байна шүү дээ. Ардын дуу аль ч хувилбарт шилжиж болдог. Ямар ч үндэсний хөгжим, орчин үеийн хөгжимтэй хосолдог юм. Тийм учраас ардын дууг дуулахад сайхан байдаг юм.

-Уртын дуу гоё сонсогдож байна. Гэхдээ энэ чинь манай нэг том соёл шүү дээ. Үүнийг өөрчилж дуулах шаардлага байна уу?

-Ер нь үндэснийхээ язгуур хэв шинжийг алдаж болохгүй байгаа юм. Бид гурвын баримталдаг зарчим гэвэл яг төрийн наадам, ёслолын арга хэмжээнд ширэн цартай морин хууртай, яг л байгаагаар нь дуулах байдаг. Урын санд 200 гаруй уртын дуу байгаа. Уртыг дууг залуучууд сонсоосой, мэдрээсэй гэсэндээ нэг их эвдэхгүйгээр хөгжмийн найруулга хийж л хүмүүст хүргэж байгаа юм. Үүнийг одоо сонсохгүй байж болно. Дараа нь сонсож болно. Ер нь залууст уртын дууг сурталчлах л зорилготой. Түүнээс биш хэлбэр хөөсөн зүйл байхгүй.

-Өөрсдөө хөөмийлдөг үү?

-Найзууд маань уран бүтээлийн ажилд тусалж хөөмийлж өгсөн. Манай хамтлагийнхан хөөмийлдөггүй.

-Тус тусдаа уран бүтээл хийдэг үү?

-Хийдэг. Нийтийн болон ардын дуу дуулж байна. Манай нэг гишүүн ҮДБЭЧ-ын гоцлол дуучин. Чуулгадаа бие дааж уран бүтээлээ хийдэг. Миний хувьд нийтийн дуу дуулсан. Саяхан Т.Сэр-Од багшийн аялгуу, н.Мягмарын шүлэг “Учрахын болзоотой нутаг” гэсэн дууг дуулж, ард түмэндээ хүргэсэн. Одоо Б.Пүрэвсүрэнгийн аялгуу “Замын тэнгэртэй аав” гэдэг шинэ дууны ажилд орсон байгаа.

-Уртын дуу, ардын дуу зөвхөн дуу гэдгээс гадна Монголын түүхийг агуулж байдаг юм шиг санагддаг. Уртын дууны судалгаа бол гайхамшигтай. Танай хамтлагийнхан дууныхаа талаар судалгаа хэр хийдэг вэ?

-Дууныхаа судалгааг хийнэ. Дууныхаа үүх түүх, домгийг судалдаг. Уртын дуу дэлхийн сонгодог урлагаас өмнө үүссэн. 13 дугаар зууны эхэн үед монголчууд эртний сайхан сүлд дуутай байсан юм. Тухайн дуу ямар хошууны, ямар гаралтай, хэддүгээр зуунд дуулагдаж байсан бэ гэдгийг хүртэл судалж байгаа. Жишээлбэл, Манжийн дарангуйллын үед уртын дууг нам дарсан байдаг ч юм уу. Урт аялгуугаар дуулж нэгэнтэйгээ ойлголцоод байна гэж хүртэл ярьдаг байсан гэдэг. “Эрдэнэ засгийн унага” дуунд “Эргээд овоон дээрээ уулзая” гэсэн үг хүртэл байдаг. Энэ уламжлал, өв соёлоо монголчууд авч үлдсэн. Хэдий дарлуулж байсан ч гэсэн хадгалж авч үлдсэн байдаг.

-Дууныхаа клипийг хийхдээ тухайн дууны түүхийг харуулсан зохиомж хийвэл ямар вэ. Ер нь хийдэг үү?

-“Эрдэнэ засгийн унага” дууны клипэнд Засагт ханы эрчүүд ямар хүн байсан бэ гэдгийг харуулдаг. Мөн орчин үеийн нийгмийг харуулах зорилготой байсан. Гэхдээ дараагийн дууны клипийг домгоор нь хийх гэж байгаа.

Н.ПУНЦАГБОЛД

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна