“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах эрсдэлтэй байна

2015 оны 11 сарын 20

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч TTJVCo компанид ажилчид орж ажиллах тухай асуудалтай холбогдуулж “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн зүгээс компанийн удирдлагад тодорхой заалт бүхий шаардлагыг хүргүүлсэн.

Уг шаардлагын дагуу “Эрдэнэс Таван Толгой” ХК нь тус Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнийн эмчилгээг бүрэн хариуцаж, шаардлагатай бол гадаадад очиж эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлыг бүрэн хариуцахаа мэдэгдсэн. Мөн үүссэн нөхцөл байдал, Үйлдвэрчний эвлэлээс ирүүлсэн санал, шаардлагын дагуу ажилчдын эрх ашгийг нэн түрүүнд хамгаалах зорилгоор цалин хөлс, олговор, тэтгэмж зэргийг хэвээр хадгалах, нэмэгдүүлэх болон ажлын үр дүн, гүйцэтгэлээс хамаарсан урамшууллыг ажилтанд нэмж олгох, мөн 33 сарын хугацаанд бүтэц орон тооны өөрчлөлт зэрэг  шалтгаанаар ажилтныг халахгүй байх зэргийг TTJVCo компанитай хэлэлцэж шийдэрлэлээ.

Үйлдвэрчний эвлэлээс шаардсаны дагуу ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоос өмнө буюу TTJVCo-д шилжихээс өмнө Хамтын гэрээг байгуулах ажлыг эрчимжүүлж, холбогдох санал солилцож Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзсан. “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлээс ирүүлсэн “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж гэрээ шилжихэд компанийн зүгээс ажилчдад олгох ажилгүйдлийн тэтгэмжийг 18 сараар тооцож олгох” гэсэн нь холбогдох хуульд нийцэхгүй, компанийн санхүүгийн хувьд боломжгүй санал хэмээн үзэж байна. Мөн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэл нь гишүүдийн төлөөлөлдөө өөрчлөлтийг ойр ойрхон хийж байгаа нь  хэлэлцээг удаашруулж байна.

Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг энэ оны 12 дугаар сард эхлүүлэхэд компанийн зүгээс анхаарч ажиллаж байгаа бөгөөд асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.  Хэрэв асуудал шийдэгдэхгүй удвал “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах эрсдэлтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна