Сэргээгдэх эрчим хүчний салбарт 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар боллоо

2015 оны 11 сарын 20

АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн дэд хорооны хуралд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Дэд хорооны хурлаар “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн 2015 оны хагас жилийн тайланг хэлэлцэж, үр дүнг танилцууллаа. Дараа нь Бангладеш, Руанда, Уганда, Монгол улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг дэд хорооны хурлаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлсэн үгэндээ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлсэн Азийн хөгжлийн банк,  Дэлхийн банк болон Уур амьсгалын хөрөнгө оруулалтын санд гүн талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зохих шаардлагын дагуу боловсруулсан бөгөөд Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт оруулан ажиллаж байгааг дурлаа. Ирэх 2016 онд Монгол Улс нь Ази-Европын өндөр түвшний уулзалт зохион байгуулах үеэр Сэргээгдэх эрчим хүчний талаар тусгай уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэмдэглээд, цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглан Зүүн-Хойд Азийн орнуудад эрчим хүч экспортлох томоохон зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа тухай мэдээлэв.

Дараа нь ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцууллаа. Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрийн дэд хорооны хурлаас “Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд шаардлагатай 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох шийдвэр гаргалаа.

Түүнчлэн Дэд хорооны хурлаас өгсөн санал, шүүмж болон  хүлээгдэж буй зорилтоор хувийн хэвшлийн оролцоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах асуудлыг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үр дүнгийн хүснэгтэд тусган шинэчлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгов. Шинэчлэгдсэн үр дүнгийн хүснэгтийг 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний дотор Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн удирдлагад ирүүлэхийг мэдэгджээ.

Ийнхүү Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагдсанаар 2 үе шаттай хэрэгжих юм. Нэгдүгээрт баруун бүст 20 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 5 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станц, газрын гүний дулааны насосыг 5 байршилд суурилуулж, Үенчийн усан цахилгаан станцыг сэргээн засварлах зэрэгт 64,7 сая ам долларын төсөл хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхэд 1,3 сая ам долларын техникийн туслалцааг авч, цаашдаа нийтдээ УАХОС-гаас 30 сая ам долларын буцалтгүй тусламж нөхцөл бүрдэнэ.

Өнөөдрийн байдлаар Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын санд дэлхийн өндөр хөгжилтэй 13 орны Засгийн газрын нийт 8.1 тэрбум ам. долларын хөрөнгө төвлөрөөд байна. Олон улсын Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч бага ялгаруулах хөгжлийн үйл ажиллагааг эдийн засаг, нийгэм, байгаль орчинд нийцүүлэн дэмжих зорилготой юм. Энэ зорилго нь улс орнуудын эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах замаар эдийн засгийн өсөлтийг хөхүүлэн дэмжихэд туслалцаа үзүүлдэг. Энэ үйл ажиллагаа нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг хурдасган зах зээлийг нэмэгдүүлэн хувийн хэвшлийг өргөн хүрээтэй оролцуулах замаар бүтээмжтэй эрчим хүчний хэрэглээг нар, салхи, био энерги, газрын гүний дулаан, бага оврын усан цахилгаан станцын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна