Ховд аймгийн хурц арслан Лааганы Найдан

2015 оны 11 сарын 20

Сэтгүүлч:
Ховд

Миний анх удаа үзсэн аймгийн наадмаар /1993 он/ сүрдмээр өндөр биетэй, хөрслөг бор царайтай өвгөн бөх хоцорсхийн ирж бүртгүүлж, уран сайхан гараа дэвээгээрээ наадамчин олныг баясган төвөггүйхэн 2 давж, 3-ын даваанд цолоо дуудуулчихаад, бөхийн барилдааны хөлийн цэцээр ажиллаж байсан нь тод санагддаг юм. Наадамчин олон 60 шүргэж буй хүн гэхэд сайн байна шүү, үнэхээр ясны бөх юм даа, залуудаа мөн ч сайхан бөх байсан юм даа” гэх нь чих дэлсэнэ.Энэ бөх бол 1950, 1960-аад оны үед Ховд аймгийн наадмын бөхийн торгон дэвжээг эзэгнэж, наадамчин олноо уран гоё гараа дэвээ, уран сайхан барилдаанаараа цэнгүүлж явсан аймгийн хурц арслан Лааганы Найдан юм. МҮБХ, Ховд аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, Буянт сумын ЗДТГ, Сумын нутгийн зөвлөл, Ховд аймгийн хөгжлийн төлөө сан, Ховд дэвжээ, сайхан сэтгэлт хүмүүс, ахан дүүс, хань, үр хүүхдүүд нь хамтран өвгөн арслангийн нэрэмжит барилдааныг зохион байгуулах гэж буйг сонсоод, буурал арслантай олон удаа уулзаж ойр дотно явсны хувьд барилдааных нь амжилт, амьдралынх нь замналаас уншигчидтайгаа хуваалцахаар бэлтгэлээ.

Монгол орны алс баруун хязгаар Ховд аймгийн Буянт сум Бөхийн алдар цуутны өлгий, уран барилдаанч бөхчүүдээрээ улс даяар алдаршсан нутаг. Тэр дундаа мөнхцаст Жаргалант хайрхан уулын баруун хойд хөндий, толин цэнхэр хатан хар ус нуурын эрэг дагуух Цагаан голын Цагаан тэмээтээс хойш Шувуун цуглаа хүртэлх ойролцоогоор найман бээрийн зайтай үржил шимтэй байгалийн үзэсгэлэн төгөлдөр, бэсрэгхэн газарт улсын арслан Ш.Ванчинхүү, улсын заан Д.Мягмар, аймгийн арслан Б.Самдан, Ш.Нинзэн, Н.Пүрэвдорж, Н.Загд, Л.Найдан, Д.Батаа, Д.Насан, аймгийн заан Ц.Санжаа нарын олон алдарт бөхчүүд төрсөн байдаг нь сонин. 

Энэхүү гайхалтай хувь тохиолтой газарт 1936 оны гал үхэржилийн хаврын адаг сарын яргуй нүдлэх цагаар Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Лосолын Лааганыд нэгэн хүү мэндэлсэн нь аймгийн хурц арслан Найдан байв.Аавынхаа 49, ээжийнхээ 42настайд нь төрсөн айлын отгон хүү болох Найданг дөнгөж 5 сартай байхад аавыг нь хэлмэгдлийн хар шуурга дайран авч явсан байдаг.Хар бага наснаасаа амьдралын хүнд хүчрийг мэдэрч, хар бор ажилд нухлагдан, ээждээ тусалж байсан нь түүний бие болон сэтгэлийн хатыг нь хөгжүүлж, бөх болох замналыг нээжээ.

Тэрбээр 1953 онд аймгийнхаа наадамд 17 настайдаа анх барилдаж нэг даваад хоёрындаваанд Эрдэнэбүрэн сумын харьяат аймгийн начин н.Чанарав гэдэг хүнд унажээ. Энэ наадмаас хойш хаана л наадам болж байнабайнга л очоод зогсчихдог бөхийн хорхойтон болсон бөгөөд нагац ах а/а Б.Самдан, нутгийн ах нар болох а/а М.Аюуш, Д.Лувсан, Д.Дамбий, Н.Пүрэвдорж нарын бөхчүүд ирээдүйд бөх болно доо гэж урам нэмдэг байв. Мөн1954 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумд элсэн орж, өөртэй нь ижил бөхөд сонирхолтой, хожим нь Баян-өлгий аймгийн хурц арслан болсон Е.Дагыстай нэг ангид сурах болсон нь түүнд барилдах бяр, ур чадвар суулгаж, сонирхлыг нь улам нэмэгдүүлж өгсөн гэдэг. Өвгөн арслан: ...Дагыс бид 2 завсарлагаа болгоноор, ер нь чөлөө зав гарах бүрт ноцолддог байлаа.Нэгнийгээ заавал хаяж байж сална. Сүүлдээ аймагт зохиогдож буй барилдаануудад хоёулаа нилээд хэддавдаг болоод ирсэн.Бид бие биенийгээ ээлжилж суйлна.Дагыстай байнга ноцолдож байсан нь надад их зүйлийг сургасан, мөн ч сайхан бөх байсан шүү гэж нөхрөө дурсан өгүүлж байв.

Арслан маань 1957 оны наадмын өмнөхөн сургуулиа малын бага эмч мэргэжлээр төгсөж, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд малын эмчээр ажиллахаар хуваарилагджээ. Аймгийн цол авчих санаатай бага сага шалтаг тоочиж байж аймгийнхаа наадамд зодоглохоор болжээ.Аймгийнхаа наадамд гурав давж, дөрвийн даваанд өмнөх жилийн наадмын түрүү бөх Р.Раднаа арслантай нар жаргатал барилдаад, хаялцалгүй маргааш нь үргэлжлүүлэн барилдаж өвдөг шорооджээ.Тэр жил найз Е.Дагыс нь Баян-өлгийаймагт  түрүүлж арслан болсныг сонсоод, цагаахан атаархал төрж, би ч гэсэн аймагтаа заавал түрүүлнэ дээ гэж өөрийгөө нууцхан хурцалж байсан гэдэг. 

Л.Найдан арслангийн барилдааны амжилтыг толилуулбал:

·         1958 онд урьд нь 2 ч удаа унаад байсан аймгийн начин н.Чанараваар 4, Буянт сумын харьяат 1953 оны наадмын түрүү бөх аймгийн арслан тавхай хэмээх Д.Лувсангаар 5 давж начин болж, дөрөвт үлдээд мөн л Р.Раднаа арслантай тунан барилдаж өвдөг шорооджээ. 

·         1959 оны 5-р сард Ховд хотод болсон аймгийн оюутан залуучуудын анхдугаар спартакиадын үндэсний бөхийн барилдаанд тухайн үеийн шилдэгүүд болох а.а Р.Эрдэнэпүрэв, Ч.Магван, н.Жанцан, а.з Ц.Майдар, Д.Сэрээнэн, Алтайн н.Чимэддорж, Зэрэгийн н.Бааст нарын бөхчүүд оролцсон 22 бөхийн тойргийн барилдаанд өвдөг шороодолгүй 21 давж түрүүлэн,аймгийн арслан цолонд хүрэв.

·         1959 оны аймгийн наадамд арслан цолтой зодоглож, Увс аймгийн залуу арслан П.Арслантай 6-ийн даваанд тунаж, 4 цаг гаруй барилдаж даваад, Увс аймгийн арслан Т.Лхүндэвт унаж үзүүрлэжээ. 

·         1960 оны аймгийн аварга шалгаруулах барилдаанд мөн л түрүүлж, Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцохоор Улаанбаатарт иржээ.Тус баридаанд 5 дараалан давж, 6-р тойрогт Баянхонгор аймгийн арслан Г.Агваантай барилдаж байгаад хөлөө бэртээснээр барилдаанаа дуусгажээ.

·         1961 оны монголын нийт ард түмний спартакиадын шатарчилсан барилдаанд аймагт 31 бөх барилдахад, Үенчийн суугаа н.Дамдинд унаж нэг унаатайгаар түрүүлэн улсын спартакиадад шалгаран барилдаж, 28 бөхөөс 16 давж байжээ. Арслангаас ердөө 3 даваагаар илүү Увсын улаан гуталт М.Цэрэндорж улсын начин болж байсан гэдэг. Арслан энэ барилдаанд тэмээ өргөдөг Б.Жамьяандорж арслан, улсын начин Ц.Ванчинхорлоо,Ж.Жигмэддорж зэрэг улсын цолтнуудыг давж байсан нь зиндаа өндөр бөх байсныг нь гэрчилнэ. Тэр жил улсын баяр наадамд барилдаж 2 даваад, улсын заан өмсдөг Ц.Дамдиндоржидунажээ.

·         1963 оны аймгийн баяр наадамд 5 давж шөвгөрч, уран барилдаант аймгийн арслан Д.Насанд унажээ. 

·         1964 оны аймгийн баяр наадамд Чандмань сумын харьяат аймгийн арслан Ц.Намбараар 6, мөн Чандмань сумын харьяат аймгийн заан хөөмийч Д.Сундуйгаар 7 даван түрүүлжээ. 

·         1965 оны аймгийн баяр наадамд Дөргөн сумын харьяат аймгийн арслан С.Цэвээнээр 6, Чандмань сумын харьяат аймгийн арслан Ц.Намбараар 7 давж, 2 дахь удаагаа түрүүлсэн байна. 

·         Аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд 1962, 1963, 1964, 1965 онуудад дараалан түрүүлж байв. 

·         Мөн аймгийнхаа Чандмань, Зэрэг, Буянт, Дарви, Үенч, Мянгад сумдын баяр наадамд нийтдээ 10 удаа түрүүлжээ. 

Найдан гуай 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ой, Ховд аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадмаар Улаанбаатараас төрсөн нутгаа зорин очиж, бөхийн гараагаа эхэлсэн торгон ногоон дэвжээ, нутгийн ах дүүсээ хүндэтгэн 44 дэх жилдээ зодоглож, уран гоё гараа дэвээгээрээ наадамчин олноо баясган, 65 насандаа зодог тайлжээ. 

Арслан маань ид үедээ 190 орчим см өндөртэй, 80 кг жинтэй, халж суйлах, харваж суйлах, эгэм тахим, тонгорох, тойгодох мэхнүүдийг сурцтай хийдэг, уран сайхан барилдаантай, уран гоё гараа дэвээтэй бөх байсан гэдэг.

 Ширэнд нь боосоншарын  махыг Зис-5 машинытэвшин дээр гаргачихдаг байсныг нь бодоход муугүй бяртай байсныг нь гэрчилнэ./Арьсанд нь боосон үхрийн мах өргөөд

зогсож буй залуугийнхаа зургийг үзүүлэв./ 
Найдан арслангийн аавын талд улсын арслан Ш.Ванчинхүү, аймгийн арслан Ш.Нинзэн, ээжийн талд аймгийн баяр наадамд 7 удаа түрүүлсэн Босоо хэмээх Б.Самдан арслан, аймгийн начин Б.Шижээ, Б.Дамар, тэдний үр хүүхдүүд болох Аймгийн арслан С.Содмоо, С.Ганхуяг, аймгийн начин Х.Дэмбэрэл зэрэголон бөхчүүд бий… Үүнээс үзэхэд бөхийн 2 талын удамтай хүн юм.

 

Түүнтэй ярилцсан ярилцлагыг та бүхэнд хүргэе. 


- Та тарган тавтай сайхан намаржиж байна уу?

Сайхан намаржиж байна.Саяхан нутаг яваад төрөлх сумынхаа 90 жилийн ойнбаярнаадамдоролцоод ирлээ. Төрж өссөннутгийнхаа 90 жилийн ойд оролцон өөрийнхөө нэрэмжит өсвөрийн хүүхдийн барилдааныг хань, үр хүүхдүүдийнхээ хамт санхүүжүүлэн зохион байгуулж нутгийнхаа ойд хандив өргөлөө.Олон сайхан хүүхдүүд барилдаж ирээдүйн том цолтой бөхчүүд эдний дотроос төрж, нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж явах болтугай гэж залбиран сэтгэл тэнэгэр сайхан наадаад ирлээ ах нь.

- Анх бөхийн гараагаа хэрхэн эхлэв? Яагаад барилдах болов гэдгээс яриагаа эхлэх үү?

Авга ах нар минь улсын арслан Ш.Ванчинхүү, аймгийн хурц арслан Ш.Нинзэн нарын алдартай бөхчүүд байдаг байлаа.Намайг ухаан суух үед Нагац талын Жаахахмаань Босоо нэр авчихсан ид байсан үе. /аймагт 7 түрүүлсэн Б.Самдан арсланг тэгж авгайлдаг аж/ Мөнманай сумаас аймагт түрүүлж үзүүрлэдэг а/а М.Аюуш, Д.Дамбий, Д.Лувсан, Н.Пүрэвдорж, а/з Ц.Санжаа, Ч.Дашзэвэг, С.Бямбажав нарын сайхан бөхчүүд ид барилдаж байлаа. Хамаатан бөхчүүд болон өмнөх үеийнхээ тэр сайхан бөхчүүдийг дууриаж, тэдний замналаар замнасан хэрэг.Улмаар бие биенийгээ хурцалж, өрсөлдөгч болж барилдаж байсан үе тэнгийн бөхчүүд болох С.Дамдин, П.Дамдин, Д.Батаа, Р.Раднаа, Ц.Намбар, Д.Насан, Ч.Магван нарын бөхчүүдийг дурдахгүй байж болохгүй.Мөн техникумд хамт сурч байсанЕ.Дагыс арслан байна.Дээрхи бөхчүүдийн хүчинд л бөх гэсэн нэр зүүсэн дээ ах нь.

- Та сая хамаатан бөхчүүдийнхээ талаар дурдлаа. Бөхийн удам талаасаа тодруулаач.Тухайлбал Ш.Ванчинхүү арслан?

Би 2 талаасаа бөхийн удамтай хүн.Аавын талаас гэвэл Ванчинхүү арслангийн аав Шарав, Нинзэн арслангийн аавынх нь аав Гончигжав, Миний аавын аав Лосол 3 төрсөн ах дүү нар байсан.Ээжийн талаас аймагт 7 удаа түрүүлсэн Самдан арслангийн ээж, миний ээж 2 төрсөн эгч дүүс юм.Мөн ээжийн дээд өвөгт Дарвийн луузан хочит бөх Халзан, бөх Довчин гэдэг хүмүүс байсан гэдэг.

 - Улсын баяр наадамд зодоглож байв уу? 

Би улсад ганцхан удаа барилдсан хүн.1961 оны Монголын бүх ард түмний спартакиадад аймгаасаа шалгарч оролцлоо.Уг барилдаан наадмаас 3 хан хоногийн өмнө дуусч, Ардын хувьсгалын 40 жилийн ойн улсын баяр наадамд барилдаж 2 даваад, өмсдөг Ц.Дамдиндорж заанд унасан.Дахин улсын наадамд барилдах боломж гараагүй.Бидний үед чинь улсын наадам бүү хэл аймгийн наадамд барилдах чөлөө олдоход бэрх байлаа. 

- Харамсалтай санагддаг, сэтгэл дундуур явдаг барилдаанууд бий юу?Аймагтаа илүү түрүүлэх боломж байгаагүй юу?

1966 оны аймгийн баяр наадмын барилдаан байна даа.Аймагт 2 жил дараалан түрүүлчихсэн иртэй ч байсан үе. Тавын даваанд Зэрэгийн Д.Пунцааг амалж давлаа. Дараагийн даваа эхлэх болоогүй гэхээрньморь үзээд явчихгүй юу.Тэгээд ирсэн чинь наадамчин олныг хүлээлгэлээ гээд намайг хасаад, Пунцааг давсан болгосон байсан.Тэр жил би бас түрүүлчихээр байсан болов уу гэж жаахан харамсдаг юм.Мөн 1963 онд Д.Насан арслантай хийсэн барилдаанд хайнга барилдсандаа гэмшдэг байлаа.Бид хамт унаад бөхийн комисс намайг унасанд тооцсон.Өөрийн хамаатан болон нутаг усны голдуу 8 хүнийг, цолны давааг алхуулж байлаа.Их эрт цолондоо ханачихсан гэсэн үг.Хэрэв хичээгээд зүтгэсэн бол аймагт 5 орчим түрүүлчихээр байсан болов уу гэж одоо бодогддог шүү.

- Таныг барилдаж байхад Эсэргүүний хүүхэд гэдэг байдлаар хавчиж гадуурхах зүйл ажиглагдаж байв уу?

Байсан даа. Жишээ нь 1959 оны оюутан залуучуудын анхдугаар спартакиадын барилдаанд би нэг ч уналгүй түрүүллээ.Залуу ч байж хот руу явахын хүслэн болсон хүн баяр хөөртэйгээр батламжаа авах гээд очиход эсэргүүний хүүхэд явуулахгүй, намын гишүүн хүн явуулна гээд өөр хүнийг явуулж байлаа.Мөн 1980-аад онд надаас эрэмбэ доогуур цолтой бөхийг зүүний магнайд гаргаж байсан.

- Барилдааны хамгийн үнэ цэнэтэй бай шагнал юу байв? 

…Олон бай шагнал авч байсан даа.1965 оны намарМянгадсумтаванхошуу малын баяр наадам хийсэн юм. Тэр барилдааны байнд нь ирсэн сартай хүрэн даага мааньсэтгэлд хамгийн тод байдаг юм.Сайн морь эр хүний унаа гэдэг дээ.Энэ морийг би 20 жил унаад хамгийн сүүлд 600 цаасаар худалдаж бага хүүгээ сургуульд явахад нь нэмэрлэж билээ. Надтай хамт өтөлсөн, энэ сайн хүлэгтээих хайртай байлаа.

- Таны аавыг нам, улс төрийн том зүтгэлтэн байсан, хэлмэгдлийн хар шуурганд өртсөн гэдгийг ард түмэн мэднэ. Аав ээжийнхээ тухай дурсаач?

Бид эцэг эхээс дөрвүүлээ.Нэг ах, хоёр эгчтэй байсан.Тэд маань ертенцийн мөнх бусыг үзсэн.Би отгон, хэнз хүү нь.Ээж маань аавыг баригдаад явахад 42настайхоцорсон.Ная гаруй насалсан даа.Аавыг минь 1936 оны есдүгээр сарын 15-нд намайг таван сартай байхадХовд аймгийн Буянт сумын Цагаан голын Элсэн шанаа гэдэг газраас баривчилж явсан гэдэг.Би бага үлдсэн болохоор аавынхаа тухай санах зүйл байдаггүй.Гэхдээ ээж, ах эгч, хамаатнууд нутгийн хүмүүсийн ярианаас дэлгэрэнгүй сонсч байсан.Нутгийнхан маань аавыг Дайд гэж авгайлж дууддаг байсан юм билээ.Хүний ганц хүү байж.Ардын намын анхны гишүүний нэггэдэг. 

“…Аав чинь өндөр сайхан нуруутай, халзандуу толгойтой, олон таван үггүй, нэг дуугарвал цэгцтэй үнэн үгтэй, маш ухаалаг, ядуусыг үнэн сэтгэлээсээ дэмжиж тусалдаг, хүнлэг хүн байсан...” гэж ээж болон нутгийн хөгшчүүлийн амнаас сонсож байлаа.Тухайн үед нам, улсын их хуралд төлөөлөгч сонгохдоо орон нутагтаа нэр хүндтэй, орон нутгаа төлөөлөөд үг хэлчих чадвартай тийм хүнийг л сонгодог байж.Энэ шалгуураар аав минь Намын дөрөвдүгээр их хуралд анх төлөөлөгчөөр сонгогдож, хотод ирэхэд нь дарга болгоод аваад үлдсэн гэдэг.АавминьIV-VIII их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан юм билээ.1928-1930 онд намын хянан байцаах комиссын дарга, 1930-1932 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байв.

Аав минь төрийн эсрэг өчүүхэн төдий ч хар хэрэг хийгээгүй, төрийн төлөө төрсөн хүн байсан гэдгийг эрдэмтэн судлаачид судлаж тогтоосон.Аав минь төр олныхоо төлөө шударгаар ажиллаж байгаад тухайн үеийн үзэл суртлын золиос болсон хүн дээ.Ганц биш гурван хэлмэгдлийг хүлцэн туулж, 1940 оны хавар цаазаар авхуулсан байдаг.

Ах нь хар багаасаа л эсэргүүний хүүхэд гэсэн нэр хаягтайгаар, тийм хочтой л хорвоог барлаа даа./санаа алдав/ Одоо 80 хүрч байна.Бага байхад сургуульд явж болохгүй, намд элсэх эрхгүй, хурал цуглаан дээр үг хэлэх эрхгүй явлаа."Хөөе муу эсэргүүний хүүхэд, эсэргүүний үлдэгдэл" гэж олонтаа хэлэгддэгбайв…Ах, эгч маань ч энэ зовлонг туулж хэлмэгдүүлэлтийн хүнд хүчрийг биеэрээ мэдэрсэн дээ.Муу ээж минь биднийг хүн шиг амьдруулах гэж насаараа л зовсон хүн.Өөр хүнтэй ч суугаагүй.Тэр байтугай бидний овгийг ч солиогүй.Тэр үед эсэргүү гэж баригдаж явсан хүмүүсийн ар гэр нь хүүхдүүдийнхээ овгийг сольж, муу муухай юмнаас нэр бүтэн авч гардаг байсан юм билээ. "Жархүртлээ хүлээлээ. Одоо ирэхгүй биз дээ" гэж ээж минь хэзээ хойно хэлж байсан. Аавыг амьд яваа, эргэж ирнэ гэж итгэж насаараа л хүлээсийм даа ээж минь .. 
- Та хаана ямарямар ажил хийж байв?

Би 1957 оны наадмын өмнө Ховдын хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр төгсөж, Өмнөговь аймгийн Хүрмэн сумаас ажлынхаа гарааг эхэлж байлаа. Тэндээ удалгүй ар гэрийн гачигдлаар шилжин ирж, Ховд аймгийнхаа Буянт, Мянгад, Зэрэг, Чандмань сумдад малын эмчээр 34 жил 6 сар ажиллаад өндөр насныхаа тэтгэвэрт суусан даа. 

- Гэр бүл, үр хүүхдүүдээ танилцуулаач. Таны хүүхдүүд болон ач зээ нараас барилдаж буй хүү байна уу?

Би нэг нутаг усны Рэнцэнгийн Даваахүүтэй 1957 оны 6-р сард гэр бүл болж одоо 59 жил хамт амьдарч байна.Арван хоёр хүүхэдтэй.Арван охин, хоёр хүү.Арван хоёр хүүхэд мааньбүгд нэгээс хоёр их, дээд сургууль төгсөж, дор бүрнээ ажлаа хийж өөрийн болон улс орныхоо амьдралд хувь нэмрээ оруулж явна.Хүргэн, бэр ач, зээ нийлээд бид одоо дал гаруй хүн болчихоод байна даа.Үр хүүхдүүд болон төр засаг, олон түмнийхээ буянд хөгшин бид 2 өтөл насандаа сайхан амьдарч байна.Бага хүү маань барилдвал барилдчихаар байсанболовч, эрдэм номын мөр хөөгөөд барилдсангүй.Миний авга эгчийн охиноос гарсан Улсын начин М.Цанлиг, миний төрсөн эгчийн охины хүүхдүүд болох аймгийн начин Ц.Дармаабазар, с/з Ц.Рэнцэнжүгдэр нарын залуучууд бий.Ач зээ нар дотор барилдахаар хүүхдүүд байна.Тэд балчир, би өтөлсөн болохоор тэдний барилдахыг ах нь үзэхгүй байх даа. 

- Танд баярлалаа. Хоёулаа ярилцлагаа өндөрлөх үү.

Баярлалаа. МҮБХ, Ховд аймгийн бөхийн холбоо, Аймаг, сумын ЗДТГ, нутгийн зөвлөлөөс санаачлан миний “Бөхийн алдрыг тэмдэглэх” барилдааныг зохион байгуулж буйд өвгөн болсон ах нь маш их баярлаж сууна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж буй бүх хүмүүст гэр бүл, үр хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөе. Бөхийн босоо цагаан хийморь үргэлж өөдөө байж, Ховд нутгаас минь улс, аймгийн цолтой олон сайхан бөхчүүд төрөн гарах болтугай.

Үндэсний бөхийн улсын гарын даа Шаравын Батхишиг

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна