Хүйтэн өвөл болно

2015 оны 11 сарын 20

Сэтгүүлч:
Улаанбаатар

Намрын шаргал өдрүүд хувьсан өөрчлөгдөж, газар дэлхий цагаахан өнгөөр гоёлоо. Хацар хайрсан өвлийн жихүүн өдрүүд үргэлжилж, цас мөсний орноос шинэ жил ч айсуй. Энэ жилийн өмнө өвөл цагаасаа өмнө Монгол нутагт “айлчилж”, өдрөөс өдөрт хүйтний эрч нэмэгдсээр. Мичин жилийн өвлөөс монголчууд бэргэдэг. Тэр ч утгаараа энэ жил зуд, турхан нүүрлэх вий гэж иргэд өвөлд эртнээс бэлтгэсэн.

Энэ өвөл цагаасаа эрт хүйтэрсэн, олон жилийн дунджаас хүйтэн болохыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал өнгөрсөн жилийн өвөл 11 дүгээр сарын 25, 26 ний өдрөөс эхэлж, хүйтэрсэн байх юм. Цасны тархац ч өнгөрсөн жилийн өдийд 30 хувьтай байсан бол энэ жил нийт нутгийн 80 хувь нь цастай байна. Ялангуяа Хангай нурууны хэсэг Увс, Баянхонгор, Дундговь, Говьсүмбэр аймгийн хойд хэсэг, Завхан, Архангайн нутаг, Хэнтий, Булганы өмнөд хэсэг, Төвийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан 10-25 сантиметрт хүрчээ.

Сарын сүүл 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зүүн, говийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна гэж цаг уурч анхаарууллаа. Мөн сарын 21 ний өдөр баруун нутгаар, 22 нд төв хэсгээр, 23 нд нутгийн зарим газраар цас орох төлөвтэй байна. Цас орох үеэр явган шуургатай. Хүйтний эрч энэ сарын 26, 27 ний өдөр хүртэл чангарна. Ингэснээр томоохон гол, нууруудын хөндий нутгаар хүйтний хэм нэмэгдэх урьдчилсан төлөв гарчээ.

Говь талын нутгаар энэ сарын 23, 24 ний өдрүүдэд салхи 12-14 метр хүртэл сэрүүсэж, шуурна. Баруун нутгийн хүйтний эрч 25 ний өдөр сулрах төв ажиглагджээ. Харин сарын сүүлээр дахин зарим газраар хүйтэрч, цас орох юм байна. Нийт нутгаар цас ихтэй учир том даваа, гүвээ цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэх хандлагатай байгаа юм. Мөн малын хариулга, бууц хөлдөж болзошгүй нөхцөл үүссэнийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна