Ард нийтийн санал асуух төслийг дэмжлээ

2015 оны 11 сарын 20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 55.1 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар өргөн мэдүүлэхдээ Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг давхар мэдүүлсэн юм. Хуулийг өргөн мэдүүлсэн нь ард түмнээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү, үгүй юу гэж санал авах болсонтой холбоотой. Санал асуулгын хуулийг УИХ-аас 1995 онд баталсан ч нэг ч удаа хэрэглээгүй. Харин одоо өөрчлөлт оруулахгүй бол хуучирсан байна.

Төсөл санаачлагчдын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал асуулгыг энэ сарын 26-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч хугацаа тулгамдсан тул хойшлуулахаас аргагүйд хүрээд буй.

Хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Ард нийтийн санал асуулгын хуулиа эхлээд баталчихъя. Гэхдээ санал асуулгыг ерөнхий авах гээд байна гэж яриа үүсээд байна. Үүнийг тодотгож болохгүй юм уу?

Хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Ерөнхий асуултаар явуулахад тохиромжгүй байна, тодорхой асуудлаар явуулъя гэвэл УИХ шийдэх боломжтой. Хэлэлцүүлгийнхээ явцад тодруулчихаж болно.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Ардчилсан нам дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй, бусад улс төрийн намуудыг зөвшилцөлд уриалах хэрэгтэй. Чи эх орны дайсан гэхгүйгээр аминд тулсан хуулиа өөрчлөх нь тулгамдсан асуудал. Том зорилго, том үйл ажил гэж ойлгож байгаа?

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар ярихын өмнө Эрдэнэт, Дарханы иргэд чуулганы үйл ажиллагаатай танилцаж байгаа нь их билэгдэлтэй юм.

УИХ-ын дарга З.Энхболд: Энийг зохицуулаагүй шүү, цаанаасаа л.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Бурууг Үндсэн хуулиас хайгаад байгаа. Үндсэн хуульд буруу байхгүй, буруу улс төрийн намуудад байгаа. Ард түмнээс санал асуух гэж байгаа бол Улс төрийн намуудын хуулиа ярих  ёстой. УИХ-д Сонгуулийн тухай дөрвөн хууль орж ирчихээд маргалдаад байна. Тэгэхээр энэ намууд гаднаас хандив авдаг байх ёстой юм уу, байшин сав эзэмших ёстой юм уу гэдгийг асууж болно.

Ард түмнээс төр үүсэлтэй юм. Төрийн дээр ард түмэн байгаа. Намуудад хандив өгөх үү, нам өмчтэй байх уу үүнийгээ яримаар байна. Үндсэн хууль хэдэн настайг ард түмэн хэлээд өгөх байх. 1945 оны арван сарын 20-нд санал асуулга явуулсан, үр өгөөжөө одоо ч өгч байна. 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг тухайн үеийн шилдэг сэхээтнүүд баталж байсан. Зөв хэрэгжүүлж байна уу, буруу хэрэгжүүлж байна уу гэдэг л асуудал байгаа. Тэгэхээр намуудын асуудлыг оруулаач ээ.

УИХ-ын дэд дарга Л.Цог: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хугацааны хувьд эргэлзээтэй болсон нь үнэн. Төсөл санаачлагч өөрөө ойлгож байгаа биз. Үндсэн хуулийн өөрчлөлтийг давхар яриад байгаа биз. Энэ бидний зүрхэнд орсон байна. Давхар дээлтэй асуудал өчнөөн юм болж байна. Энийг ярьсан бол их зөв байсан. Өөрчлөх нь бол зөв, гэхдээ өнөөдөр биш.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Нийгэмд тулгамдсан асуудал, бодлогын чанартай асуудлыг ард түмнээс асуух ёстой. Улс орны амин чухал асуудлыг Ард түмний санал асуулгын тухай хуулиа боловсронгуй болгоод асуучихад болохгүй юм байхгүй.  Ард нийтийн санал асуулга албан ёсоор асуугаагүй байж ард түмэн ингэж ярьж байна гэх нь ёс зүйгүй асуудал.

Улс төрийн намын тухай хуулиараа ч санал асууя. Үл хөдлөх хөрөнгө түрээсэлдэг, үүнийгээ ч асууя. Санал асуулга явуулах хуулиа боловсронгуй болгочихъё, дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын төвшинд шийдэж чадахгүй байгаа олон асуудлаар ард түмнээс санал асууж шийдэх боломжтой. Хуулийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хуулийг өөрчлөх бол Үндсэн хуулийн өөрчлөлтгүйгээр хэлэлц. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг алмад балмад юмнаасаа татгалз. 2010 онд УИХ-аас баталсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ард нийтийн санал асуулгыг яаж хийх вэ гэдгийг тодорхой заачихсан. Энэ хуулиа уншаагүй байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед санал асуулгаа тодорхой болго гээд заачихсан.

Төлөөллийн ардчилал чинь УИХ. Юм шийддэггүй УИХ-аар яадаг юм. Улстөрийн намын тухай хуулийг ард түмнээс асууна гэж юу байдаг юм бэ?. Санал асуулга гэдэг юмаар, ард түмнээс асууна гэж жүжиг тавьдагаа боль. Миний цаад талд хэчнээн мянган сонгогчийн санал бий. Ингэж УИХ-ыг хүчгүйдүүлж, ард түмэндээ хайртаж болж жүжиг тавих хэрэггүй гэлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. УИХ-д сонгуулийн тухай дөрвөн ч хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хууль, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Р.Бурмаа гишүүний боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуульд ямар үндэслэлээр сонгуулийн сурталчилгааг сониноор хийхгүй байхаар заасныг тодрууллаа.

Төсөл санаачлагчийн зүгээс хуулийн төсөлд сонинд сонингоор сурталчилгаа хийх заалтыг нэмээд оруулчих боломжтой гэсэн хариулт өглөө.

Хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна