Сарлаг хөлөглөсөн охин

2015 оны 11 сарын 20

Хятадын орчин үеийн зураач Вэн Югяны “Сарлаг хөлөглөсөн охины нисэлт”

Сарлаг унасан жаахан охин уул талын дээгүүр дүүлэн ниссээр наашаа ирж байна. Тэгтэл охины араар сундалдаж явсан бяцхан дүү нь дүрсгүйтэн дээшээ агаарт хөөрч гараас нь зүүгджээ. Цахилан довтолгох сарлагийн хөлийн туурайн хажуугаар төмөр замын ган шугам алслан дурайна. Энэ замаар түвд хүн, сарлаг хоёроос өөр амьтан нутгалдаггүй цастын орныг зорих аянчдын цуваа саяхнаас хөвөрдөг боллоо.

Тэнгэрт угалзан хээ мэтгэсэн үүлс улбар туяа татуулан хөхрөх нь үзэсгэлэнтэй. Ертөнцийн дээвэр Хималайн араар хүүгэн исгэрэх хүйтэн агаар бидэн рүү үлээх шиг сэрүү татлаа. Сарлагийн нуруун дээр охин суусрын үсээр эмжин захалж, уран гоё хээ шагласан цэмбэн дээлээр өөрийгөө ороон суудал засан тухалсан нь тун ч ямбатай. Хурдан явдалдаа халууцсан охин дээлээ тайлахад цагаан пансан цамц нь салхинд дарцаг мэт дэрвэлзэнэ. Өд мэт хөнгөн охин хөвүүн хоёрыг нуруун дээрээ суулгасан сарлагийн шар огтхон ч түүртэлгүй урагш зүтгэн тэмүүлнэ. Омрууных нь урт саваг үс нь салхинд хийсэн хоёр тийшээ ярагдан цацрахдаа улам ч сүр оруулжээ.

Бид Хятадын орчин үеийн зураач Вэн Югяны “Сарлаг хөлөглөсөн охины нисэлт” зургийг үзэж байна. Нууцлаг шидэт түвд хүн, уулсын хөлөг болсон сарлагийг дүрсэлсэн цуврал зургуудынх нь нэг энэ. Шинэ бүтээл бүрээрээ үзэгчдийнхээ сэтгэлийг хөдөлгөж чаддаг энэ зураач 1990 онд Бээжингийн уран сайхны академийг төгсчээ. Тэрээр 2002 оноос эхлэн Төвдөөр аялан тэсвэр тэвчээртэй хүмүүс, мал сүрэг, давтагдашгүй өвөрмөц байгалийн олон өнгийг нь судалж байж зургуудаа зуржээ.

Зураач хэлэхдээ “Энэ нутагт анх ирсэн даруйдаа л би өндөр уулсын өвчин туссан. Их хичээсний хүчинд аажимдаа бие минь илааршиж сэрүүн агаараар нь чөлөөтэй амьсгалдаг болсон. Тэгээд Төвд хүн, сарлаг, уул гурвын чандмань хэлхээ нь намайг үгээр хэлэхийн аргагүй өөдрөг үзэлд дуудаж байгааг мэдэрсэн. Энэ урам зоригоо би өнгө будгаар илэрхийлэхийг хүссэн юм” гэжээ.

Ө.РАГЧААСҮРЭН

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна