Сонгуулийн хуулиудыг дэмжлээ

2015 оны 11 сарын 20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 86 хувь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Мөн УИХ-ын гишүүн Су.Батболд нарын мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 92 хувь дэмжсэн бол О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 58 хувь нь дэмжиж, хэлэлцэхээр боллоо.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын боловсруулж өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн гишүүдийн 90 хувийн дэмжлэг хүлээлээ. Ингэснээр дээрх дөрвөн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дөрвөн хуулийн төслийн хоёрт нь сонгуулийн тогтолцоог одоогийнхоор буюу 48х28 байхаар заасан бол нэг төсөлд нь 38х38 байхаар заасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд Р.Бурмаа нар боловсруулсан хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгаа хийх хоног 14 байгаа нь хангалтгүй, хуучнаар нь буюу 21 хоногоор үлдээх нь зөв юм гэсэн байр суурийг гишүүд барилаа. Сурталчилгааны хугацаа 14 хоног байх нь шинээр нэр дэвших хүмүүст өөрийгөө сонгогчдод таниулж амжаагүй байтал санал авах болж, эрсдэл үүснэ гэж үзэж байна. Мөн сониноор сонгуулийн сурталчилгаа хийх заалт тусгаагүй нь буруу тул энэ асуудлыг төсөлд тусгах ёстойг гишүүд хэлж, Р.Бурмаа гишүүн энэ заалтыг ажлын хэсгийн төвшинд буцаагаад оруулаад ирэх боломжтой гэсэн хариулт өгөв.

Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд үдээс хойш 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна