Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан өдөр

2015 оны 11 сарын 20

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 44 дүгээр чуулганаар 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийг анх батлан гаргажээ. Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн эсэн мэнд хөгжих,сурч боловсрох, ялгаварлан гадуурхагдахгүй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн сайхан амьдрах аж төрөх зэрэг язгуур эрхүүдийг багтаасан чухал баримт бичиг юм.

Монгол Улс 1990 оны тавдугаар сарын 28-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, уг конвенцид нэгдэн орсон эхний 5 дахь орон болсон бөгөөд Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг болон Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд сурталчилахын эсрэг нэмэлт протокол, Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколуудыг тус тус соёрхон батлаад байна. Ингэснээр Монгол Улс хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санаанд нийцүүлэн хүүхдийн талаарх Үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг шат дараатай хийж, хэрэгжүүлэх боломж бүрджээ.  

Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах үүргийн дагуу Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн үндэсний тайлан илтгэлээ 1996, 2005, 2010 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд хэлэлцүүлсэн. 2015 онд ээлжит тав дахь тайлан илтгэлээ илгээгээд байна.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хүүхдийн эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх, хүүхдийн талаар баримтлах бодлогын шинэчлэл хийх, хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээний шаардлага, стандарт, арга зүй бий болгох, аливаа шийдвэр гаргах түвшинд хүүхэд санал, үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн амьдралд идэвхитэй оролцох цоо шинэ үзэл санаа, чиг хандлага, тогтолцоог үе шаттай хөгжүүлэхийн төлөө тууштай ажилласаар иржээ. 

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай конвенцоор олгосон хүүхдийн эдэлбэл зохих эрх, эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн бүлэгт бүхэлдээ туссан бөгөөд “Гэр бүл-эх нялхас, хүүхдийн эрх ашиг-сонирхлыг төр хамгаална” хэмээн зааж, “Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх” үүргийг иргэн бүрийн журамт үүрэг болгон хуульчилж өгсөн байдаг. 

Түүнчлэн “Монгол Улс соёрхон баталсан гэрээ хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж зааснаар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн  заалт, зарчмууд үндэсний хууль тогтоомжийн адил Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. 

Монгол Улсын Их Хурал 1991 - 2001 онуудад “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай”, Бага дунд боловсрол, Эрүүл мэнд, Нийгмийн халамж, Гэр бүл, Хөдөлмөрийн 30 орчим хуульд Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, түүний нэмэлт протоколуудын үзэл санааг тусгасан зарчмын өөрчлөлтүүд хийсэн нь хүүхдийн эрхтэй холбоотой нийгмийн харилцааг шинэчлэх эхлэл болсон юм. 

Монгол улсын Засгийн газар 1995, 1996, 2000 онуудыг Хүүхдийн жил, Боловсролын жил, Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгож зарлан ажилласнаар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн үзэл санааг нийгэм даяар сурталчилах, шийдвэр гаргагчид болон олон нийтэд ач холбогдлыг нь таниулах, хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд төв, орон нутаг дахь төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулах зэрэг асуудалд чухал түлхэц болж хүүхдийн аж байдлын зарим үзүүлэлтүүдэд нааштай өөрчлөлтүүд гарч эхэлжээ.

Монгол Улсын Их Хурал Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн 2 дахь 10 жилийн хугацаанд Эх, хүүхдэд тэтгэмж олгох тухай, Хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Давсыг иоджуулж, иод дутагдлаас урьдчилан сэргийлэх тухай, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай гэх мэт олон хуулийг батлан гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаархи илтгэлүүдийг нэгтгэн НҮБ-ын Хүүхдийн Эрхийн хороогоор хэлэлцүүлж өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд  анхаарал хандуулан ажиллах шаардлага байгаа юм. 

Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлыг эрхлэх Яам шинээр үүсгэн байгуулагдаж, Хүүхэд, гэр бүлийн асуудлаарх бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг Хүүхдийн төлөө Үндэсний газар хариуцан ажиллаж байна. Монгол Улсын төрөөс Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг шинэчлэн боловсруулж, суурь зарчим нь хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал байхаар тусгасан нь сайшаалтай.

Монгол Улс Хүүхдийн Эрхийн тухай Конвенцид нэгдэн орсноос хойшхи олон улсын байгууллагуудтай хамтран өнгөрсөн 25 жилийн хугацаанд чамгүй зүйлсийг хийж чадлаа. Тухайлбал, 1990 оноос хойш 5 хүртэлх насны хүүхдийн болон нярайн эндэгдэл тус бүр 1/3 хувиар буурч, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсролын хамрагдалт 35 хувиас 68 хувь болж нэмэгдсэн, дутуу жинтэй хүүхдийн тоо 2000 онтой харьцуулахад 90 гаруй хувиар буурсан, иоджуулсан давсны хэрэглээ 2/3 хувиар нэмэгдсэн гэх мэт олон тоо баримт дурдаж болно.

Цаашид Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн насны зорилт, хүүхдийн хөгжлийн цогц хэмжээс чадамжид суурилсан аргачлалыг ашиглан, монгол хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, төлөвшлийг тодорхойлох судалгаа хийж, үүний үр дүнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах орчин үеийн технологи бүхий мэдээллийн сантай болох зорилт тавьж байна. Ингэснээр Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.

Б.БААСАН


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна