Өндрөөс унасан гэр бүл

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Өндрөөс унасан гэр бүл

Дэлхий дээр үлдсэн цөөхөн хэдэн коммунист улсын нэг атлаа ардчиллын өлгий Америк улсыг ч ардаа орхиж, айлгаж буй Хятад улсын үсрэнгүй хөгжлийн бахдам зураглалын цаана юу нуугдана вэ? Хятадын онцлогтой коммунизм ба зах зээлийг хослуулан хөгжүүлэхийг хэдий  нам засаг нь хичээж байгаа ч хөрөнгөт нийгмийн сүүдрүүд болох авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, гэмт хэрэг, биеэ үнэлэлт, баячуудын багтаж ядсан  тансаглал, ядуу иргэний цөхрөлийн нулимс, аймшигт гэмт хэргүүд энэ улсыг тойрохгүй нь тодорхой болж, Хятад улс дэлхийн нүднээс бузар булайгаа нэгэнт нууж чадахаа  больсон байна.  

Хятадын Коммунист Намын топ лидерүүдийн нэг, “барууны стиль”-тэй ганц улс төрч, Бо Шилайн гэр бүлийг тойрсон скандал эрх баригч  ХКН, түүнчлэн Хятад улсын задрал, сүйрлийн эхийг тавьж магадгүй болоод байна. Түүний эхнэр Гү Кайлай нь Хятад улсад сүүлийн 20 жил амьдран суусан хятад эхнэр, 2 хүүхэдтэй, Английн бизнесмэн Нэйл Хэйвүдийн амь насыг  цианитын хүчлээр хордуулан бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд хэрэг гарах болсон шалтгааныг ухаж үзвэл эртнээс ажил хэргийн болон амин хувийн дотно харилцаатай тэд  Хятадаас Европ руу 1,2 тэрбум ам.доллар гаргаж мөнгө угаахаар тохиролцсон ч ашиг орлогын хувь дээрээ тохирч чадаагүйгээс болсон нь нэгэнт нотлогдоод буй. Бүр цаашилбал тэд олон жил гэр бүлээрээ найзалж, Бо Шилайн хүүг Хейвүд Английн хамгийн өндөр төлбөр бүхий нэр хүндтэй сургуулиудад оруулах зэргээр бие биенээ дэмждэг байсны сацуу Гү Кайлай, англи бизнесмен 2 амрагийн харьцаатай байжээ гэх зэргээр муухан детектив зохиолоос хамаагүй дээр адал явдлууд хөвөрсөн. Ингээд энэхүү дуулиант гэр бүлийн гишүүдийг танд танилцуулья.

Бо Шилай. Нас 62. ХКН-ын Улс төрийн товчооны 25 гишүүний нэг. Хувьсгалын нэрт зүтгэлтний үр удам тэрээр 2012 оны 10-р сард Намын Төв Хорооны  9 гишүүний нэгээр сонгогдох өндөр магадлалтай байсан. Тэр ч бүү хэл түүнийг ирээдүйд Хятадын ерөнхийлөгч болно гэж үздэг байв. Тэрээр Далиан хотын захирагч, Гадаад худалдааны сайд зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байгаад 2007 оноос Чон Жин мужийн захирагчаар ажиллаж байсан юм. Эхнэр нь хүн амины хэрэгт шалгагдаж буйн улмаас өнгөрсөн 3-р сараас эхлэн Бо Шилайг намын сахилгын дүрмийн дагуу бүх албан тушаалаас нь мулталж, намын гишүүдийн хатуу хараа хяналтан дор байлгаж байна. 

Бо Шилайн анхны эхнэрийн хүү Ли Ванжи нь ардчилсан үзлийг дэмжигч, тэрс үзэлтнүүдийн нэг бөгөөд аавынхаа шахаасаар нууц байдалд амьдарч, үйл ажиллагаагаа явуулдаг болох нь энэхүү хэргийг шалгах явцад илэрч түүний байдал улам  ч хүндрээд байна.

Гү Кайлай. Бо Шилайн эхнэр, хэргийн эзэн, өдгөө 52 настай. Мөн л Хятадын хувьсгалын партизан, генерал Го Жиншаны охин тэрбээр “Соёлын хувьсгал”-ын үед оёдлын үйлдвэр, махны цехэд албадан хөдөлмөр хийж явжээ. Тэрбээр нөхөртэйгээ 1984 онд гэрлэж, нэг хүүтэй болсон.  Хатагтай Гү Бээжингийн их сургуулийг хууль эрх зүй, Олон улсын улс төрийн чиглэлээр дүүргэж улмаар  өөрийн овог Кайлай-гаар нэрлэсэн хуулийн фирмийг үүсгэн байгуулсан. Англи хэлээр ус цас шиг ярьдаг тэрээр өөрийн өмгөөлж амжилтанд хүрсэн хэргүүдийн талаар ном бичиж, АНУ-д борлуулж байв. Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагаас түүнийг Нэйл Хэйвүдтэй эдийн засгийн ашиг сонирхлоор холбогдсон бөгөөд ашиг сонирхлын зөрчил нь хурцадсаны улмаас түүнийг хороосон хэрэгт шалгагдаж эхэллээ хэмээн 4-р сарын 10-нд албан ёсоор мэдээлжээ. Бо Кайлай нь нөхрийнхөө эрх мэдэл албан тушаалыг ашиглан олон ч удаа хил дамнасан хууль бус бизнесийг эгч дүү нартайгаа хамтран хийж байсан бөгөөд олон хавар нэгэндээ гэгч нь ийнхүү болжээ.

Бо Гүо Гүо. “Сүйрэлд орсон” Бо Шилай, “цианитаар хордуулагч” Гү Кайлай нарын ганц өдгөө 24 настай, Хятадын “хунтайж” нарын шинэ үеийн нэрт төлөөлөгчдийн нэг. Английн хамгийн өндөр төлбөртэй хувийн сургууль Харроуд тэрээр “аавын найз”, “ээжийн амраг” хохирогч Нэйл Хэйвүүдийн тусламжтайгаар орсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Коллежоо төгсөөд Оксфордод элссэн ч тэндээсээ шилжин одоо Харвардад суралцаж байгаа зэргээс нь үзэхэд дэлхийн топ сургуулиудыг гүйцээж үзэх зорилт тавьсан мэт. “Хунтайж Бо” нь тансаг хэрэглээгээрээ Хятад болон барууны орнуудад хэдийнэ олны танил болсон залуу юм. Хөөрхий “Эцэг Бо” нь хүүтэйгээ холбоотой янз бүрийн мэдээллийг няцаах гэж хэрэндээ л зовдог байжээ. Тэдний гэр бүлтэй холбогдсон скандал дэлхий дахинд цацагдссаны дараа Бо Гүо Гүо Харвардын их сургуулийн сонинд өөрийгөө “энгийн нэгэн оюутан залуу, ямар ч тансаглал байхгүй” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Энэ оны 4-р сард Хятад бүү хэл дэлхий даяар дуулиан шуугиан тарьсан эл хэрэг чухамдаа хүн гэгч амьтан шунал хүслийн улмаас юунд хүрч болдгийг харуулсан тод жишээ гэлтэй. Тэр дундаа коммунист дэглэм, хатуу диктатураа 21-р зуун хүртэл барьсаар ирсэн Хятад гүрний толгой улс төрч гэр бүлээс ийм аймшигт хэрэг мандсан нь дэлхий нийтийг гүн цочролд оруулахаас гадна эрх мэдэл, албан тушаал, түүнийг дагасан эд хөрөнгө, алдар нэр алга урвуулахын төдийд хүний хувь заяаг орвонгоор нь эргүүлж, энэ хорвоогийн бүх зүйл үнэтэй, нүгэл үйлдвэл хариутай байдгийг харуулсан хэрэг боллоо хэмээн дэлхийн хэвлэлүүд бичиж буй. Ийм хэрэг явдал бидний Монголд ч олноороо байгааг хэлэх юун. Үнэн, зөв амьдрах ёстойг сансар ертөнц бидэнд өдөр тутам сануулсаар.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж