Та юунд хэдэн төгрөг зарцуулдгаа мэдэх үү?

2015 оны 11 сарын 20

Хувь хүн өөрийн болон өрхийн санхүүгээ хөтлөх андройд системтэй гар утсанд зориулсан “Хувийн санхүүч” аппликейшн зохиогч Н.Баасанбилэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-“Хувийн санхүүч” аппликейшны талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Хүн өөрийн орлого, зарлага, зээл, тэмдэглэлээ хөтлөх 4 үндсэн хэсэгтэй. Уг хэсгүүд дээрээ үндэслэн орлого, зарлагын төлөвлөлт, хуримтлалын тооцоолол хийх боломжтой бөгөөд жагсаалт болон график тайлан гэх мэт нэмэлт хэсгүүдтэй. Програм гэхээр л тухайн програмыг сурч байж ашигладаг бол хувийн санхүүч аппликейшны хувьд маш энгийн. Учир нь хүн бүрийн өдөр тутам амьдралд тохиолддог санхүүгийн энгийн үйлдлүүдтэй ижилхэн байхаар шийдэж өгсөн тул та шууд ашиглаж чадна.

-Анх хувийн санхүүч програм хийх санаа хэрхэн төрсөн, яагаад хийх болов?

-Ажлын гараагаа эхлээд удаагүй байсан үедээ цалингаа зөв зохистой зарцуулах хэрэгтэй санагдаж анх хувийн санхүүч програм хийх санаа төрсөн. Тухайлбал би хэрэглээндээ өдөрт цаашлаад сард хэдэн төгрөгийг үр дүнтэй зүйлд зарцуулдагаа мэдэхийг хүсч аппликейшнаа 2013 оны эхээр хөгжүүлж эхэлсэн.

-Хэрэглэгчдэд хэзээ хүргэсэн бэ?

-2013 оны сүүлээс туршилтын хэлбэрээр ашиглаж эхлээд илүү боловсронгуй болгож улмаар 2014.09.13 нд анх Google Play Store дээр байршуулж хэрэглэгчдэд хүргэсэн.

-Хувийн санхүүч аппликейшны хувьд хэрэглэгчдэд хүрээд тодорхой хугацаа өнгөрсөн байна. Одоогийн байдлаар хэрэглэгчид хэрхэн хүлээн авч, ашиглаж байна?

-Хүн бүр өдөр тутамд хүссэн хүсээгүй санхүүгийн харилцаанд оролцдог тул аппликейшн гарсан даруйдаа хүмүүсийн анхаарлыг их татсан байх. Одоогийн байдлаар нийт 28.900 хүн гар утсандаа суулгаснаас 3900 хүн ашиглаж байна гэсэн статистик мэдээ байна. Аппликейшны эхний хувилбар шийдлийн хувьд дутуу, загвар дизайн тааруу байсан санагддаг. Одоогийн байдлаар 12 багц шинэчлэлийг хийж сайжруулсан бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж байна гэж харж байгаа. Тиймээс ч идэвхтэй хэрэглэж байгаа хүн бүр ам сайтай байгаа. Эхний хувилбарт хүмүүс сэтгэл дундуур байсан байж магадгүй. Тийм бол аппликейшны шинэ хувилбарыг суулган ашиглаарай гэж хэлмээр байна.

-Ашиглах нөхцөл нь ямар байгаа бэ? Хэрэглэхэд үнэ төлбөртэй юу?

-Google Play Store-с “Хувийн санхүүч”, “Hubiin sanhuuch” гэж хайгаад утсандаа одоо ч суулгах боломжтой. Ашиглахад үнэ төлбөргүй харин нэмэлт зарим тайланг авахын тулд жилийн 10.000 төгрөгийн төлбөртэй байгаа.

-Аппликейшны цаашдын хөгжил, ирээдүйг хэрхэн харж байна?

-Нэгэнт хэрэглэгчидтэй, тодорхой хүрээнд хэрэгцээтэй болсон. Мөн хэрэглэгчдийн санал хүсэлтээр сайжруулалтыг хийдэг. Одоогийн хувилбар хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн хангаж цадахуйц цогц болж чадаж байгаа ч үргэлж шинэ санаа, хялбар шийдлийг эрэлхийлж аппликейшнээ сайжруулжсаар байх болно.

-Танд өөр нэмж хэлэх зүйл үлдсэн бол?

-Та хувийн санхүүч аппликейшныг ашиглаж надад хэдэн төгрөг байгаа билээ, мөнгөө яагаад хурдан үрчхэв, ямар хэрэглээндээ хэдэн төгрөг зарцуулбал зохистой вэ, ирээдүйд хэдэн төгрөг хуримтлуулж болох вэ, байрны цахилгааны төлбөр хэзээ төлөх ёстой вэ? зэрэг өдөр тутам тулгардаг бодитоор мэдэрч, бодох боломжгүй асуултууддаа хялбархан хариулт авах боломжтой. Хэрэглээд өөртөө санхүүгийн давуу талыг бий болгоорой гэж хэлмээр байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна