Л.Энх-Амгалан уурсч, Ч.Хүрэлбаатар сайд нэхэв

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан уурсч, Ч.Хүрэлбаатар сайд нэхэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 95.7 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Одонтуяа нар санаачлан боловсруулсан бөгөөд бодлого барьж байгаа яам нь өргөн барих нь зүйтэй хэмээн үзэж шилжүүлсэн аж.

Төсөлд үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал, уялдаа холбоог хангах үйл ажиллагааны зохицуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төрөл, зохион байгуулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах.  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, санхүүжүүлэх хэлбэр, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн бие даасан байдлыг хангах удирдлагын тогтолцоо, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэрэг олгохтой холбоотой үйл ажиллагааг боловсронгуй болгон заасан аж.

Гэвч хуулийн төслийг салбарын яам руу шилжүүлснээр зарим асуудал бүрхэг болж, зарим заалт хасагдсан талаар тайлбар сонссон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бухимдаж, “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах, энэ салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулсан. Гэтэл хассан, бүрхэгдүүлсэн гэсэн хариулт өгч байгаа чинь юу гэсэн үг юм. Хариуцлагагүй тайлбар хийлээ” хэмээн Эрүүл мэндийн яамны холбогдох албаныхныг зэмлэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Эрүүл мэндийн яамыг эзэнтэй болгохыг шаардав. Тэрээр “Эрүүл мэндийн яам эзэнгүй байна. Сайд нь байхгүй, дэд сайдыг нь цомхотголоор хасчихсан. Төрийн нарийн бичгийн дарга нь байхгүй. Авлигатай тэмцэх газраас хэнийг хэзээ дуудах бол гээд сууж байгаа. Эмнэлгүүд нь бензины зардал байхгүй, шаардлагатай боох материалын үнэ мөнгө нь байхгүй ийм л нөхцөлд байна. Бодит байдал энэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай гээд амин чухал хуулийг хэлэлцэж байхад Эрүүл мэндийн яамнаас нь хүн байхгүй, Засгийн газар анхаарал тавьдаггүй. Ийм хүнд нөхцөлд хууль хэлэлцэж болж байгаа  юм уу. Ядахнаа яамныхныг сэтгэл санааны хувд тогтвортой болго. Шинэ сайдаа томил. Ерөнхий сайд яагаад энэ асуудалд санаа зовдоггүй юм бэ. Хуулийн төслийг дэмжиж байгаа” гэсэн юм.

Уг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Эл төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж