Ардын намд санах ой гэж алга

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Ардын намд санах ой гэж алга

Үндсэн хуультай холбогдуулан өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль, тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал өнөөдрийн чуулганаар эхний хэлэлцүүлгээ давлаа. УИХ-ын нэр хүнд тартагтаа тулчихсан. Эрээвэр хураавар эрх ашгийн зөрчил нь туйлдаа хүрсэн ийм парламентаар Үндсэн хуульд гар дүрүүлэхгүй хэмээн ард иргэд бухимдаж буй.

Тиймдээ ч нийгмийн энэ захиалгыг судалсан Ажлын хэсгийн гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Харин сөрөг хүчний гишүүд ард түмнээс асуух шаардлагагүй хэмээн үзэж, өнөөдөр хуулийн төсөл дээр эсрэг санал өглөө. Тэд өдгөөгөөс зургаан сарын өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 09-нд Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн УИХ-ын даргад албан бичиг явуулж байсан.

Нөгөө талаар сонгуулийн хуулийн "жижигхэн" асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна хэмээн мэдээлэл хийж найман тэрбум төгрөг улсаас авна хэмээж байсан улс төрийн нам хачирхалтай нь зургаан сарын дараа тэс хөндлөн зүйл ярьж, ард түмнийг тэгж бухимдуулах хэрэггүй, санал авахыг хүсэхгүй байна хэмээн ярьж сууна.

Сонгуулийн хуулийн жижигхэн асуудлаас илүүтэй ард түмний эрх ашигт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал юу юунаас чухал. Ард түмэн Үндсэн хуулиар дамжуулж эрхээ эдэлдэг учраас сөрөг хүчний энэ эсэргүүцэл ард түмний засгийн эрх барих эрх мэдэлд шууд утгаар халдсан үйлдэл болов. Тэгээд ч өнөөгийн төрд улс төрийн намууд ард түмэн, төрийн дээр сандайлсан гэдгийг энэ үйл явдал харууллаа. Тэд ард түмнээс илүү их эрх мэдэлтэй болсон хэмээн өөрийгөө сэтгэсэн бололтой.

Өөрөөр хэлбэл, санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн чуулганы хуралдаанд оролцсон МАН-ын 27 гишүүн бүгдээрээ эсрэг санал өгсөн юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үздэг атлаа тэд ард түмнээсээ асуухгүй хэмээн гөжүүдэлсэн нь энэ. Нөгөө талаар уг асуудал хэн хэнийх нь эрх ашигт нийцэхгүй. Өнөөдөр АН эрх барьж, МАН сөрөг хүчин байгаа. Энэ үед хуульд өөрчлөлт оруулахгүй хэмээн сөрөг хүчин сөрнө. Маргааш МАН олонхи болж АН сөрөг хүчин болсон цагт ч ийм маргаан дуусахгүй үргэлжилнэ.

Улс төрийн намуудын эх адаггүй тэмцэл, бие биеэ шантаажлах асуудал зөвхөн энэ дөрвөн жилээр дуусахгүй учраас ард нийтээсээ асуух нь хамгийн зөв хувилбар хэмээн улс төр судлаачид дүгнэж буй юм. Хэзээ ч энэ асуудлаар намууд нэгдсэн ойлголцолд хүрэхгүй гэдгээ өнөөдрийн үйлдлээрээ харууллаа. Тиймдээ ч өнөөгийн нөхцөлд хийж болох хамгийн зөв хувилбарыг УИХ хэлэлцэн батлах бололтой. Хуулийн төсөл дэмжлэг авснаар санал асуулгыг ирэх сарын 6-нд хийх юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж