Монгол-Францын бизнес форум боллоо

2015 оны 11 сарын 21

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын Европын оронд хийж буй ажлын айлчлал өчигдөр /2015.11.20/ Итали улсад үргэлжиллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд мөн Францад улсад айлчилж байгаа юм. Айлчлалын үеэр Монгол-Францын бизнес форум болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оролцож, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хоёр улсын дипломат харилцаа  үүссэний 50  жилийн ой болж өнгөрснийг  тэмдэглээд Франц улсад  болсон гэмт халдлагын дараа ирж буй анхны Ерөнхийлөгч болохоо дурдаад хоёр улс цаашид бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажиллах боломжтой. Тэр дундаа хувийн хэвшил бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа улам бүр  тэлэх боломж байгааг форумыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хоёр улсын бизнес эрхлэгчдэд хандаж үг хэлсэн юм. Тэрээр “Уул уурхайн ашигт малтмал үнийн уналтаас шалтгаалаад  эдийн  засгийн түр зуурын хүндрэл үүссэн гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон байгаа энэ үед монголчууд дотоодын боломжоо ашиглаж байна. Худалдааны сэтгэлгээнээс үйлдвэрийн сэтгэлгээ рүү шилжин, өөрсдийнхөө баялгийг нэмүү өртөг шингээсэн баялаг болгоход анхаарч байна. Монгол Улсын Их хурал өнгөрсөн хавар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан.  Тус хуулиараа экспортын баримжаатай үндэсний компаниудыг бодлогоор дэмжинэ. Энэ хүрээнд Монгол Улсад хариуцлагатай үйлдвэр эрхлэгчид, бизнес эрхлэгчид олон болж, энэ ажил эрчимжих хандлагатай байна” гэдгийг онцоллоо.

Мөн Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэж  ярьдаг. Сааль хэмээх уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эд арвин ч боловсруулах баяжуулах түгээх арга туршлага дутмаг байгаа. Түүнийгээ нэмүү өртөг шингэсэн экспортын бараа  бүтээгдэхүүн болгоход сайн түнш бидэнд хэрэгтэй гэдгийг ч тодотгосон юм.

Бизнес форумд Монголоос оролцож буй төлөөлөгчид өөрсдийн эрхэлж буй бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх сайн түншийг олох үр дүн бүхий форум болж байгааг хэллээ.

Францын бизнес эрхлэгчдийн зүгээс мөн Монголчуудтай хамтарч ажиллахдаа хөрөнгө оруулагч гэхээсээ илүү   бизнест хамтран ажиллах сайн түншийн харилцаатай байхыг хүсч байна. Олон шинэ төслийг хамтран амжилттай хэрэгжүүлэхийг хүсч байна. Хамтарч ажиллах боломжийг хайн,  хүнд цаг үед сэтгэл санааны дэмжлэг өгөхөөр ирсэн монгол нөхөддөө баярлаж буйгаа  мөн илэрхийллээ.

“Франц-Монголын бизнес форум”-д уул уурхай,  барилга байгууламж, эрчим хүч, аж үйлдвэр, технологийн болон бусад салбарыг хамарсан хоёр улсын нийт 100  гаруй бизнес эрхлэгч оролцож, санал бодлоо солилцлоо.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ирэх хоёр өдөр Итали болон Бүгд найрамдах Чех улсад ажлын айлчлалаа үргэлжлүүлнэ.


Аж үйлдвэрийн сайд Германд ямар ажил амжуулав?

Германы хувийн хэвшлийн анхаарлыг Монголын боловсруулах үйлдвэрлэлд хандуулж, тус улсын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, технологийг нутагшуулах зорилгоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 15-17-нд ХБНГУ-д ажлын айлчлал хийв.

Айлчлалын эхэнд тэрээр Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ш.Штайнлайнтай уулзаж, хоёр улсын аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй ЖДҮ-ийн төслүүдийн талаар ярилцаж, хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Энэ үеэр ХБНГУ-д Монгол Улсыг төлөөлөн сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор хоёр орны эдийн засгийн харилцааны талаар “Германы эдийн засгийн 90 орчим хувийг ЖДҮ эзэлдэг. Тиймээс энэ төрөлд хамаарах компаниудаа Герман улстай холбож өгөх нь хамгийн чухал” гэсэн юм. Дараа нь Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён М.Махнигтэй уулзаж мөн хоёр улсын аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй томоохон төслийн талаар мэдээлэл солилцлоо. ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах цаг ирснийг онцолж байв.

Баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах нөхцөл бүрдлээ

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр чухал гэрээнд гарын үсэг зурсны нэг нь эрчим хүчний салбарынх байв. Тодруулбал, “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл ХБНГУ дахь Монгол, Германы хамтарсан “Сакс энержи Монголиа” ХХК-ийн захирал Франк Коккиш нар Увс аймгийн Улаангом хотноо 60 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэрээг байгуулахад Монгол Улс “Баруун Монгол энержи” компанид баталгаа гаргаж өгч байгаагаараа онцлог юм. Энэ үеэр “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл “Энэхүү цахилгаан станц нь дэлхийн хамгийн өндөр шалгуурыг хангасан хабрид буюу нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэнэ гэдгээрээ Монгол Улсдаа анхдагч. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ төрлийн цахилгаан станцтай болсноор Монгол Улсын баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч импортлох асуудал байхгүй болж, баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах болно. Ингэснээр ОХУ-д улирал тутам улсын төсвөөс төлдөг олон тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх, баруун бүсийг хямд, найдвартай эрчим хүчээр хангаж, бүс нутгийн хөгжлийг дэмжих эхлэл тавигдана гэж үзэж байгаа. Энэ дашрамд Аж үйлдвэрийн яам байгуулж, бодлогоор дэмжиж байгаа Засгийн газарт баярласнаа илэрхийлж байна” хэмээсэн юм. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн хамтарсан концессийн гэрээгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 120 сая еврогийн зээлийг “Баруун Монгол энержи” ХХК-ийнхан 40 жилийн дотор өөрийн хөрөнгөөр барагдуулахаар санамж бичигт заасан байна.

Монголд тос, тосолгооны материал үйлдвэрлэнэ

Аж үйлдвэрийн сайдын айлчлалын бүрэлдэхүүнд “МАК” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Б.Анандбазар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Ариунболд, “Багануур” ХХК-ийн захирал М.Отгонбаяр зэрэг ашигт малтмалын салбарын “гол тоглогчид” багтжээ. Тэдний Герман хүртэл тээсэн тус тусын зорилго нь ч биеллээ. Тухайлбал, гурван жилийн дараа Монгол Улс анх удаа автомашин, моторын тос, тосолгооны үйлдвэртэй болсон байх гэрээг “Сод Монгол” групп айлчлалын үеэр байгуулсан юм. Жилдээ 15 мянган тонн тос үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг байгуулах ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд ирэх долдугаар сараас үйлдвэр байгуулах ажил эхэлнэ. Харин 2018 оны эхний улирал гэхэд Монгол Улс дотооддоо тос, тосолгооны материал үйлдвэрлэдэг болсон байх юм. Энэхүү төслийг Германы “EDL AnlagenbauGesellschaftmbH” компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт өртөг нь 42 сая ам.доллар. Харин санхүүжилтийн дийлэнх хувь болох 28 сая ам.долларыг ХБНГУ-ын “Union Credit” банкнаас урт хугацаат хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр, 7.7 сая ам.долларыг “Сод Монгол” группийн охин компани болох “Интер стандарт нефть” ХХК өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Харин үлдсэн 14 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл хэлбэрээр шийдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Нэг их том биш ч Европ стандартын үйлдвэр байгуулаад нэрж үйлдвэрлэх нь эдийн засгийн үр ашигтай. Монгол Улсын хувьд моторын тос бүрэн хараат байгаа. Энэ нь эдийн засгийн сайн үр дагавар авчрахгүй тул Засгийн газар анхаарч байна” хэмээсэн юм. Аж үйлдвэрийн сайдын Европ дахь дараагийн маршрут Франц, Итали, Чех зэрэг орон юм.


Д.Эрдэнэбат: Монголын ЖДҮ-т шинэ түлхэц хэрэгтэй юм байна

-Та Монголын хувийн хэвшлийн салбарын томоохон төлөөлөгчдийн хамт ХБНГУ-д ажиллаж байна. Ирсэн зорилго биелэв үү?

-Герман-Монголын улс төрийн харилцаа тодорхой түвшинд хүрсэн. Харин эдийн засгийн харилцааны хувьд тийм ч ахицтай биш байна. Энэ талаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаукийг өнгөрсөн аравдугаар сард Монголд айлчлах үеэр ярилцсан. Асуудал нь юундаа байна вэ гэхээр хэт том төслүүдэд төр оролцоод байгаатай холбоотой юм биш үү гэдэг дүгнэлтэд хүрсэн. Мөн өмнөх хамтарсан төслүүдийн явцын үр дүн Монгол-Германы ажлын хэсгийнхний хувьд маргаантай сэдэв байсан. Энэ тал дээр монголын байр суурь тодорхой. Эдгээр төслүүдийн үр дүнгийн талаар бид эргэж харах ёстой. Тэгэхдээ эдийн засгийн хувьд ашигтай төслүүдээ юун түрүүнд авч үзнэ.

-Германд хийж буй таны айлчлалын зорилго энэ байсан уу?

-Би Герман Улсад ажлын айлчлал хийх болсон хамгийн том шалтгаан нь хоёр талын хэлэлцээрээр эхлүүлсэн ч, ахицтай биш байгаа төслүүд дээрээ нэгдсэн ойлголтод хүрэх байсан. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарлаа хандуулж ажилласан. Тэгэхдээ төрийн бус хувийн хэвшилд тулгуурлана шүү гэдгийг бид эхнээс нь хэлж байсан. Үүнийг ч Германы талынхан зөвшөөрч байгаа. Төрийн оролцоотой болохоор томоохон төслүүд нэг л явцгүй болчихдог. Тиймээс боловсруулах үйлдвэр байгуулах дунд болон жижиг хэмжээний төслүүдийг гаргаж ирье гэж байгаа юм. Харин өнөөдөр анхны оролдлого явж байна.

-Монгол Улс анх удаа тос тосолгооны материалаа дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Эдийн засгийн үр ашгаа хэзээнээс өгөх вэ?

-Уул уурхай, автомашины тос тосолгооны материалд жижиг төслүүдийг дэмжих чиглэлд хувийн хэвшлийн оролцоотой анхны хөрөнгө оруулалтыг бид авсан гэж болно. Монголын хувийн хэвшлийн компани энд ирж өөрсдийн төслийг танилцууллаа. Танилцуулах арга хэмжээнд Германы том, жижиг бүх л банк оролцсон. Энэ бол ахиц. Монгол Улс цаашид Германы технологи, тоног төхөөрөмжийг нутагшуулан боловсруулах үйлдвэр байгуулъя гэвэл яах аргагүй хувийн хэвшил нь эдийн засгийн харилцан ашигтай төсөл л ярих ёстой. Харин уул уурхай, төмөр зам зэрэг том төслийн хувьд тусдаа асуудал. Мөн зарим төслийг эдийн засгийн нөхцөл байдлаасаа үүдээд хойшлуулах тал дээр ч ойлголцлоо. Хамгийн гол нь бидний ярилцаж, тохирсон зүйл Монгол Улсад экспортын чадавхитай, хоёр хөршийн зах зээлд борлогдох боломжтой жижиг дунд үйлдвэртээ хөрөнгө оруулалтын цоо шинэ түлхэц өгөх хэрэгтэй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал юм.

-Германд хэд хэдэн бизнес гэрээг хийлээ. Европын бусад орнуудтай хамтран ажиллах үүднээс ярилцах ямар төслүүд байгаа вэ?

-Дараа, дараагийн аялал руу явна. Яг тодорхой төслөөр Итали, Чехтэй ярилцана. Миний хувьд үр дүнтэй, бодит ажлын хойноос явахыг л зорьж байна.Ашигтай төслүүд дээр бусад орнуудаас санхүүгийн дэмжлэг авахын тулд Засгийн газар холбоос үүсгэх ёстой. Цаашид ч ингэж явна.

-Европын бизнесийнхэн болон банк санхүүгийн байгууллагын зүгээс Монгол Улсад тавьж байгаа гол шаардлага юу байна?

-Гол шаардлага нь төслөөрөө үр ашигтай байх ёстой гэдэгт л байна. Ингэж чадвал санхүүжилт олгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна