ҮХ-ийг өөрчлөхийг хэн дэмжиж, хэн эсэргүүцэж байна вэ?

2015 оны 11 сарын 21

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш хоёр долоо хоног өнгөрч байна. Хуульд зааснаар УИХ энэхүү хуулийн төслийг сарын дотор багтаан хэлэлцэх ёстой. Хараахан хэлэлцүүлэг эхлээгүй байгаа ч хууль тогтоогчид энэ асуудлаар байр сууриа илэрхийлж эхэлсэн. Энэ удаад дараах гишүүдийн байр суурийг онцоллоо.

М.Батчимэг: Засгийн газарт эрх мэдэл олгох ёстой

Зөвшилцөлд хүрэх орон зай нь байгаа бол өөрчлөлт хийгээсэй гэж бодож байна. Дараагийн дөрвөн жилд улс орны эдийн засаг битгий хямраасай, энэ УИХ-аас илүү Засаг огцруулах, сайд огцруулах тухай битгий яриасай. Дараагийн дөрвөн жилд ард түмний амьдралыг илүү өөд татах боломж гараасай. Үндсэн хууль руу бүх бурууг чихэж болохгүй. Үндсэн хууль Монголд ахиц дэвшил авчирсан. Гэхдээ 23 жилийн дараа өөрчлөлт хийх шаардлага бий болсон. Би хувьдаа энэ УИХ-ын үлдэж байгаа хугацаанд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол Засгийн газарт бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь олгох. УИХ-аас хамаарал багататайгаар эдийн засгаа хөгжүүлэх боломжийг Засгийн газартаа өгөх. Үүний тулд Ерөнхий сайд нь сайд нараа томилдог болох, УИХ эцэс төгсгөлгүй сайд нар огцруулах асуудлыг хэлэлцдэг ард түмний санаа бодлыг тогтворгүй болгож байгаа, УИХ-ын нэр хүндийг унагаж байгаа энэ байдлаасаа салах ёстой.

2012 оны сонгуулийн тогтолцоо их зүйлийг өөрчилсөн. Сонгуулийн холимог тогтолцоогоор олонхи төрөх магадлал бага. Дараа нь ямар ч нам сонгуульд яллаа ч Ерөнхий сайд нь эрх мэдэл багатай, олон намын зөвшилцлөөр Засгийн газар бүрдэнэ. 2012 оны сонгуульд Ардчилсан нам ялаад өнөөдөр ийм болсон юм биш, сонгуулийн тогтолцоо ийм болгосон. Тийм учраас дараагийн дөрвөн жилд хямрал багатай улс орон бий болгоё гэвэл УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ёстой ажил бол Засгийн газарт эрх мэдэл олгож, улстөржилтөөс салж УИХ хууль тогтоох ажилдаа орох.


Х.Тэмүүжин: Тогтолцоогоо сайжруулах цаг болсон

Одоогийн Үндсэн хууль бол шилжилтийн Үндсэн хууль. Бид судлаачдынхаа үгийг авдаггүй. 2007онд судлаачид загвар Үндсэн хуулийн төслийг боловсруулж байсан. Монгол Улс шилжилтийнхээ Үндсэн хуулиар явбал цаашаа улам бүр тогтолцооны гажиг руу орж, гажигтай ардчилал улам бэхжинэ. Энэ нь өөрөө хүний эрхийг хэрчээд шударга ёсыг үгүй хийгээд, эдийн засгаа мөлхүүлээд дуусна гэдэг дүгнэлт 10 жилийн өмнө гарсан. Энийг ухаалаг харах ёстой.

Улс орнуудыг ажиглахад тогтолцооныхоо гажгийг засахаас илүүтэй энэ нь хүний хүчин зүйлээс шалтгаалж байна гээд сайн удирдагч хайгаад явсан нь ихэнхдээ мөхлийн ирмэг рүү таагүй дүр зураг олсон байдаг. Нэг бол дарангуйлагчийн диктатур, эсвэл цэргийн хагас диктатур тогтдог. Тогтолцоогоо сайжруулах гэж оролдсон улс орон бүр эдийн засгийн хувьд бэхжиж, хүний эрх нь сайжраад иргэдийн амьдралын чанар дээшилсэн байгаа. Тийм учраас өнөөдрийнхөөс муу үр дагавар гарсан ч алдаанд хүрэхгүй байх тогтолцоонд хүрэх нь бидний сонголт. Өнөөдөр өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд авах ч юм бий, хаях ч юм бий. Тогтолцоогоо сайжруулахын тулд хамтраад сууж ярих цаг нь болсон.


М.Энхболд: Үндсэн хуулийг одоо өөрчлөх цаг биш

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд болсон үйл явдлууд, төр засгийг эмхлэн байгуулсан байдлаас харахад Үндсэн хуульд засч залруулах зүйл байгаа ч өнөөдөртөө хийх боломж бололцоо байхгүй. Нэгдүгээрт, манай улсад Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 22 нам, парламентад суудалтай таван нам бий. Манай нам энэ оны есдүгээр сарын 6-нд улс төрийн 20-иод намыг урьж үндэсний зөвшилцлийн 12 дахь удаагийн уулзалтыг хийсэн. Энэ уулзалтаар парламентад суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх боломжгүй, улс орны өмнө тулгамдсан өөр асуудлуудаа ярьж шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн гишүүдийн санаа бодлыг бүрэн тусгаагүй. Жишээ нь, Үндсэн хуулийг эх хууль гэж нэрлэж байгааг, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох гэж байгааг, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, ард нийтийн санал асуулга явуулах гэж байгааг ажлын хэсгийн гишүүдтэйгээ огт ярилцаж тохироогүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн дүгнэлтэд ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог гарын үсэг зураагүй. Ажлын хэсгийн есөн гишүүний хоёр нь гарын үсэг зураагүй. Үндсэн хуулийн нэрийг өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг дэмжихгүй хэмээн манай хоёр гишүүн хуулийн төслөөс нэрээ татвал ажлын хэсгийн гишүүдийн санал 50 хувьд хүрэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс төслийг хэлэлцэхэд хүндрэл гарна.

Гуравдугаарт, нэг үйл ажиллагааг хийхийн тулд хэд хэдэн хууль өөрчлөхийг буруу гэж үзэж байгаа. Нэг компанид, нэг хүнд зориулж хууль баталдаггүй. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчилнө, үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Тэгж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Тэгэхээр ийм богино хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй.

Дөрөвдүгээрт, улс төр, эдийн засаг, нийгмийн байдал хүндэрсэнд Үндсэн хууль буруугүй. Үндсэн хууль 25 жил мөрдөгдөж байгаа. Харин сүүлийн гурван жил нь л "хөөх, яана даа" гэмээр хүндрэлтэй байдал бий болсон. Өмнө нь Үндсэн хуулиар улс орны тулгамдсан асуудал, олон харилцааг зохицуулсаар ирсэн. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд, хууль зүйн хэм хэмжээний хувьд, санаачилсан гишүүдийн байр суурь, Монголын улс төрийн намуудын баримталж буй байр сууриудыг ч үзэхэд энэ УИХ бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран сандран хийх боломжгүй.


Н.Батбаяр: Нийт эрх ашгийн төлөө эвлэлдэх цаг болсон

Монголчууд өнөөдрийн энэ байдлаараа хэдэн жил явах нь байтугай хэдэн сар явахад ч амаргүй болсон.  Энэ байдлаас гарахын тулд төр нь санаачлагатай ажиллая, түмэн олноо сонсоё гэдэг үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдгээ ард түмнээс асууя гэж байгаа юм. Харамсалтай нь Ардын намынхан “Манай 26 кноп дэмжихгүй нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж баталж чадахгүй юм чинь” гээд ардыгаа сонсох асуудлыг хаагаад бойкотлоод байгаад харамсч байна.

Ардын нам ард нийтээс асуухаас юундаа хулчийгаад байгаа юм бэ, М.Энхболд дарга аа. Санал асуулга гэдэг хэлэлцүүлэг биш гэж зарим гишүүн хэлж байна. Уучлаарай, тогтоолын төслийн дөрөвдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг нийт иргэдэд таниулан тайлбарлахыг УИХ-ын нийт гишүүд, Засгийн газрын гишүүдэд даалгасугай гээд хэлчихсэн байна. 14 хоногийн хугацаанд энэ ажлыг зохион байгуулъя гээд хэлчихсэн байна. Энэ хэлэлцүүлэг биш үү. Тэгж явахгүй бол талцаж тоглоод явахгүй. Хугацаа алдсан гэж байна, үнэнийг хэлэхэд та бүгд мэдэж байгаа. Намууд хооронд зөвшилцөх гэж явсаар өнөөдөрт хүргэсэн. Ардын намын олон хүнтэй уулзсан. Бүх юмыг та нар “бидэнгүйгээр шийдэхгүй” гэж явсаар өнөөдөрт хүргээ биз дээ.

Алийн болгон танай манай гэж хэдэн талдаа хуваагдах юм бэ?. Монгол Улсын нийт эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэх цаг болчихоод байна. Энийг хийхгүй бол энэ намууд хэнд хэрэгтэй юм бэ. Эвлэлдэн нэгдэж чадахгүй бол энэ намууд Монголд ямар хэрэгтэй юм бэ. Монголоо эвлүүлж чадахгүй юм бол энэ намуудыг тараах хэрэгтэй, энэ парламентыг тараах хэрэгтэй. Асуудал энэндээ тулчихаад байгаа гэдгийг эрхбиш ойлгож байгаа биз дээ.

Тэгэхгүй бол бид 26-гаараа бойкотолчихно, эд нар ард түмнээс асууж чадахгүй, эдний Засгийн газрыг унагаагаад хооронд нь зодолдуулаад юутай хээтэй нь болгоно гэдэг хачин бодлоо болиоч ээ. Эцсийн дүндээ Монгол Улсын эрх ашгийг урдаа тавих цаг болсон, Ардын намын гишүүд ээ. Бүх нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулж байж энэ асуудлыг шийднэ. Санаатай юм уу, санамсаргүй юм уу мэдэхгүй, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой байсан ч өөрчлөөгүй.

Санал асуулгыг арваннэгдүгээр сарын 26-нд хийхээр тов тогтоосон байсан ч, амжихгүй болсон. Хэлэлцэх гэсээр хоёр долоо хоног өнгөрөөлөө. Одоо бол амжихгүй, хугацааг нь өөрчлөхөөр санал бэлтгээд байна. Алийн болгон намууд зөвшилцөх нэрээр ард түмнийг, Монгол Улсыг хохироож явах юм бэ. Одоо намууд зөвшилцөж чадахгүй байгаа бол ард түмнээр хагалуулах цаг болсон.

Томъёоллыг өөрчилье гэж байгаа бол асуудал байхгүй болно. тодорхой саналаа гаргаад хэлээч ээ. Ажил хэрэгчээр ажилд хандаач ээ.


С.Оюун: Сумын Засаг даргыг иргэд сонгохыг дэмжиж байгаа

Сайд нарыг огцруулах, томилох асуудлыг нэг нэгээр нь хэлэлцэнэ гээд улс төрийн дуусахгүй маргаан явж байгаад цэг тавих хэрэгтэй. Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлж, хариуцлага тооцвол өөрөө тооцдог байх нь зүйтэй. Сонгох хүмүүсээ сонгоод, чөлөөлөхийг нь чөлөөлөөд яваг. Энэ асуудлыг бид шинээр гаргаж байгаа юм биш. Сонгодог парламентын засаглалтай орнуудад ийм л байдаг. Харин хариуцлага тооцохдоо Ерөнхий сайдтай тооцох хэрэгтэй. Мөн Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд яамдын тоог ойлгомжтой буюу ес байхаар Үндсэн хуульдаа тусгах нь зүйтэй юм. Ингэхгүй бол сонгууль болгоны дараа намууд нь өөрсдийнхөө хүмүүсээс Засгийн газарт томилно гэсээр яамдын тоо, бүтцийг өөрчилдөг.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хотуудын статусыг бий болгож байгаа. Үнэндээ энэ асуудлыг олон жил ярьж байгаа. Сумын Засаг даргыг ард иргэд нь шууд сонгодог болно гэсэн заалт орсон. Ялангуяа, ИЗНН энэ заалтыг их дэмжиж байгаа. Манай нам 2000 онд анх байгуулагдахдаа мөрийн хөтөлбөртөө дээрх заалтыг оруулсан байдаг. 3000-4000 хүнтэй сум байлаа гэхэд нутгийн өөрөө удирдах зарчмын хүрээнд өөрсдийнхөө сумыг удирдаж чадах хүнийг эрх биш сонгож гаргаад ирдэг ухаантай хүмүүс шүү дээ.


Д.Батцогт: Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг нь болсон

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа гишүүдийн нэг нь би. Энэ талаар зөвхөн өнөөдөр яриад л хэлэлцүүлэгдээд байгаа юм биш. Олон жил ярьсан асуудал. Энэ парламенттийн хувьд л гэхэд 2013 онд ажлын хэсэг байгуулагдаад, дахиж ажлын хэсэг өөрчлөгдөөд бүр үндсэн хууль батлалцсан гишүүдээс ажлын хэсэг байгуулсан. Нилээн удаан судалгаа хийж, удаан хэлэлцүүлэг явуулсан. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа гишүүдийнхээ саналыг сонсдог байсан. Миний хувьд тойрогт ажиллах бүрдээ энэ талаар ярилцаж иргэдийн саналыг сонсдог байсан. Энэ бол нилээн удаан хугацаанд судалж байж өргөн барьсан зүйл. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь болсон гэж үзэж байгаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна