Хурдны замын хөрөнгө оруулалт Монголд байршина

2015 оны 11 сарын 21

“Чингис лэнд девелопмент” группийн гүйцэтгэх захирал Ц.Гантулгатай ярилцлаа.

-Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төслийн ажлын явц хэр байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Маш том төсөл учраас бэлтгэл ажил нь зам барилгын ажлаасаа их. Бэлтгэлээ сайн хангавал зам барилгын ажил нь тийм хэцүү биш л дээ. Инженерийн зураг дээрээ нарийвчилж ажиллаж байна. Хөрөнгө оруулалт болон бусад чиглэлдээ ч онцгой анхаарч байгаа. Барилгын ажил дууссан хойно буюу хурдны зам баригдсаны дараа арчилж хамгаалж явах асуудал бий. Арчилгаа тордлогын асуудалдаа хүртэл анхаарч байна. Бэлтгэл ажил нь эхэлсэн гэсэн үг. Зам ашиглалтад орсны дараа замын арчилгаа тордлогоор зогсохгүй, хурдны зам тойрсон асуудлууд эрх зүйн орчинтой яаж уялдах эсэх нь ч өөрөө том асуудал.Гуч, түүнээс дээш жил энэ замыг яаж ашиглах вэ, эдийн засгийн үр ашгийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ, яаж ашиглавал монголчуудад наалдах зүйл нь их байх бол гэдэгт илүү анхаарч төлөвлөлтөө хийж байна. Газ, нефтийн хоолой биднийг тойрч давхиад байна гэж ярьдагтай адил хоёр хөршийн бараа эргэлт, зорчигч тээврийн өөрчлөлт биднийг тойроод байна л даа. Сая есдүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотод болсон Алс Дорнодыг хөгжүүлэх эдийн засгийн форумаар ОХУ-ын Приморскийн хязгаарт машинтайгаа аялж жуулчлах эрхийг нь хятадуудад нээгээд өгчихсөн. Энэ бол хоёр хөрш маань хоорондоо хийх аяллаа биднээс хамааралгүй шийдээд байгаагийн зөвхөн нэг жишээ. Толхилцох, биеийнхээ санаачилсан ажлыг уяхгүйгээр хөдөлбөл бидэнд боломж бий.

-АН-3 гээд байгаа энэ хурдны замыг танай групп анхнаас нь санаачилж олон ажил хийснийг мэднэ.“Алтанбулагаас Замын-Үүд хүрсэн зам АН-3 биз дээ, ингэж давхцаж болох уу” гэсэн эргэлзээ бас бий. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Монгол Улс Азийн авто замын сүлжээнд 2004 онд нэгдэн орсон юм. Ингэснээр нутаг дэвсгэр дээгүүрээ өнгөрч буй хэсгийг барьж байгуулах үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ хүрээнд одоогийн байгаа Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн орон нутгийн замыг барьж гүйцээсэн л дээ. Үүнийг манай группийнхэн арван жилийн өмнөөс ярьж хөгжүүлж 2009 оноос бизнесийн модуль болгосон юм.

Олон улс дамжсан транзит зам байвал Монголд хэрэгтэй, хоёр хөрштэйгөө интеграцид ороход тустай, эдийн засгийн хувьд тогтвортой хөгжихөд өгөөжтэй юм байна гэж бодож эхлүүлсэн ажил. Энэ төслийг манай групп эхнээс нь санаачилсан. Тэр утгаараа оюуны өмчийн газарт бүртгүүлж гэрчилгээнүүдээ авсан. Бид эдийн засгийн модуль болгож, транзит тээвэртэй уялдуулаад хөгжүүлээд явж байгаа юм.

-Оюуны өмчийн гэрчилгээнүүд гэдгээ тодруулаач. Хурдны замынхаа трассийг оюуны өмчөөр баталгаажуулсан хэрэг үү?

-Манай групп замынхаа трассаас эхлээд хийсэн олон ажлаа оюуны өмч болгож баталгаажуулсан. Оюуны өмчийн газраас 17 гэрчилгээ авсан байгаа. Тодруулж хэлбэл зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан гэсэн үг. Зураг төсөл дээр гэхэд л нийтдээ арваад гэрчилгээ бий.

-Зураг төсөл дээр гэрчилгээ авна гэдгээ энгийнээр тайлбарлавал...?

-Барих мянган км замаа тодорхой хэсгүүдэд хуваагаад, хэсэг бүрийнхээ зураг дээр гэрчилгээ авсан юм. “Энэ бол Чингис лэнд девелопмент” группийн оюуны өмч юм шүү, улсын болон хувийн ямар нэг аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр ашиглаж болохгүй” гэдгийн баталгаа болсон гэрчилгээ. Замын зураг төслөөс гадна эдийн засгийн тооцоолол, баригдсаны дараах арчлалт, хамгаалалт зэрэг дээрээ ч зохиогчийн эрхийн гэрчилгээтэй. Замын хөдөлгөөний анализаас эхлээд газар чөлөөлөх, газар зохион байгуулах асуудал дээр ямар аргачлалаар явах дээр хүртэл оюуны өмчийн гэрчилгээ авсан. Бидний Оюуны өмчийн газраас авсан гэрчилгээнүүд Монгол Улсын өмчлөлд үлдэнэ. Учир нь бид замаа бариад хэсэг хугацаанд ашиглаж байгаад улсад хүлээлгэж өгөх юм.

-Зам барихад зарцуулах хөрөнгө мөнгөн дээр Засгийн газар ямар нэг баталгаа гаргахгүй бил үү?

-Манай төсөлд Засгийн газраас нэг ч төгрөгийн эдийн засгийн болоод санхүүгийн баталгаа өгөөгүй, цаашдаа ч өгөхгүй. Өнөөдрийг хүртэл төсвөөс болон орон нутгийн өмчөөс нэг ч төгрөг гаргаагүй. Цаашид ч хөрөнгө гаргахгүй хийгдэх төсөл. Улсыг нэг ч төгрөгийн барьцаанд оруулахгүй, эсрэгээрээ ашгаа өгөх том бүтээн байгуулалт. Бондуудын хувьд улсаа барьцаалж байгаа нэг хэлбэр. Бидний барих хурдны зам түүний дагуу бий болох шинэ суурьшлын бүсүүд, аж үйлдвэр, ложистикийн төв болон аялал жуулчлалын цогцолборуудын санхүүжилт нийтдээ 12 тэрбум ам.доллар байхаар төлөвлөгдсөн. Их хэмжээний мөнгө л дөө. Гэхдээ улсыг нэг ч төгрөгийн барьцаанд оруулахгүй. Бүх эрсдэлээ манай групп болон хөрөнгө оруулагчид хүлээнэ. Манай компанийн Засгийн газартай байгуулсан концессын гэрээ бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын хамгийн том нь юм.

-Зам тээврийн сайд Хонгконгод болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр танай групптэй байгуулсан концессын гэрээг цуцлагдсан гэсэн мэдэгдэл хийсэн. Сайдын мэдэгдэл үнэн эсэхийг тодруулах гэж л төслийн чинь явцыг сонирхохоор танд хандсан юм...?

-Төрийн өндөр албан тушаалтнууд дотор юу ч хэлж мэдэх, юу ч хийж мэдэх тийм л хүмүүсийн нэг жишээ бол энэ. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтан дээр хэлсэн хариуцлагагүй мэдэгдэл нь бизнес эрхлэгчид болон Монгол Улсад ямар хор хохиролтой, овилгогүй зүйл болсныг бид харж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах биш үргээж холдуулах олон жишээнүүдийн нэг юм.

Бидний хэрэгжүүлж байгаа төсөл маань том учраас мэдээллийн зөрүүнээс болоод ч юм уу, хангалттай мэдээлэл авч чадахгүй гэсэн шалтгаанаар биднийг сөрөг байдлаар ойлгох хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Евро-Азийг хуурай газраар холбох оролдлого Төв Азийн улсуудад олон тоогоор хийгдэж байгаа. Тэр олон сонирхлыг тээврийн бодлогодоо оруулж ирэхийн тулд бусадтай ойлголцох гэж том асуудал бий. Хөгжил дэвшлийн төлөө монголчууд нэгдэж чадна гэсэн итгэл дүүрэн байна. Бидний барихаар ажиллаж буй хурдны зам төр, хувийн хэвшил, иргэн, ерөөс монгол хүн бүрийн хүсч байгаа зүйл. Орон нутгийн удирдлагуудтай ажил хэргийн яриа өрнүүлэхэд их дуртай хүлээж авдаг. Эдийн засгаа солонгоруулах, боломжоо нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа гэдэг утгаар нь хүн бүр энэ төслийг цаг алдалгүй амжилттай хэрэгжээсэй гэж хүсч байгаа. Зарим хүмүүс Монголыг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байх боломжийг бүрдүүлэх энэ төслийн талаар зөрүү ойлголттой яваад байх шиг. Энэ бол байх л ёстой зүйл. Төслийн ач холбогдол, хэрэгжүүлж байгаа явцыг ойлгоод ирэхээр хандлага нь өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Шинэ тутам ажил гэдэг утгаараа төслийн талаар мэдээлэл дутуу учраас зарим нь өрөөсгөл ойлголттой байж магадгүй. Монголчууд транзит тээврийн үйлчилгээг Евро Азийн түвшинд үзүүлж эхлэх гэж байгаа нь л манай төслийн давуу тал.

-Хурдны замтай болчихвол Хятадын боомтууд дээр төмөр замын тээвэр хүлээж гацдаг бараа, бүтээгдэхүүний урсгал саадгүй, чөлөөтэй болох нь ээ?

-Тэгнэ. Тянжинээс Улаанбаатар хүртэл галт тэргээ хүлээгээд 14 хонох тохиолдол гардаг. Хурдны замтай болчихвол тэгж хүлээх шаардлагагүй. Тяньжин дээр контейнор нь ирлээ л бол үндэсний тээвэрлэгчдэд маань бараагаа авто замаар хил дээр авчрах бүрэн боломж нээгдэнэ. Замын-Үүдээс Улаанбаатар руу авчрахад тав, зургаахан цаг зарцуулагдана гэсэн үг. Өөрсдийн тээврээ хямдаар, хурдан, найдвартай хийж эхэлнэ. Мөн бусдын тээвэрт сервис үзүүлээд тэндээс хураамж төлбөрүүд авч эхлэх юм. Тэр хэрээр эдийн засагт орлогын шинэ эх үүсвэр бий болно. Шинэ дэд бүтцийг дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ. Аялал жуулчлалыг дагаад дэлхийн том сүлжээ буудлууд орж ирж болно. Хамгийн том давуу тал гэвэл хоёр хөршид маань автомашины хэрэглээ асар өндөр. Хятадад гээд ярихад жилдээ 2.2 тэрбум аялал жуулчлалын маршрут хийгддэг гэсэн тоо гарсан байна лээ. Өнгөрсөн зуунд бараа эргэлт үнэ, чанар дээр өрсөлддөг байсан юм. Одоо бол өөр. Компаниуд хугацаан дээр л өрсөлдөж байна. Үнэ дэлхийн хаана ч адилхан болчихсон. Чанар ч технологийн глобалчлалаа дагаад жигдэрчихсэн. Хэн нь хурдан нийлүүлэх вэ гэдэг дээр бараа бүтээгдэхүүний өрсөлдөөн явж байна.

-Энэ том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хэзээнээс орж ирэх вэ?

-Бэрхшээл ямар ч салбарт бий. Системийн маань байдал хөрөнгө оруулагчдад нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Асуудалгүй ажил гэж байдаггүй, асуудал үүсч тэрийг давах тоолонд ажил маань улам чамбай, нямбай болж байна. Эдгээр бэрхшээлүүдийг үл тооцоод хүрсэн үр дүнгээ яривал энэ оны арванхоёрдугаар сарын 15-нд багтаж хөрөнгө оруулалтын эхний багц Монгол Улсын арилжааны банкуудад байршиж эхэлнэ. Томоохон гүйцэтгэгчдийнхээ сонгон шалгаруулалтыг тэр хугацаандаа багтаагаад хийх боломжтой. Дэлхийд нэр хүндтэй байгууллагын дунд хийх сонгон шалгаруулалт ч тэр хавьцаа хийгдэх болов уу. Монголчуудын өмчлөлд хэчнээн зуун жилээр байх зам учраас хамгийн сайн юм хийхийг зорино.

-Тэгвэл замын газар шорооны ажил ирэх жил, дулаан оронгуут эхэлчих нь ээ?

-Ирэх жил барилгын улирал эхлэхээр эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна