Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Итали хамтарна

Хуучирсан мэдээ: 2015.11.21-нд нийтлэгдсэн

Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Итали хамтарна

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын Епропын зарим  орнуудад хийж буй ажлын айлчлал өнөөдөр Бүгд Найрамдах  Итали улсад үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд тэрээр Итали улсын  Эдийн засгийн хөгжлийн  дэд сайд Карло Календатай уулзлаа.

Ноён Карло Календо Аж үйлдвэрийн сайдыг хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, Монгол Улсад ажлын айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгав.

Уулзалтаар талууд Итали улсын техник тоног төхөөрөмжийг ашиглан монголын хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллая. Үүний тулд Италийн засгийн газрын Сачи даатгалын агентлагаар дамжуулан Монгол Улсын арьс ширний зах зээлийг судалж, үнэлгээ өгсөн бөгөөд машин тоног төхөөрөмж нийлүүлэх  эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрийн шугамд зээл олгож, мэргэжилтэй ажилтныг бэлтгэх.  Хоёр улсын  мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн цогц санхүүжилтийн схемийг бий болгох талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

Цаашид энэхүү санхүүжилтийн схемийг  ноос ноолуур,  хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн салбарт  мөн хэрэгжүүлэхээр боллоо.

Монгол Улсад  2016 онд зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Италийн тал аюулгүй байдлын  талаар хамтран ажиллах тухай уулзалтын үеэр мөн ярилцлаа.

Италийн компаниуд Монгол Улсаас арьс шир худалдан авах сонирхолтой байна. Уулзалтаар зөвхөн түүхий эд нийлүүлэх бус олон улсын түвшинд өрсөлдөхүйц, Монгол улсад үйлдвэрлэж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн Италийн тал худалдан авах, Монгол Улсад нэмүү өртгийн сүлжээ  бий болгоход хамтран ажиллахаар болсон юм.

Монгол Улс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн гаргасан нь Италийн компаниудтай хамтран ажиллахад чухал  дэмжлэг болж байна гэдгийг дэд сайд Карло Календата онцлон тэмдэглэв.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  хоёр талын хамтран  хэрэгжүүлэх төслийн санхүүжилт, даатгалын схемийг ажлын журмаар тохиролцон нэг мөр болгосноор талуудын хамтын ажиллагаа эрчимжих боломжтойг илэрхийллээ.

Цаашид талууд хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж ажиллах нь бодит үр дүнгээ өгөх болно гэж үзлээ.

Хамтын ажиллагааны үндэс нь  Засгийн даатгалын агентлаг болох SACE байна.  Мөн хоёр тал Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын хурлыг  ирэх оны хоёрдугаар сард  зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангахаар тохиролцов.

Италийн Засгийн газар Монгол дахь Элчин сайдын яамаа ирэх онд Улаанбаатар хотноо нээх юм, тиймээс Италийн худалдааны агентлагийн байнгын төлөөлөгчийг тус яаманд суулгах юм байна.

САЧИ агентлагийнхантай уулзав

Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  Бүгд найрамдах Итали улсын Засгийн газрын  даатгалын Сачи агентлагийн Олон улсын бизнесийн гүйцэтгэх захирал Майкел Рон тэргүүтэй албаны бусад хүмүүстэй уулзлаа. Уулзалтад Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох албаны хүмүүс байлцсан юм.

САЧИ даатгалын агентлаг нь Итали улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлоход дэмжлэг үзүүлэх зорилготой Засгийн газрын даатгалын агентлаг юм. Монгол Улсын Хөгжлийн банк САЧИ агентлагтай хамтран ажиллах талаар яриа хэлэлцээрүүдийг хийж эхэлж байна.

САЧИ агентлаг Монгол Улсыг Ази тивд гарах  хаалга гэж тодорхойлж байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллаж, үйлчилгээ үзүүлэх зөвлөгөө өгөх  сургалтын программыг хэрэгжүүлэх  санал тавилаа.

Аж үйлдвэрийн сайд  Хөгжлийн банктай хамтран ажиллах саналд ойрын хугацаанд хариу өгнө. Монгол Улс Италиас тоног төхөөрөмж авахаас гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бусад улс оронд экспортлоход хамтарч ажиллахыг санал болгов. Ирэх оны хоёрдугаар сард болох Засгийн газар хоорондын комиссын хурлаас өмнө хоёр талын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцохоор болов. Монгол Улсын  ЖДҮ-ийн төслүүдэд тоног төхөөрөмж худалдан авахад САЧИ даатгалаар баталгаа гаргуулан бага хүүтэй зээлд хамруулах талаар ярилцаж тохиролцов. САЧИ- талаас  Монголын аж ахуй нэгжүүд нь төсөлд тавигдах шаардлагыг хангах талаар зөвлөгөө өгч хамтран ажиллахаа илэрхийлэв.

“Монгол базальт” компани 18  сая ам долларын гэрээ байгууллаа

“Монгол базальт”  компани  Итали улсын “Гама механик” компанитай  эрдэс чулуун  хөвөн барилгын дулаалгын материал  үйлдвэрлэх, үйлдвэрийн шугам  худалдан авах   18  сая ам долларын үнийн дүнтэй гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр таван талын уулзалтыг хийсэн юм. Тухайлбал, “Монгол базальт” компанийн тоног төхөөрөмж худалдан авах зээлийг Интенсиа сан паоло банк Италийн Засгийн газрын САЧИ агентлагийн баталгаагаар олгохоор талуудын хоорондын уулзалтыг хийж эхэлсэн байна.

Монгол Улсын Аж үйлдвэрийн яам “Гамма Механика” болон “Монгол Базальт” компанийн хооронд байгуулсан гэрээг Монгол Италийн  аж үйлдвэр худалдааны салбарт цаашдын өргөн хүрээний  хамтын ажиллагааны эхлэл тавьсан чухал арга хэмжээ хэмээн тэмдэглэж байна.

Сенатын гишүүдтэй уулзав

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бүгд найрамдах Итали улсын Сенатын гишүүн бөгөөд гадаад харилцааны комиссын нарийн бичгийн дарга Антиона Раззе, Хөдөлмөрийн яамны   Массимо Бассино,  нартай уулзаж, хоёр улсын парламентын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар хэлэлцэв. Энэхүү уулзалт нь хоёр улсын парламент хоорондын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чухал алхам болов.

Б.ДАВАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж