Сэтгүүлч Л.Болормаа таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.21-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Л.Болормаа таалал төгсчээ

Сэтгүүлч Лунтангийн БОЛОРМАА 20-21-нд шилжих шөнө таалал төгсчээ. Түүний нас барсан шалтгаан тодорхойгүй байна. Түүний шарилыг  Шүүх шинжилгээний үндэсний төв рүү гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг тогтоолгохоор авч явсан байна. Энэ хэргийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. 

Л.Болормаа нь The Mongolian Mining Journal, Үүсгэн байгуулагч, Эрхлэгчээр ажиллаж байлаа.

Эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичдэг. Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд  эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Washington Post болон Grand Forks Herald сонины редакцуудад  туршлага судалсан.

“Өнөөдөр” сонинд 1998 оноос ажилласан.  2001-2008 онуудад “Өнөөдөр” сонины  Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн алба тус тус хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх , барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад  хүч бололцоогоо дайчлан ажилласан. Шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар  өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд” номоо 2007 онд хэвлүүлсэн. Энэхүү номонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Кофи Аннанаас авсан  ярилцлагууд, Афганистанаас хийсэн сурвалжлага зэрэг багтжээ.

“Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай. 

The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан. Эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг Монголын анхны сэтгүүл юм. Аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус , мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилладаг. Бие даасан мэргэжлийн редакцитай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тус сэтгүүлийг “Оны шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулжээ.

Дээрх  сэтгүүлээс гадна  эдийн засаг, уул уурхайн мэдээллийн зөвлөгөө өгөх, мониторинг хийх ажлуудыг “Завгүй” компаниараа дамжуулан эрхэлдэг.

Сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг ажиллуулдаг. Залуу сэтгүүлчдийг сургах дадлагажуулах чиглэлээр тус Төрийн бус байгууллага нь тогтмол сургалт, аялал зохион байгуулдаг. Мөн Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулсан. Eagle,С1, 25 дугаар телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болж байсан юм. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж