Эмгэнэл

2015 оны 11 сарын 21

Монголын нэрт сэтгүүлч, нийтлэлч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 20-нд зуурдаар таалал төгсч Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо. 

Л.Болормаа нь The Mongolian Mining Journal, Үүсгэн байгуулагч, Эрхлэгчээр ажиллаж байсан юм. Тэрээр эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлч байв. Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд  эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, Washington Post болон Grand Forks Herald сонины редакцуудад  туршлага судалсан арвин туршлагатай, салбартаа манлайлагч, үнэний дуу хоолой байлаа. 

Л.Болормаа нь 1998 оноос Үндэсний өдөр тутмын "Өнөөдөр" сонинд сэтгүүлчээр,  2001-2008 онд “Өнөөдөр” сонины  Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн алба тус тус хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад  хүч бололцоогоо дайчлан ажилласан юм. Тэрээр Монголын шинэ сэтгүүл зүйд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар  өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд” номоо 2007 онд хэвлүүлсэн нь уншигчдын талархлыг зүй ёсоор хүлээж байв. Энэхүү номонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Кофи Аннанаас авсан  ярилцлага, Афганистанаас хийсэн сурвалжлага зэрэг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан сэтгүүлзүйн бүтээл байлаа. 

Л.Болормаа нь “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналыг хүртэж байв. 

 
Түүний 2008 онд үүсгэн байгуулсан The Mongolian Mining Journal сэтгүүл нь Эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хэлээр хэвлэгдэж, аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус, мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажиллаж байв. Бие даасан мэргэжлийн редакцитай тус сэтгүүлийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Оны шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байлаа. 

Тэрээр The Mongolian Mining Journal сэтгүүлээс гадна  эдийн засаг, уул уурхайн мэдээллийн зөвлөгөө өгөх, мониторинг хийх ажлуудыг “Завгүй” компаниараа дамжуулан эрхэлж байв. 

Л.Болормаа нь сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг ажиллуулдаг байлаа. Мөн Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулж, Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болж чадсан юм. Түүний баримтад тулгуурлан бичсэн нийтлэл, сурвалжлага нь Монголын чөлөөт сэтгүүл зүйг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй хойч үе болсон залуу сэтгүүлчдэд үлгэр дуурай болохуйц сонгодог гарын авлага болж үлдэх болно. 

Монголын нэрт сэтгүүлч, нийтлэлч Лунтангийн БОЛОРМАА зуурдаар таалал төгсч сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд болон Монголын нийт сэтгүүлзүйн салбарын хамтран зүтгэгч, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

        "News agency"-ийн хамт олон 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна