Д.Осгонбаяр: “Наран мандах нутаг” намайг олонд таниулсан

2015 оны 11 сарын 22

Д.Осгонбаяр: “Наран мандах нутаг” намайг олонд таниулсан, бас манай нутгийн сүлд дуу

Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Доржийн Осгонбаяртай ярилцлаа. Тэрээр энэ сарын 24-ний өдөр Монгол бөхийн өргөөнд “Наран мандах нутаг” уран бүтээлийн бие даасан анхны тоглолтоо хийхээр нийслэлийг зорьж ирээд байгаа юм.


-Юуны  өмнө нийслэлчүүддээ өөрийн  анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо толилуулахаар ирсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Тоглолтын бэлтгэл ямар шатандаа явна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Улаанбаатарт бараг сар гаруйн өмнө ирлээ. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа явж байна. Шинэ уран бүтээлийн бичлэгүүд гээд амжуулах ар араасаа ундарсан ч намайг дэмжиж, тусалж  байдаг багш нар,  найз нөхөд, мэргэжил нэгт  уран бүтээлчдийн  ачаар бүх ажил хугацаандаа амжиж байгаа. Энэ сарын 24-нд “Бөхийн өргөө”нд болох тоглолт цагтаа эхэлнэ, нийслэлийн үзэгчидтэйгээ уулзана гэхээс  сэтгэл хөдөлж байна.

-Нууц биш бол “Наран мандах нутаг” тоглолтод оролцох  дуучдыг асууж  болох уу?

-Тоглолтод  олон дуучин оролцоно. Би  2009 онд СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн юм. Миний мэргэжлийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин  Ц.Чулуунцэцэг, Дуурь, бүжгийн эрдмийн  театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатар, хамт олныг маань төлөөлж Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт, жүжгийн театрын дуучин О.Батболд нар тоглолтод оролцоно. Мөн  Багануур дүүргийн залуу дуучин Д.Алтанжаргал  уран бүтээлээсээ хүргэнэ. Хошин урлагийн зарим төлөөлөл оролцохоо илэрхийлсэн. Тухайлбал, Бооёо буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд  ах  хамтлагийнхантайгаа хүрэлцэн ирж шилдэг номероосоо үзэгчдэд бэлэг барина. Бас Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын бүжигчид ирж оролцоно.

-Багштайгаа хамт дуулна гэсэн мэдээлэл дуулдсан. Ямар дууг нь хамт дуулахаар болов?

 -Багшийнхаа дуулсан “Дуунд уярах хорвоо” дууг нь хамтдаа дуулахаар болсон.

-Тоглолтын  үеэр азтай үзэгч хурдан удмын адуу хөтөлж харих нь гэсэн яриа цуу үг үү, эсвэл бодитой зүйл үү?

-Манай  Сүхбаатар нутаг  хурдан морьдоороо алдартай. Тоглолтын үеэр азтай үзэгчийг тодруулж, тал  нутгийн хурдан удмын даага өгөхөөр бэлдсэн. Төрийн наадамд торгон жолоо өргүүлж, алдар цуугаа мандуулсан “Зоос бор”-ын  сүрэг болох Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, УИХ-ын гишүүн асан Р.Буд гуайн унаган адуунаас энэ бэлэг эзэндээ очих юм.

-Сүхбаатар жижигхэн аймаг атлаа, дуучин олонтой, дэлхийд данстай дуучдын өлгий нутаг гэдгээрээ сүүлийн үед ихээхэн  бахархаж байгаа. Дуучин, нутаг хоёр салшгүй холбоотой гэж танай нутгийн дуучин, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ нэгэнтээ хэлж байсан.  Та энэ нутгийн аль суманд, ямар нэртэй газар  төрж өсөв?

-Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын тавдугаар багийн нутаг Бүрэнцогтод төрсөн. Ээж минь Түвшинширээ сумын гаралтай, аав минь Бүрэнцогтын, тэр дотроо Өлийтийн гэж ярьдаг, тэр нутгийн уугуул.

-Танай удамд дуулдаг хүн олон бий юу?  

-Сайн мэдэхгүй. Харин ээж минь залуудаа их сайхан дуулдаг байсан гэнэ лээ. Дээхнэ үед “Аймгийн соёл урлагийн 10 хоног”  гэж зохиогддог байхад манай ээж “Бандан хээ” гэж морины тухай ардын дууг дуулж үзэгчид олон дахиулдаг байсан гэнэ лээ. Ээж минь нарийхан цээл хоолойтой. Харин миний хоолой сапрани талдаа.

-Таны дуулж хүмүүст хүргэсэн, одоо тоглолтоо нэрлээд байгаа  “Мандах наран нутаг” дуу хүмүүсийн түмний дуулах, сонсох дуртай дууны нэг болжээ. Энэ дуу төрсөн түүхээс сонирхуулахгүй юу?

-Энэ дууг 2005 онд анх дуулсан. Тэр үед энэ дууны үгийг бичсэн МЗЭ-ийн шагналт,  яруу найрагч С.Амартайван, Хөгжмийн зохиолч Ш.Батсайхан нар надад санал тавьсан юм. Нутгийн ах, багш хоёр маань миний хоолойд зориулж бүтээлээ гэж хэлэхэд сандарч бас баярлаж хүлээж авсан.  Миний хувьд  тухайн  үед СУИС-д ороод удаагүй, мөн аймгийнхаа театрт ажилладаг залуухан уран бүтээлчийн хувьд туршлага ч бага байсан. Яруу найрагч С.Амартайваны шүлэг, Монгол Улсын гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч А.Энхтайваны аялгуу “Олонтой явсан аав минь” дуу “Морин хуур-2004” наадмын тэргүүн шагналыг хүртээд байсан үе. Тэр том наадмын тэргүүн шагналыг авсан яруу найрагчаас дуу авна гэдэг  залуу дуучны хувьд үнэхээр  аз байсан. “Мандах наран нутаг” дуугаа 2006 онд Улаанбаатар хотод ирж, Д.Билэгт ахын “Галиг” студидэд бичүүлсэн. Түүнээс  нэлээн хожуу 2010 онд дахин шинэчлэн  бичиж,  дүрсжүүлсэн. Анх энэ дууг төгөлдөр хуур, ардын найрал хөгжимтэй дуулж  ард түмэндээ хүргэж байсан юм. Удалгүй дуу маань Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ард түмний дуулах дуртай дуу болсон. Одоо энэ дууг минь Монгол орон даяар дуулж байна гэхээр надад сайхан санагддаг. Би энэ дууг хүмүүст хүргэснээр 10 жил болжээ.  Дуу маань намайг олон таниулаад зогсохгүй, манай нутгийн, цаашлаад  зүүн гурван аймгийн сүлд дуу болсон. Тиймээс энэ дуугаараа тоглолтоо нэрлэсэн.

-Дуучин болсон ажлын анхны гараа, уран бүтээлч болоод бүрдүүлсэн  урын сангийнхаа тухай хуучлахгүй юу?

-Би дуучин болохыг багаасаа мөрөөдсөн. Том тайзан дээр дуулж байна гэж зүүдэлдэг хүүхэд байлаа. 2004 онд дууны тэмцээнд орж түрүүлсэн юм. Түүний дараахан намайг  аймгийн театраас дуудаж, дуучнаар  авсан. Театрт ажиллаж эхэлсний дараа жилээс СУИС-д элсэн суралцаж,   2009 онд уртын дуучин мэргэжлээр төгссөн. Анхны тоглолт  маань хамтарсан уран бүтээл байсан. Театрынхаа  залуу дуучин О.Батболдтой хамтран “Хүслийн цэнхэр аялгуу” тоглолт хийж байлаа. Тэр үед сургуулиа төгсч  амжаагүй уран бүтээлчийн хувьд надад маш их урам өгсөн дөө. Бид  2013 онд энэ  тоглолтын нэрээр нэрлэсэн цомгоо  гаргасан. Мөн тэр жилдээ “Хүслийн цэнхэр аялгуу-II” хамтарсан уран бүтээлийн тоглолтоо нутгийн ард түмэндээ толилуулсан. Харин өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолт гэхээсээ илүүтэй цэнгүүнийг аймагтаа 2011 онд “Уртын дуу шиг тал мину” нэртэйгээр хийж байлаа. Энэ удаа  “Мандах наран нутаг” уран бүтээлийн бие даасан анхны тоглолтоо нийслэлчүүддээ толилуулах  гэж байна. Урын сангийн тухайд 40 гаруй дуутай болж байна. Ардын дуу, уртын дуу нийлээд өөрийн болгож дуулсан 100 орчим бүтээл бий.

-“Наран мандах нутаг” дууг дуулуулахаар хаа холоос өөрийг чинь урьж залж байдаг юм шиг санагдсан. Урилга их ирнэ биз?

-2012 онд Сүхбаатар аймгийн түүхт 70 жилийн ойг угтаж, “Мөнхчулуун” сангийн ивээн тэтгэлгээр “Боловсрол суваг” телевиз олон ангит уран сайхны киног хийсэн. Энэ киноны нэр “Наран мандах нутаг”. Кинонд Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин С.Сарантуяа нарын олон чадварлаг уран бүтээлчид тоглосон. Кино гарах бүрийд энэ дуу явна. “Наран мандах нутаг” дуу энэ киногоор дамжин үзэгчдийн сэтгэлд хүрсэн. Дууг түмний хүртээл болгоно гэдэг бол дуучнаас гадна хамтын хүч байдаг. Тэгэхээр энэ дуу маань олон түмний дэмжлэгээр ард түмний аялах дуртай  дууны нэг  болсонд баярладаг. Мөн Сүхбаатар аймгийн шашин, урлагийн цэнгүүн Цагаан сарын дараа Улаанбаатар хотноо болдог. Энэ арга хэмжээ Бөхийн өргөө, Үндэсний циркт гээд томоохон газруудад болох  үед аймгаасаа ирж, “Мандах наран нутаг” дуугаа дуулаад явдаг.Сүүлийн үед хуримандаа нутгийнхаа дууг дуулуулъя гээд энд тэндээс урьж залдаг болоод байгаа.

- 25 дугаар суваг”  телевизээс  нэг хэсэг зохион байгуулдаг  байсан дууны тэмцээнд оролцож байсан гэсэн. Тухайн үед энэ нэвтрүүлэг их хүчээ авч олон шилдэг дуу, дуучид төрсөн байдаг?

-Би 2008, 2010 онд “ХХ дууны шилдэг-25 дуу” уралдаанд оролцож байсан. Тухайн үед “25 дугаар суваг” телевизээс энэ  уралдааныг хоёр жил тутам  зохион байгуулж, тэр нь хүмүүст их хүрч  байсан. Би хоёр удаа оролцохдоо хоёуланд нь дэд байрт шалгарсан. 2010 онд Ардын  жүжигчин Ш.Чимидцэеэ эгчийн дуулсан “Зүүдний говь” дууг дуулж байсан.

а гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Мэргэжил нэгтэй урлагийн хүн үү?

-Би нөхөртэйгээ “Жаахан шарга” театртаа танилцсан. Манай хүнийг  Х.Отгонбаяр гэдэг. Намайг 2005 онд театрт ороход театрын бүжигчнээр ажиллаад жил болчихсон байсан. Бид  хүү, охин хоёртой. Охин маань энэ жил нэгдүгээр ангид орсон. Бага хүү ой гарантай. Улаанбаатарт  тоглолтоо хийхээр  ирээд сар гаруй болж байна. Энэ хугацаанд ээж минь  хүүхдүүдийг харж, их тус дэм болж байна. Энэ дашрамд ээждээ баярлаж байгаагаа дамжуулъя. Бас намайг дэмжиж, надад тусалж  байгаа бүх хүнд, хамт олондоо болоод Сүхбаатар аймгийнхаа бүх сумын нутгийн зөвлөлийн дарга нар, манай нутгийн сэтгүүлчдийн “Талын түрлэг” клубын хамт олонд талархалаа  илэрхийлье.

-Зүүн бүсийн театрын уран бүтээлчид энэ сард их завгүй байгаа гэж сонссон. Мөн Улаанбаатар хотод хамтарсан тоглолт хийх тов гарсан байна лээ?

-Би энэ сарын 24-ний өдөр “Мандах наран нутаг” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд хийгээд маргааш нь Дорнод аймгийн зүг хөдөлнө. Сүхбаатар, Дорнод аймгийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолтын нээлт энэ сарын 26-ны өдөр Чойбалсан суманд болох юм. Зүүн бүсийн театрын уран бүтээлчдийн тоглолт энэ сарын 29-ний өдөр “Соёлын төв өргөө”-нд тоглогдоно. Тэгэхээр энэ сард миний хувьд ч Дорнод, Сүхбаатар аймгийн театрын уран бүтээлчдийн хувьд ч  их завгүй өнгөрч байна.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: www.polit.mn


Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" Хөгжимт жүжгийн театрын уран бүтээл

Үг С.Амартайван

Ая Ш.Батсайхан "Наран мандах нутаг"

/Дуучин Соёлын тэргүүний ажилтан Д.Осгонбаяр/

Мандах наран зүгт нутаг минь байдаг юмаа
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг юм аа
Мал нь тогтуухан хүн нь аядуухан
Мандах наран зүгт нутаг минь байдаг юм аа

Ургах наран зүгт нутаг минь байдаг юм аа
Уртын дуу шиг тал цэнхэртэж байдаг юм аа
Уудам талаа туулна гэж
Унаган хүлэг минь босоо төрдөг юм аа

Том наран дор нутаг минь байдаг юм аа
Тогоруу шувуу нь алхалж л явдаг юм аа
Тогоотой сүүгээ ээж минь самраад
Томоогүй хүүгээ хүлээж суудаг юм аа

Зөөлөн шаргал зүгт нутаг минь байдаг юм аа
Зөрүүдхэн бага нас минь тэнд л үлдсэн юмаа
Сөөсгөр хүүгээ ээж минь үүрээд
Зөндөө үлгэр ярьж л өгсөн юмаа
Мандах наран зүгт нутаг минь байдаг юм аа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна