Европын мөхөл

2015 оны 11 сарын 23

 

Парисын террорист халдлагын дараа “American Thinker” сэтгүүлд Жон Холл бичсэнийг орчуулан хүргэж байна.

 

 

Ердөө зуун жилийн өмнө Европ тивийн орнууд дэлхийн эзэд байлаа. Европын орнуудын эзэмшлийн том том газар нутаг дэлхийн хаа сайгүй байлаа. Европт хамгийн шилдэг, хамгийн мундаг зүйлүүд байв. Энэ бүхэн харин одоо алга. Наполеоны дараагаас эхэлсэн харьцангуй тайван үе дэлхийн I дайн хүртэл үргэлжилсэн. Дэлхийн I дайны дараа төд удалгүй II дайны гал Европын газар нутагт авалцсан. Энэ хоёр дайны дараа Европ бүхий л эд баялгаа, эзэмшдэг газар нутгаа алдсан юм.

 

Бараг зуун жилийн турш Европыг удирдсан ухаангүй лидерүүдийн уршгаар одоо Европ багийн сулхан тоглогчийн хэмжээнд очоод байна. Аскитаас II Вильгельм хүртэл, Клеманс, Чемберлен, фашистууд, Европ-Арабын хэлэлцээнээс урвагчид, өнөө цагийн бюрократ удирдагчид гээд бүгд энэ тивийг дампууруулсан. Нэг Черчиль болгонд тоолж барахын аргагүй бэртэгчин, галзуу, тэнэг зүгээр л алдар нэрийн төлөө хөөцөлдсөн улстөрч оногдож байлаа.

 

Сүүлийн зуун жилийн турш олон удаа азгүйтэж, олон алдаа гаргасан Европ одоо “хаягдсан тив” болж хувирч байна. Холокостын дурсамж хуучраагүй байхад Европт жүүдүүдийг үзэн ядах хандлага цэцэглэж байна. Хүнд цохилтод орсон Европын жүүдүүд одоо дүрвэж байна. Европчууд өнгөрсөн түүхээсээ сургамж аваагүй бололтой.

 

Одоо Европ өөрөө өөрийгөө хөнөөж байна. Энэ нь бүүр 1914 онд эхэлсэн юм. Гэсэн ч яг одоо Европ хэзээ хэзээнээс илүү өөрийгөө устгахад бэлдэж байгаа нь Европт идээшиж чадахгүй лалын сая сая дүрвэгчийг өөрийн газар нутаг руу чөлөөтэй нэвтрэх боломж олгож байгаагаар харагдаж байна. Европын удирдагчид энэ урсгалыг зогсоож чадахгүй байна.

 

Хүн ам зүйн шинжээчдийн гаргасан тооцоогоор ойрын үед яаралтай эсрэг арга хэмжээ авахгүй бол угаасаа үндсэн хүн ам нь төрөлтийн түвшин багатай  Европ тив энэ зууны сүүлч гэхэд лал сүсэгтнүүдийн тив болох ажээ. Европ Европ байхаа больж Европын халифат үүснэ гэж үзэж байна. Энэ барууны соёл иргэншил устаж, хүн төрөлхтөний нэгэн эмгэнэлт болно.

 

АНУ-ын зохиолч Брьюс Бауэр өөрийн бичсэн “Европыг унтаж байхад лалын радикалууд Барууныг хэрхэн дотроос нь эвдэв” номынхоо 188-189 дүгээр хуудсанд Европын ирээдүй бүүдгэр байгаа талаар бичсэн Данийн сэтгүүлч Ларс Хедегаардын үгийг эшилсэн байна. “Хэрвээ Европт сэтгэж чаддаг ухаантай сэхээтнүүд бий болохгүй бол Европтой салах ёслол хийж болно. Европ тивийн ирээдүй бидний төсөөлж байгаа шиг болохгүй. Ливанд болсон шиг христүүдийн тэргүүлэх оролцоотой лалынхны дайн Европт болно. Үргэлжийн дайтан сөргөлдөж, энэ байдлыг зөөллөх, хооронд нь зуучлах хүч хаа хаанаа байхгүй. Байдал бидний төсөөлж байснаас ч дор байх болно. Энэ бүх аймшиг эхлэхэд үүнийг эхлүүлэхэд гар бие оролцсон сэтгүүлчид толгойгоо сэгсрэн зугатаж одно, харин зугатаж чадахгүй хүмүүс тэр аймшгийн дунд үлдэх болно” хэмээн бичжээ.

 

Голландын улстөрч асан Пим Фортейн өөрийн намын удирдлагад хандан лалын дүрсвэгсдийн асуудлаар “Энд бидний үр хүүхэд, ач зээ нарын хувь заяа хөндөгдөж байна” хэмээн хэлж байжээ. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын шалтгаан юу вэ гэж жирийн европ иргэн асуух учиртай.

 

Европын асуудлын гол нь тэдний удирдагчдад байна. Чухам тэд л Европыг энэ хавцлын ирмэгт авчирсан. Гэхдээ энд зөвхөн улс төрийн удирдагчдыг хэлсэнгүй, яагаад гэвэл ийм нөхцөл байдал үүсэхэд Европын соёлын урлагийн элитүүд, сэхээтнүүд, хэвлэлийнхэн, эрдэмтэд, тэр бүү хэл шашныхан хувь нэмрээ оруулсан.

 

Европчууд элитийн хүрээндээ цэвэрлэгээ хийх цаг болсон. Хэрэв шаардлагатай гэвэл европчууд Тим Фортейн шиг байж, шинэ нам байгуулах хэрэгтэй. Хуучныг халж, хэнийг ч худалдахгүй, хэнд ч худалдагдахгүй шинэ эх орончдын нэгдэл үүсгэх хэрэгтэй. Хэрвээ Европын соёл иргэншлийг аврахыг хүсч байгаа бол шаардлагатай бүх зүйлийг хийх хэрэгтэй, тэр нь Европын холбооны задрал байсан ч хамаагүй. Мөн европчууд төрөлтийн тоогоо нэмж, хүн амаа өсгөх хэрэгтэй. /Аав, ээжийнхээ нь өвлүүлж өгсөн Европыг хараад залуучууд нь гэр бүлтэй болохыг хүсэхгүй байгааг ойлгоход төвөгтэй биш/

 

Баруунаас өөр газар ч гунигтай байдалд байна. Харин Европын халифат бүүр там болон хувирч байна, одооны хүүхдүүд энэ тамд амьдрах болж байна. Арваннэгдүгээр сарын 13-ний Парисын цуврал халдлага европчуудад энэ тамыг мэдрүүллээ. Тэр шөнө канадын зохиолч Марк Стейн “Зэрлэгүүд дотор байна, бүх хаалга хаалттай” (The Barbarians Are Inside, And There Are No Gates) нэртэй нийтлэл бичсэнийг уншихыг бүгдэд зөвлөж байна. 

 
 

Дундад зууны үеийн харанхуй цаг ирэхээс европчууд зугатах боломж бий. Марк Стейн “Америк ганцаараа: Бидний мэддэг дэлхийн төгсгөл” номондоо сэрэмжлүүлсэн шиг европчууд одоо л хөдлөх хэрэгтэй. Гэхдээ хөдөлж эхлэхийн өмнө юугаа алдах билээ гэдгээ европчууд бодох ёстой.

 

Тэр алдах зүйл нь юун түрүүн эрх чөлөө юм. Европын үүсэн бий болсон гол үзэл санаа болох эрх чөлөө, хамгийн их эрхэмлэдэг эрх чөлөөгөө алдана. Барууны түүх бол урт удаан хугацаанд, зугуухан эрх чөлөөнд тэмүүлж ирсэн түүх юм. Зөвхөн Баруунд л жирийн иргэний бахархал, итгэл найдвар үлдсэн юм.

 

Гэсэн ч ямар нэг том зорилгын төлөө биш л бол эрх чөлөө эрт орой хэзээ нэгэн цагт дураараа дургих үзэл болон хувирна. Чухам энд л бүх зүйлийн үндэс болсон нигилизм буюу үгүйсгэх үзэл нуугдаж байгаа. Лалынхны Европыг эзэгнэж байгаа гол давуу тал нь үүнд оршиж байгаа. Тэд ямар нэг үзэл санаанд, ямар нэг зорилгод итгэж байна, харин энэ чанар ихэнх европчуудад байхгүй. Энэ чанараа гээснээр европчууд ямар нэг золиос хийж чадахаа больсон. Одоо лалынхан тэр эрх чөлөө гэдэг чинь юу юм бэ, эрх чөлөөний сайн юм нь юу юм бэ хэмээн инээцгээж байна.

 

Эрх чөлөөнөөс гадна европчууд давтагдашгүй, цор ганц байх зүйлсээ алдах болно. Европын шинэ эзэд-лалынхан Ватикан, Шартрыг хэвээр нь үлдээх үү? Афганистанд талибууд буддын эртний хөшөө дурсгалыг устгасан шиг, Исламын улс бүлэглэлийнхэн Ирак, Сирийн эртний дурсгалуудыг устгаж байгаа шиг устгах уу? Магадгүй лалд дагаар орон нөхцөлтэйгөөр эдгээр дурсгалаа хадгалан үлдэж чадах байх. Аль эсвэл юунд ч итгэдэггүй европчуудад эдгээр дурсгал хамаагүй байж ч болох юм.

 

Европчуудын бас нэг алдах зүйл нь өөрийгөө хүндлэх үзэл. Лалын ертөнцтэй хийсэн 1300 жилийн тэмцлийн дараа европчуудын одоо үе энэ тэмцэлд ялагдагсад болох нь. Гэхдээ яаж ялагдах вэ? Хатуу ширүүн тулаанд уу? Эсвэл зүгээр л юу ч хийхгүйгээр үү? Хэрвээ Европ алдагдах юм бол өнөөгийн европчууд эцэг өвгөдийнхөө үлдээсэн бүхнийг өгөх болно. Үмх талхны төлөө анхдагч байхаасаа татгалздаг Исаваас ч тэд дор болно, яагаад гэвэл тэд үр хүүхдийнхээ өвийг бусдад өгч байгаа юм.

 

Европчууд бас баяр баясгалангаа алдана. Баяр баясгалан гэдэг бол Европын өсөн хөгжих нэг хүчин зүйл байж, бие даасан үнэт зүйлд тооцогдож ирсэн. Халифат энэ баяр баяслыг үлдээх үү. Тэд талибуудын нэгэн адил агаарт цаасан шувуу хөөргөхийг хориглож магадгүй. Гэтэл Бен Франклин цаасан шувууны ачаар л цахилгаан гүйдлийг нээсэн шүү дээ.

 

Европчуудын үнэлж хайрладаг, угаасаа л байх ёстой гэж үздэг орчин цагийн бүхий л хөгжил дэвшлээс салах болно. Энэ бүхэн тоос болон замхарна.

 

Лалын зарим ухуулагчийн ярьдагчлан ислам гэдэг бол “энх тайван” гэсэн үг биш, харин “захирагдах” гэсэн үг юм. Исламизм гэдэг бол фашизмын нэгэн төрөл болсон захирагдах үзэл суртал юм. Энэ үзэл сурталд харилцан ойлголцох, харилцан ярилцах гэдэг зүйл байхгүй, гагцхүү захирагдах юм. Тиймээс хэрвээ европчууд бурханд итгэдэггүй, Барууны соёл иргэншилд итгэдэггүй, эрх чөлөөнд итгэдэггүй юм бол үр хүүхдийнхээ ирээдүйд итгээч гэдэг үгэнд би захирагдмаар байна. Хэрвээ европчууд энийг хийж чадахгүй юм бол Европыг аврах хэрэг байна уу?

 

Европ аврагдахыг хүсч байгаа бол зайлшгүй өөрчлөгдөх ёстой. Өнгөрсөн зууны гашуудлаа даван туулах ёстой. Европчууд 1914 оноос өмнөх 2500 жилийн өвөг дээдсийнхээ алдар гавъяаг шүтэх ёстой. Чухам өвөг дээсийнхээ алдар гавъяаг бүх дэлхий гээж магадгүй болоод байна.

 

Бэлтгэсэн А.ТУЛГА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна