Тэр гэрэл гэгээ, үлгэр дууриалал байсан

2015 оны 11 сарын 23

-Болороогийнхоо гэрэлтүүлсэн жимээр алхаж, хэзээ ч балрахгүй зурайсан зам болгохын төлөө нэгдэж, ажиллаж чадвал түүнийхээ араас хийх их буян байх болно-

Харууслын үг ч олдохгүй хачин муухай мэдрэмж. Хагас сайн өдрийн өглөө сонссон мэдээнд итгэхийг хүсээгүй ч төдөлгүй итгэхээс өөр аргагүй, итгээд эвлэрэхээс өөр аргагүй байлаа. Энэ бол сэтгүүлч Лунтангийн Болормаа цаг бусаар хорвоог орхисон мэдээ.

Сэтгүүл зүйд бид бараг зэрэг шахам хөл тавьсан ч зүс мэдэхээс цаашгүй олон жил явсан. Сэтгүүл зүйн аугаа хүний нэг Ц.Балдоржийн “Өнөөдөр” сонины өнгө төрхийг тодорхойлж явсан түүнийг сониноосоо гарсан гэдгийг дуулаад утас цохин анх нүүр тулан уулзаж байсан юм. Тухайн үед манай редакц мэдээллийн агентлаг болон өргөжих шийдвэр нэгэнт гарчихсан хүн хүчээ зузаатгах хэрэгтэй байсан юм. Хэдийгээр итгэлгүй байсан ч хамтран ажиллах завшаан олдож магадгүй гэж найдан уулзлаа. Тэгэхэд хэдийгээр нэг хаалга хаагдсан ч дараагийн хаалгаа нээж байгаагаа хэлсэн нь өнөөдрийн Mongolian Mining Journal байсан юм. Өдөр тутмын сонинуудыг эдийн засгийн мэдээллийг дайвар маягтай авч үздэг байхад “Өнөөдөр” сониныг эдийн засгийн мэдээллийн бие даасан тогтмол секцтэй болгосон туршлага дээрээ үндэслэн, тухайн цаг үеийн эрэлт шаардлагыг мэдэрч гарсан сэтгүүл бол Mongolian Mining Journal.

Сэтгүүл зүйг мэргэжлийн байлгах, ёс зүйтэй байлгах гэсэн чин хүсэл түүнд байсан. Тэр сэтгүүлч мэргэжилдээ хайртай, үнэнч байсан. Тиймээс ч уул уурхайн сэтгүүлээ эрхлэн гаргахаас гадна “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ыг үүсгэн байгуулж, сэтгүүл зүйн салбарын эрүүл дуу хоолойг нэгтгэх зорилго бүхий www.journalism.mn сайтыг мөн үүсгэн байгуулсан. Мөн Монголд Хэвлэлийн зөвлөлийг үүсгэн байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан гавьяатай. Тэр сэтгүүл зүйн салбарын гэрэл гэгээ, үлгэр дууриалал байлаа. Баримтад түшиглэн үйл явдалд анализ хийсэн жинхэнэ сэтгүүл зүйн бүтээлүүдийг Болормаа туурвиж байсан. Сэтгүүл зүйг үзэл бодол, хар пиараас ангид байлгахыг тэр хүсч байсан. Тэр шилдэг сэтгүүлч, бас манай салбарын топ менежер байсан. 9911-тэй дугаар барьж, амбар шиг машин унаж, улстөрчдийн өмнө хойно шарваганаж, брэнд хувцсанд биеэ булхсан эрхлэгч нараас тэр өөр байсан.

Түүний талаар ийн өнгөрсөн цаг дээр харууслаа цээжиндээ багтааж ядан бичиж суух юм гэж зүүдэлсэнгүй. Хүний хорвоо л болсон хойно бусдын адил зовлон түүнд ч бас байсан. Хайртай мэргэжил, хайртай хамт олон, хайртай салбар, хайртай охидуудынхаа төлөө тэр дэндүү хүнд ачаа үүрч ирсэн. Болормаагийн минь турьхан нуруу тэрхүү хүнд ачааг даасангүй дээ, даанч харамсалтай. Өнөөдөр түүнийг хайрладаг, хүндэлдэг, биширдэг бүх хүн эмгэнэн гашуудаж байна. Харин маргааш бүгдээрээ Болороогийнхоо гэрэлтүүлсэн жимээр алхаж, хэзээ ч балрахгүй зурайсан зам болгохын төлөө нэгдэж, ажиллаж чадвал түүнийхээ араас хийх их буян байх болно. Ийм хүнийг хайрлан нандигнаж чадаагүй бид азгүй хүмүүс юм.

Сэтгүүл зүйн салбарын гэрэл гэгээ болж явсан чамдаа гүнээ хүндэтгэн мэхийж эмгэнэл илэрхийлье. Ум амгалан сайн байх болтугай.

NEWS агентлагийн дэд захирал Д.НАРАНТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна