Бан Ги Мун өнөөдөр Пхеньянд газардана

2015 оны 11 сарын 23

 

Хойд Солонгосын мэдээллийн агентлаг болон НҮБ-ын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээгээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнөөдөр Хойд Солонгост айлчилна. Дөрвөн өдөр үргэлжлэх энэ айлчлал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пхеньянд 18 жилийн дараа хөл тавьж байгаа явдал юм. 1993 онд тухайн үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бутрос Гали Хойд Солонгост айлчилж байлаа.

 

Ноён Бан Ги Мун Пхеньяны Сунан олон улсын онгоцны буудалд газардах бөгөөд чухам аль авиа компанийн онгоц хөлөглөн очих нь тодорхойгүй байна. Зарим хэвлэлд Хойд Солонгосын цорын ганц агаарын тээвэрлэгч болох Эйр Корё-гийн хөлгөөр газардана хэмээн бичжээ.

 

Өнгөрсөн есдүгээр сард Нью Йорк хотноо тэмдэглэсэн НҮБ-ын 70 жилийн ойн арга хэмжээнд Хойд Солонгосыг төлөөлөн оролцсон Гадаад хэргийн сайд Ри Су Ёнг-той уулзах үеэрээ Бан Ги Мун Пхеньянд айлчлах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн билээ.

 

Бан Ги Муны айлчлалын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байгаа ч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай уулзана, айлчлалын гол сэдвийн нэг нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал байх болно гэж ажиглагчид хүлээж байна. Энэ айлчлал нь Солонгосын хойгийн энх тайван байдалд эергээр нөлөөлнө гэж мөн олон хүн хүлээж байгаа.

 

Бан Ги Мун энэ оны тавдугаар сард Хойд Өмнөд Солонгосын хамтарсан Кайсонг аж үйлдвэрийн цогцолборт зочлох төлөвлөгөөтэй байсан боловч Пхеньяны зүгээс айлчлалыг гэнэт цуцалсан юм.

 

А.ТУЛГА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна