Ж.Мөнхбат: Шилэн сонгууль хийх ёстой

2015 оны 11 сарын 23

- Хэнээс, юунаас нь нуугаад нэг машинд найдаад байдаг юм бэ?-

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.


-УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн хуулиудыг хэлэлцээд дэмжсэн ч цаашдаа яах бол гэдэг хүлээлт үүслээ. Та бүхний боловсруулсан хуулийн төсөлд саналын хуудсыг гараар дахин тоолж баталгаажуулъя, намын нэрээр сонгогддог одоогийн тогтолцоонд хүнийг нь сонгодог эрхийг сонгогчдодоо олгоё зэрэг заалт туссан нь шүүмжлэл дагуулах боллоо. МАН өөрсдийн эрх ашигт нийцүүлэхийн тулд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орууллаа гэж байна. Хоёрт нь, Р.Бурмаа гишүүний боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг танай нам дэмжиж байгаа юу?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэдгийг УИХ өөрөө гурван жилийн өмнө хүлээн зөвшөөрч Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь, боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл нь амжилтад хүрээгүй, парламентад суудалтай намуудынхаа нэгдмэл байр суурийг хангаж чадаагүй. Хангаж чадалгүй явсаар хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан. Дээр нь Сонгуулийн ерөнхий хороо уг хуулийн төслийг дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн ч хүчээр зүтгүүлсэн. Дэлхийд байхгүй сонин тогтолцоо бий болгохыг хичээж байна. Гурван өөр сонгууль /Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль/-ийг нэг хуульд зангидаж батлах гэсэн нь маш том эрсдэл дагуулж байгаа. Гэхдээ УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжлээ, энэ бол эргэлтэд орлоо л гэсэн үг.

Миний бие ахлаад ажилласан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам саналаа өгч боловсруулагдсан гэдгийг хэлэх нь зөв болов уу. Ардчилсан нам л ганцаараа түдгэлзсэн байр суурь барьсан. Ер нь цаг хугацаагаа бодсон ч, эрх баригч хүчний байр суурь нэгдмэл биш байгаа нөхцөлд том хуулийг үндсээр нь шинэчилж батлах боломжгүй. Тийм учраас бид өнөөдөр үйлчилж байгаа хуульдаа үндсэн найман өөрчлөлт оруулсан. Хэвлэлээр нааштай найман заалт гэдэг яриа хөөрөө гарч байна.

-Гараар саналын хуудсыг тоолохыг бусад нам дэмжсэн юм уу. Ухралт биш үү?

-“Социометр” судалгааны төвөөс гаргасан сүүлийн үеийн судалгаагаар оролцогчдын 86 хувь нь хар машинд итгэхгүй байна. Намын нэрсийн жагсаалтаар сонгож байгааг нийгэм хүлээж авахгүй байгаа. Хэн нь мэдэгдэхгүй нөхөр намын нэрсийн жагсаалтын ард нуугдаж УИХ-д сонгогддог нь буруу гэж шүүмжилдэг. Гэхдээ бид одоо тогтолцоон дээрээ маргах юм бол ерөөсөө нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй. Тийм учраас одоогийн 48х28-аа хадгалъя, 48-аа жижиг мажоритар болгоё. Харин 28-аар намын нэрсийн жагсаалтаар жагсаасан ч гэсэн хүнээр нь дугуйлдаг сонголтыг сонгогчдодоо олгоё. Ингэхдээ хангай, төвийн, зүүн, баруун гэж бүсчилэн хуваах боломжтой гэж үзсэн. Ойлголцоно гэж найдаж байна. Уг нь манай намын гишүүд жижиг 76 тойрогт хуваая гээд санал гаргасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй цөөнх болсон. Нийгэм нам дугуйлдаг тогтолцоог халъя, хүнийг нь дугуйлъя гэж хүсч байгаа учраас дээрх заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгааг арилгах сайн талтай юм.

-Хяналтын тооллого дээр АН, МАН хоёр нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэж дуулдсан. Ойлголцолгүй явсаар хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байх шиг?

-Р.Бурмаа гишүүний боловсруулсан хуулийн төсөлд туссан дээрх заалттай ганц манай намаар зогсохгүй бүх нам санал нийлэхгүй байгаа. Яагаад гэвэл, нэр дэвшигч нь хоёр хувь, 10 хувийн зөрүүтэй ялагдвал хяналтын тооллого хийнэ гэдэг заалт туссан нь байж болшгүй зүйл. Нийгэмд маш их эргэлзээ байна, улс төрийн намуудад, нэр дэвшигчид ч мөн хардлага байна. Ийм үед автомат машинаар тоолоод араас нь давхар гараар тоолчиход эргэлзээ төрүүлэхгүй болно. Бид бол машинаар тоолохыг үгүйсгэж байгаа юм биш. Ирэх сонгуулиар хайнаагаа хагалчихъя л гэж байгаа юм. Машинаар тоолъё, гараараа тоолъё, баримтжуулаад зарлачихъя. Маргаан гарвал бичлэгийг нь тавиад үзүүлчихье. Шүүх дээр очиход хөдөлшгүй баримттай. Хэрвээ ирэх сонгуулиар энийг хийгээд ямар ч маргаангүй байх юм бол цаашдаа машинаараа тоолоод явахад эргэлзээгүй болчихно. Ингэхгүй бол эдийн засаг, улс төрийн хямрал дагасан нийгмийн бухимдал, эргэлзээ их байна. Дээрээс нь бид “шилэн данс”, "тунгалаг төр"-ийн тухай их ярьж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны хууль маш зөв тогтолцоог бүрдүүлж өглөө. Ард түмэн иргэдэд нээлттэй, хяналт тавиад явж болж байгаа. Одоо бид “шилэн сонгууль” хийх ёстой. Хэнээс, юунаас нь нуугаад нэг машинд найдаад байдаг юм бэ?

-Цаг их алдах биш үү, гараар давхар тоолохоор?

-Гараар тоолоход цаг хугацааны асуудал үүсэхгүй, зардал ч шаардахгүй. Тойрог, хэсгийн хороод дээр байгаа хүмүүс л тоолно. Үнэндээ хоёр цаг л зарцуулна шүү дээ. Аймаг, сумын хэсгийн хороо тус бүрт 500-700 сонгогч л ногдоно. Тэднээс 60-70 хувь нь саналаа өгөхөд 400-505 сонгогчийн санал болно, тоолоход амархан. Ардчилсан төрийн суурь зарчим бол шударга ил тод байдал, үүнийг хангаад, хадгалаад явах ёстой. Төрөө бүрдүүлж байгаа процесс нь ямар нэгэн хар сэргүй, эргэлзээгүй байх ёстой. Машинаар тоолно гэдэг эдийн засгийн хямралтай үед өндөр зардалтай. Бүх саналын хуудсыг Канадаас хэвлүүлж авчирна. Асуудалтай шүү дээ.

-Бусад улс орны туршлага ямар байна. Автомат машинаар тоолчихоод араас нь бас гараар давхар тоолдог юм уу?

-Австралийн Сонгуулийн хорооны даргатай уулзаж ярилцахад “Санал тоолох машин гэдэг бол компьютер гэсэн үг. Тэрийг хүн ажиллуулж байгаа нөхцөлд, програм үйлчилж байгаа нөхцөлд гадны нөлөө орох магадлал 60-аас дээш хувь. Тийм учраас Австрали 26 сая сонгогчтой хэрнээ гараар тоолдог” гэж байгаа юм. Англи, Герман, Франц гээд Европ тэр чигээрээ л сонгуулийн саналын хуудсыг гараар тоолж байна. Гар тооллого нь хамгийн найдвартай учраас энэ аргыг ашиглаж байна.

-Дэлгэцээр шууд харуулдаг байя, тэр нь баримт болог бичлэг хийе гээд бас нэг заалт тусгачихсан байсан уу?

-Сонгуулийг ил тод явуулахгүй болохоор болж өнгөрсний дараа нь хэрүүл маргаан түүнээс үүдэлтэй бухимдал бий болдог. Ийм юм үүсгэхгүй байхын тулд бичлэг хийгээд олон нийтэд шууд процессыг нь харуулъя гэдэг заалт оруулсан юм. Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард Говьсүмбэрт болсон нөхөн сонгуулийг манай нам Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт тавиад, камер зоогоод проектороор дамжуулаад хэвлэлийнхэнд ил тод, ажиглагчдад ил тодоор харуулсан. Маргаан гарч шүүх дээр очиход маш том баримттай. Улс төрийн намууд ерөнхийдөө санал нэгдэж байгаа. УИХ-ын дарга, Ардчилсан намын бүлгийн даргын хувьд бол ярилцаж ойлголцож Сонгуулийн хуулиа явуулъя гэсэн байр суурь илэрхийлсэн.

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа саналыг цахимаар авах заалт УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд туссан. Нууцлалыг хэр хангаж чадах юм бол. Замдаа задрах вий, өөрчлөгдөх вий гэсэн болгоомжлол төрөөд байгаа?

-Хуулийн төслөө боловсруулж байхад парламентад суудалгүй намуудын гаргасан санал. Гадаадад олон жил байсан манай нарийн бичгийн даргын зүгээс мөн “Элчин сайдын яамгүй, дипломат төлөөлөгчийн газаргүй оронд амьдарч байгаа монголчуудын санал орхигддог, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй болдог” учраас энэ саналыг оруулах нь зөв юмаа гэснийг олонхиороо дэмжээд туссан санал. Интернэтээр санал авна, автомат машинаар санал тоолно гэдэг тусдаа өөр асуудал. Гол нь санал авч байгаа процессоо нээлттэй хяналтын механизмаа бүрдүүлчихвэл хэцүү юм байхгүй. Австрали улсын хувьд санал авах хэсгийн хороондоо хүрч чадахгүй хэвтэрт байгаа хүмүүсийнхээ саналыг интернэтээр авдаг юм билээ. Түүнийгээ хэвлээд тоолдог. Тэгэхээр зургаа дараад баталгаажуулаад илгээхэд болно гэж бодож байна.

-Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь хүргэхээр заасан, дэмжигддэг болов уу?

-Нийгэм бухимдал ихтэй, өнөөгийн улстөрчдөд итгэх итгэл суларсан энэ үед эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр улс төрийг зөөллөж өгөх болов уу гэж харж энэ заалтыг оруулсан. Дэмжигдэнэ л гэж найдаж байна.

-Сонгуулиар гарсан маргааныг шийдэх гэж шүүхийн шатанд асар их цаг авдаг. Энэ асуудлыг хурдан хугацаанд шийдэхээр заасан байна лээ. Хэр бодит байдалтай нийцдэг бол?

-Одоо үйлчилж байгаа хуулиар сонгуулийн маргаан 36 сар буюу гурван жил. Хоёр сарын дотор багтаан дуусгаж шийдэхээр хуулийн төсөлд тусгасан. Дээр нь шүүх заавал гурван хүний бүрэлдэхүүнтэй хуралддаг байх. Тухайн тойрог, хэсгийн хороо хаана байна, шүүх хурал тухайн газар нь болж, шийдвэр гарах зэрэг зохицуулалтыг оруулж өгсөн. 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт гарсан сонгуулийн маргааныг 60-70 мянган сонгогчийн саналыг үл тоомсорлон шүүх бүрэлдэхүүнгүйгээр дүүргийн шүүгч бланк дээрээ шийдвэр бичээд шийдчихсэн. Алдаанаас сургамж авч оруулсан заалт юм.

-2012 оны сонгуулиар гарсан алдаануудад үндэслэж УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулагджээ гэж дүгнэж болох юм шиг. Авах санал байна, бас эргэлзээтэй яадаг бол гэх заалт ч байна. Гол нь УИХ-аар дэмжигддэг болов уу. Ардчилсан нам гэдийх эрсдэлтэй. Гол нь бусад улс төрийн хүчний дэмжлэгийг авч чадах уу?

-Хэрвээ Сонгуулийн хуулийг олонхийг бүрдүүлж байгаа эрх баригч хүчин хүч түрэх байдлаар шийдэх юм бол бусад улс төрийн хүчний нэлээн том хэмжээний эсэргүүцэлтэй тулна. Энэ нь эргээд улс төрийн орчиндоо ч тэр, нийгмийн орчиндоо ч тэр том хямрал авчирах эрсдэлтэй. Тийм учраас эрх баригч хүчин уян хатан бодлого барих байхаа гэж бодож байна.

-Та дээр намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогддог тогтолцоог нийгэм хүлээж авахгүй байна гэж хэлсэн. Гэвч намууд өөрсдөө бий болгосон юм биш үү. 2012 оны УИХ-ын сонгуульд намуудын нэрсийн жагсаалтаар дэвшүүлсэн нэрсийг харахад танай нам ч хүмүүсээ зөв тодруулж гаргаж чадаагүй нь харагддаг. Ирэх сонгуульд танай нам шалгуураа яаж тавих юм?

-Пропорционалиар нэр дэвшинэ гэдэг бол хэд, хэдэн зүйл заалтын шалгуурыг давж орж ирнэ. Үүн дээр улс төрийн намуудад алдсан юм байдаг байх, үгүйсгэхгүй. Гол нь дахиад алдахгүй байх ёстой. Нэгдүгээр зарчим бол хүнийг сонгодог тогтолцоо руу явъя гэдгээ пропорциональ 28-д барина. Хоёрдугаарт, улс төрийн намын төлөвшил, боловсон хүчний нөөц, баримтлах зарчмаас 28-ын дүр зураг харагдана. Тэгэхээр нийгмийн хүлээлт эрэлтээ бид сайн судлах ёстой. Сонгогчид хэнийг хүсэж байна вэ? Нийгмийн эрэлт бол нэр цэвэр, шударга, хэрэг төвөгт орооцолдоогүй, идсэн уусан юманд нэр нь багтаагүй тийм л хүмүүсийг хүсэж байна. Зарим судалгаагаар улс төрийн шинэ дуу хоолой, кейс хүсэж байгаа хандлага ч ажиглагдах болсон. Энэ бүхнийг харж шийдэл гарна. Сонгуулийн хууль эцэслэгдэж батлагдаагүй байгаа учраас манайх ийм шалгуур тавьж 28-аа жагсаана гэдгийг ярихад эртдэнэ. Цаг нь ирэхэд намын Удирдах зөвлөл, Бага хурлаар ярина. Бусад намыг бодвол манайхан нэлээн том шүүлтүүрээр ордог. Түүгээрээ л явна.  

-Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон хүмүүсээ дахин листэд багтаах уу. Ер нь бол хоёр дахь удаагаа намын нэрсийн жагсаалтад багтах нь зохимжгүй гэдэг зүйл яригддаг ч яг энэ тухай зохицуулсан заалт одоо хэрэгжиж байгаа хуульд ч, мөн УИХ-аар хэлэлцэгдэж буй дөрвөн төсөлд аль, алинд нь байхгүй байгаа?

-Сонгуулийн хууль яаж батлагдахаас шалтгаална. Миний хувийн бодол хоёр дахиа намын нэрсийн жагсаалтад бичигдэх нь дэмий юм болов уу л гэж бодож байгаа.

-МАН, Ардчилсан нам хоёр залуучуудаа дэмжихгүй юм. Ирэх сонгуульд дахиад л хуучин хүмүүс орж ирнэ дээ гэх яриа гарах боллоо. Залуучуудаа гаргаж ирэх талд нам хэр ажиллаж байна вэ?

-МАН энэ асуудалд бусдаасаа түрүүнд алхдаг нам. 1990 оноос хойш Их хурал, Удирдах звөлөлд 80-аад оныхон ороод ирсэн. Бусад намыг харахад 25 жилийн өмнө байсан хүмүүс нь бодлогоо аваад явж байгаа. Парламентад суудалтай намуудыг хар. МАН-аас УИХ-д сонгогдсон 26 гишүүний арваад нь 45-аас доош насныхан. Удирдах зөвлөлийн 63 хувь нь 45-аас доош насны залуучуудаас бүрддэг бол Бага хурлын 52 хувь нь 45, 40-өөс доош насны залуучууд. Залгамж чанараа бэлдэх, залуу үеэ дэмжих тал дээр МАН хамгийн том бодлого дэвшүүлдэг нам.

Жишээлбэл, таны өмнө 34 насандаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон хүн сууж байна шүү дээ. Энэ бол залуучуудаа дэмждэг, бэлддэгийн илрэл.

-УИХ-д Р.Бурмаа, мөн танай ахалсан ажлын хэсгийн боловсруулсан төслөөс гадна О.Баасанхүү, Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуулиуд байгаа. Дэмжиж байгаа юу?

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байгаа. Бидний олж хараагүй л асуудлыг хуульд тусгасан байна лээ. Эерэг юмнуудаа авах ёстой.

О.Баасанхүү гишүүний өргөн барьсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог 38х38 гэж заасан нь маргаан дагуулахаар байгаа. Бусад нь зарчмын хувьд ижил юм билээ. Тухайлбал, бидний боловсруулсан төсөлд тойрог хэсгийн хороодод 70 хувь нь улс төрийн намын төлөөлөл, 30 хувь нь төрийн албан хаагч байна гэж заасан бол О.Баасанхүү гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд 75 хувь нь улс төрийн намын төлөөлөл байна гэж заасан.

Мөн дээрх төсөлд нам сольдог урвагчдын асуудлыг зохицуулахаар тусгасан нь зөв зохицуулалт. Урвагчдын асуудал гэж ярьдаг, 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа нэг сонин нөхцөл байдал үүссэн. УИХ-ын сонгуульд намын, эвслийн нэрээр санал авч, сонгогдчихоод дараа нь “Миний эрх ашиг хангагдлаа” гээд урвалт хийгээд өөр намд элссэн. Энэ бол их сөрөг, муу үр дагавартай. Тийм учраас намын нэрээр жагсаалтаар УИХ-д сонгогдчихоод дараа нь өөр намд урвабал жагсаалтын дараагийн хүнийг УИХ-ын гишүүнээр сонгодог. Тойргоос сонгогдсон хүн намаасаа урвабал тухайн тойрогт дахин сонгууль явуулдаг зохицуулалт хийх нь зөв юм. Ингэж байж улс төрийн орчин эрүүлжинэ, улстөрчид ёс зүйтэй болно. Намын төлөвшилд ч хэрэгтэй. Ингэхгүй бол хот айл хэсээд архи уугаад хов яриад явдаг шиг юм болж байна.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд сонинд сонгуулийн сурталчилгаа хийхгүй байхаар заасан. Үүнд та бүхэн ямар байр суурь барьж байна?

-Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөгийн хуулиас сурталчилгааг хоёр 2 дахин бууруулж орж ирж байгаа юм билээ. Бид сонгуулийн төсөлд энэ тухай хөндөөгүй, хуучнаар нь л үлдээсэн.

Ардчилсан нийгэмд амьдарч байна, олон дуу хоолой байх ёстой. Үүнийг боомилж болохгүй. Тэр тусмаа дөрөв дэх засаглалыг. Ардчилсан нийгэм өөрөө дөрөв дэх засаглалын бие даасан хараат байдлыг нь дэмжих ёстой. Сүүлийн гурван жилийн эрх баригчдын бодлогыг харахаар хэвлэл рүүгээ ханцуй шамлан дайрсан бодлого хэрэгжүүлж байна. Энэ бол их буруу. Ардчилсан нийгэм мөн чанараараа төлөвшиж хөгжихийн хамгийн чухал үзүүлэлт нь дөрөв дэх засаглал мөн чанараараа хөгжих. Алдаж оноод хөгжинө. Тэгэхээр дөрвөн жилд нэг удаа болдог сонгуульд хэвлэлийн дуу хоолой, орон зайг боомилох нь буруу.

-МАН өнгөрсөн аравдугаар сард “Бид хамтдаа” нэртэй үндэсний форум зохион байгуулсан. Ирэх оны сонгуулиа эхлүүлэв үү гэж харах нэгэн ч байсан. Энэ үеэр өнөөгийн эрх баригчдын хэрэгжүүлж байгаа бодлогод нэлээд шүүмжлэлтэй хандсан. Гэвч удалгүй чимээгүй болж, ажил зогсчих шиг. Зорилгодоо хүрч чадсан уу. Цаашдаа ер нь яах вэ?

-Анх удаа Монголд таван өдрийн турш нийгмийн тэргүүлэх 20-иод салбарыг хамарсан “Бид хамтдаа” форумыг зохион байгуулсан. Сонгуулийн хууль, Үндсэн хууль, Төрийн албаны шинэчлэл, улс төрийн хямралаас хэрхэн гарч уул уурхай, банк санхүү, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх вэ гээд өргөн хүрээнд ярилцсан. Салбарын мэргэжилтнүүдийн дуу хоолой, эрдэмтэн судлаачдын дуу хоолойг илүү сонссон. Иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудаас ихэнх нь оролцсон. Эрх баригч хүчнээс харин оролцоогүй. Зорилгодоо хүрсэн чухал арга хэмжээ болж өндөрлөсөн.

-Судлаачид анхааралдаа авахгүй бол болохгүй боллоо шүү гэсэн ямар асуудлыг хөндсөн бэ?

-Судлаачид маань “Сүүлийн үед төрийн бодлого үйл ажиллагаанд шинжлэх ухаанд үндэслэсэн судалгаа тооцоололд суурилсан алсыг харсан бодлого байхгүй боллоо. Хэн нэг даргын, хэн нэг улстөрчийн хийрхэлд хөтлөгдсөн төрийн бодлого хэрэгжиж байгаагаас мухар нүхэнд ороод гарах гарцгүй болчихоод байна” гэдэг зүйлийг нэлээн ярьсан.

Хоёрдугаарт, Монголд эдийн засгийн хямралаас гадна улс төрийн хямрал бодитойгоор нүүрлэчихлээ. Үүнээс гарах гарц нь хэн нэг улстөрчийн юм уу, хэн нэг улстөрийн намын цэцэрхэл, бие даасан тоглолт амбиц биш. Хамтаараа сууж шийддэг, үндэсний зөвшилцөл хэрэгтэй байна гэдгийг хэлсэн байгаа.

Үндэсний зөвшилцөл Монголын хувьд шинэ зүйл биш. Монголын сүүлийн 100 жилийн түүхийг харахад 1911, 1921 оны хувьсгал, 1945 оны тусгаар тогтнолоо баталгаажуулсан санал асуулга, 1990 оны ардчилсан өөрчлөлт, 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан энэ бүх процесс үндэсний зөвшилцлийн хүрээнд явсан. Ийм юм руу явъя гэдэг уриалга санаачлагыг гаргасан. Гуравдугаар асуудал нь, бүх салбарын нөхцөл байдлыг ярьсан учраас ийм гарц байна, ийм боломж байна. Цаашдаа хэдэн зарчим тогтсон нь популизм хийхээ болъё,  популист амлалтыг улс төрийн намууд нь өгөхөө болъё, эдийн засгаа чирэхээ боль гэдгийг судлаачид анхааруулсан. Цаашдаа улс төрийн намууд өөрсдийн мөрийн хөтөлбөртөө суулгах, үйл ажиллагаандаа чиглэл болгож явахаар зөв санаанууд их гарсан.

Энэ үйл явдлаас хойш улс төрийн олон шинэ, шинэ үйл явдал боллоо. Одоо Үндсэн хуулийг өөрчилье гэдэг том давалгаа явж байна. Эрх баригч нам хэвлэлийн бүхий л сувгийг ашиглаад Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж ярьж байгаа. Энэ асуудалд ямар хүн хүч, хөрөнгө гаргаж байгааг тооцоход нүднээ харагдаж байгаа зүйл. Авлигатай холбоотой том дуулиант баривчилгаа боллоо, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтан өөрийгөө шатаахыг завдлаа энэ мэтчилэн дуулиант үйл явдалд форум маань дарагдах шиг боллоо.

Бид ярьж хэлэлцсэн асуудлаа ажил хэрэг болгоод явна. Хамгийн чухал зүйл бол “Бид хамтдаа байх ёстой” юм байна. Төрийн бодлогод залгамж чанар, мөн чанар байх ёстой. Хариуцлага, хяналт байх ёстой. Эдгээр зарчим байхгүй болбол гаднаас хэчнээн ч их хөрөнгө босгож оруулж ирээд, хэчнээн их валютын нөөцтэй байгаад, эдийн засгийн өндөр өсөлттэй байсан ч төрийг яаж дампууруулж, улс орноо яаж самардаг юм бэ гэдгийн  тодорхой жишээ сүүлийн гурван жилийн түүх харууллаа. Энэнээс гарах гарц нь чи би гээд чичлээд байхдаа биш, би мундаг гээд цээжээ дэлдээд байхдаа биш би ухаантай гээд ганцаарчилсан тоглолт хийхдээ биш хамтдаа суугаад шийдлээ гаргаад энэ асуудлаас гарах ёстой.

-Жилийн өмнө АН, МАН хоёр хамтарсан Засгийн газар байгуулаад ажилласан, бүтээгүй. Долоон сарын дараа л “хөөгдсөн”?

-Тийм ээ, жилийн өмнө хоёр улс төрийн нам нийлээд хамтарсан Засгийн газар байгуулаад явсан. Зарчим үнэт зүйл, хариуцлага, ёс суртахуун гэхээсээ илүү жижигхэн хувь хүний шинжтэй, бүлэглэлийн шинжтэй гомдол амбицаас болоод хамтарч чадаагүй. Нэг тал нь зөвшилцье гэдэг нөгөө тал үгүйсгэсээр ирсэн. Гэхдээ эрх баригчид одоо ойлгосон байлгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж үг бий. Одоо улс орныг самраад байлтай нь биш эс хүссэн ч үндэсний зөвшилцөл л байна.

-Ардчилсан намынхан өнөөдрийн улс төрийн хямралаас гарах гарц нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явдал гэж тайлбарлаж байгаа. Та бүхэн үндэсний зөвшилцөл гэж ярьж байна. Тал талаасаа зөвшилцөөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болдоггүй юм уу?

-Ардчилсан намын оруулж ирсэн Үндсэн хуулийн төсөл ямар юм оруулж ирсэн бэ гэхээр ажлын хэсэг дээрээ яриагүй, санал хураагаагүй асар том зарчмын зөрүүтэй гурван санал оруулж ирсэн. УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоно, бүрэн эрхийн хугацааг таван жил болгоно, Үндсэн хуулийг эх хууль болгоно гэх мэтчлэн. Энэ чинь асар том зарчмын юм. Улс төрийн бусад намтайгаа яриагүй, ажлын хэсэг дээрээ яриагүй, санал хураагаагүй. Ингэж шийдээгүй байж, тулгаад байж таарахгүй.

Хоёрдугаарт, Үндсэн хуулиа өөрчилье, Сонгуулийн хуулиа явуулъя гэдэг санал санаачлагыг өнгөрсөн өвөл, хавар манай нам тавьж байсан. Тэр бүрт эрх баригч хүчин хойш нь тавьсаар л ирсэн. Одоо ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг гэв гэнэт 40 хоног хүрэхгүй хугацаанд арванхоёрдугаар сарын 6-нд ард түмнээс санал асуугаад үлдсэн 21 хоногт нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэвэл энүүн шиг эндүүрэл байхгүй. Гуравт, хариуцлага үүрэх ийм хэмжээний ёс суртахууны мөн чанаргүй парламент Үндсэн хууль өөрчлөх нь юу бол... Монгол Улсын Дээд Шүүхэд 20 гаруй нам бүртгэлтэй байна. Нэг нам энэ асуудлыг ганцаараа шийдэж болохгүй. Ядаж л парламентад суудалтай таван намынхаа учрыг олох хэрэгтэй. Жишээ нь, МАН, МАХН Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа, дээр нь парламентад суудалгүй бүх нам эсэргүүцэж байгаа. Хэрвээ Үндсэн хуулийг өөрчилбөл, бүлэглэл фракцид зориулагдсан хэсэгхэн улстөрч улс төрийнхөө насыг уртасгах гэсэн ч юм уу, хувийн зорилгод ашиглах байдлаар өөрчлөх гээд байна. Тийм учраас дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх гэж оролдвол эсэргүүцэл хөдөлгөөн үүсгэнэ гэж байгаа. Зөвшилцөл байхгүй байгаагийн л илрэл шүү дээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна