Хүндийн өргөлтийн ДАШТ-д оролцож байна

2015 оны 11 сарын 23

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ сарын 28-ны өдрийг хүртэл явагдах энэ удаагийн тэмцээнд 100 гаруй орны 740 орчим баг тамирчид өрсөлдөж байна. Манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Я.Дөрвөнжин, Д.Чинзориг, туслах дасгалжуулагч Х.Одхүү нарын удирдлагад 13 тамирчин оролцож байгаа билээ.

Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингийн тэмцээн боллоо. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын С хэсэгт манай улсаас ОУХМ Г.Баасанжаргал, ОУХМ О.Баярцэцэг нар өрсөлдлөө. Энэ хэсэгт 14 тамирчин багтсанаас ОУХМ Г.Баасанжаргал огцом өргөлтөөр 73 кг, түлхэлттэй өргөлтөөр 84 кг, нийлбэр дүнгээр 157 кг-ыг өргөж 8-р байр эзлэв. Түүний хувьд жиндээ хамгийн бага нь буюу 18 настай тамирчин юм. Мөн энэ хэсэгт ОУХМ О.Баярцэцэг огцом өргөлтөөр 68 кг, түлхэлттэй өргөлтөөр 85 кг, нийлбэр дүнгээр 153 кг-ыг өргөж, 11-р байрт жагслаа. Тэмцээний хуваарь ёсоор даваа гаригт эмэгтэйчүүдийн 58 кг-ын жингийн тэмцээн болох бөгөөд манай улсаас ОУХМ А.Бум-Аюуш өрсөлдөх юм.

Эрэгтэйчүүдийн 56 кг-ын жингийн тэмцээн бямба гаригт болж, нийт 33 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ О.Чагнаадорж нийлбэр дүнгээр 235 кг-ыг (105+130) 25-р байрт орлоо.

Эрэгтэй:

56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж (25-р байр)

62 кг: ОУХМ  Э.Мөнхдөл

69 кг: Спортын дэд мастер Х.Очирхүү, спортын мастер Б.Оргилсайхан

77 кг: Спортын мастер М.Гантулга, спортын мастер Ч.Очирхуяг

Эмэгтэй:

52 кг: ОУХМ Г.Баасанжаргал (C хэсэгт 8-р байр, 18 настай), ОУХМ О.Баярцэцэг (С хэсэгт 11-р байр)

58 кг: ОУХМ А.Бум-Аюуш

63 кг: ОУХМ Г.Анужин

69 кг: ОУХМ М.Анхцэцэг

75 кг: ОУХМ Б.Энхтамир, ОУХМ Э.Билэгсайхан   

Энэ удаагийн ДАШТ-д эрэгтэйчүүдээс жиндээ эхний 29-д, эмэгтэйчүүдэд эхний 25-д орсон тохиолдолд олимпийн эрхийн оноо өгөх бөгөөд энэ дүн тэмцээний сүүлийн өдөр гарах юм. Манай эмэгтэй тамирчид өнгөрсөн жилийн ДАШТ-д олимпийн эрхийн “В” нормативыг биелүүлсэн билээ.
 

НЭМЭЛТ:

Эрэгтэй 56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж 235 кг (105+130) 25-р байр. /Нийт 33 тамирчин/

Эрэгтэй 62 кг: ОУХМ Э.Мөнхдөл 258 кг (116+142) 41-р байр /Нийт 47 тамирчин/

Эмэгтэй 53 кг: ОУХМ Г.Баасанжаргал 157 кг (73+84) 32-р байр /Нийт 39 тамирчин/

                           ОУХМ О.Баярцэцэг 153 кг (68+85) 35-р байр

Тэмцээний дүнг: www.iwf.net/results

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна