ЭМГЭНЭЛ: Лунтангийн Болормаа

2015 оны 11 сарын 23

Монголын сэтгүүлзүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, сэтгүүлч, хэвлэлийн шилдэг менежер Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-нд зуурдаар таалал төгсч бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Л.Болормаа нь МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгсөн, Германы Олон улсын сэтгүүлзүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд мэргэжил дээшлүүлж улмаар Washington Post, Grand Forks Herald зэрэг сонины редакцид туршлага судалсан юм.

Тэрээр 1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлжээ. Л.Болормаа 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгч, 2008 оноос эдийн засаг, уул уурхайн The Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажиллаж байлаа.

“Өнөөдөр” сониныг удирдаж байхдаа Монголын сэтгүүлзүйд үндэсний өдөр тутмын сонины сонгодог хэв загварыг анхлан нутагшуулах, орчин цагийн сэтгүүлзүйн бичлэгийн өнгө төрх, ур чадварыг төлөвшүүлэхэд билиг ухаан, хүч бололцоогоо дайчлан ажилласан билээ.

Тэрээр амьдралынхаа сүүлийн найман жил ардчилсан, чөлөөт, хараат бус, бие даасан сэтгүүлзүйн мэргэшсэн редакцийг бий болгож төлөвшүүлсэн нь Монгол улсын хөгжлийн хамгийн гол салбар болсон уул уурхай, баялагийн сэдвээр англи, монгол хэлээр бүтээлээ түгээж буй “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олон юм.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллагыг үүсгэж төлөвшүүлэх Media council Mongolia клубийн үйл ажиллагаанд оролцон санал, зөвлөмжөө өгч үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ.

Монголын шинэ сэтгүүлзүйд тохиолдож байсан сорилт, туршлага, хэвлэлийн шинэ менежментээс эхлээд эдийн засаг, боловсрол, уул уурхай, нийгмийн хамгаалал гэх мэт хөгжлийн өргөн сэдвээр сурвалжилсан түүний далайцтай бүтээлүүд нь асуудал бэрхшээлийг хэрхэн шийдэж урагшлах гарцыг олон нийт, шийдвэр гаргагчдад нээж байлаа.

Баримт, үйл явдалд дүн шинжилгээ хийснээр баялаг бүтээгчдэд хэрэгцээтэй байгаа хөгжлийн төлөө ашигтай зөвөлгөө, мэдээллийг боловсруулж нийлүүлдэг орчин цагийн сэтгүүлзүйн шинэ чиглэлийг тэрээр түрүүлж хэрэгжүүлж байв. 

Л.Болормаа нь Монгол улсын хөгжлийн тэргүүлэх салбар болох эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшсэн сэтгүүлчдийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ-ыг ажиллуулдаг байлаа.

Түүний баримтыг эрэлхийлж нягтлан шинжилсэн, баталж нотолсон нийтлэл, сурвалжлага, ном бүтээл нь Монголын шинэ цагийн сэтгүүлзүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй хойч үе болсон залуу сэтгүүлчдэд үлгэр дуурайл болохуйц сонгодог гарын авлага болж үлдэх болно. 

Л.Болормаагийн Монголын сэтгүүлзүйн хөгжил дэвшлийн төлөөх гэгээн үйлсийг мэргэжлийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, хамтран зүтгэгч анд нөхөд бид үргэлжлүүлэн залгамжлах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд, хамт олон болон Монголын сэтгүүлзүйн салбарын нийт хамтран зүтгэгч, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Media council Mongolia клуб,
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл,
Монголын Хэвлэлийн Хүрээлэн,
Глоб Интернэшнл ТББ,
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл,
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо,
Монголын үндэсний пресс клуб,
Монгол телевиз,
Монгол Контент ХХК (www.gogo.mn),
Бенекрафт ХХК (www.ikon.mn),
News Agency (www.news.mn).

Улаанбаатар хот. 2015.11.22

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна